Тосон хот
Хөлөнбуйр нь нэг дүүрэг, таван тойргийн зэрэглэлтэй хот, дөрвөн хошуу, гурван өөртөө засах хошуунаас бүрддэг. Хөлөнбуйрын төв цэг болох Хайлаар хот үйлдвэрлэл үйлчилгээ, мал аж ахуй, газар тариалан гээд бүхий л салбартаа шинэлэг технологи нэвтрүүлж, хөгжиж чадсан орчин үеийн томоохон хотуудын нэг. Энэ утгаараа БНХАУ-ын төрийн өмчит газрын тосны олборлолт, боловсруулах үйлдвэрүүд энэхүү “тосон хотод” үйл ажиллагаа явуулдаг юм билээ. БНХАУ-ын хувьд дэлхийн газрын тосны томоохон зах зээлийг барьдаг. Энэхүү нүсэр зах зээлийг төрийн бодлогоор зохицуулж, төрийн оролцоотой явуулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл газрын тосны салбарт нь хувийн хэвшлийнхэн дангаараа орно гэсэн ойлголт байхгүй. Бүхий л газрын тос олборлогч аж ахуйн нэгж нь төрийн өмчит. Тус улсын газрын тосны нөөцийг бүрдүүлдэг гол бүс нутаг нь Хайлаар, Дачин зэрэг хот аж. Тиймээс бид дэлхийн газрын тосны салбарт томоохон байр суурь эзэлдэг БНХАУ-ын газрын тосны “төв цэг” болсон дээрх хотуудын хөгжил цэцэглэлт, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Бидний энэ удаагийн аялал манай улсад шинээр хөгжиж байгаа газрын тосны салбар, түүний зах зээлтэй салшгүй холбоотой. Тэр дундаа манай улсад энэ шинэ салбар хөгжиж дэвшихэд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлж буй “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай уялдаатай гэдгийг онцлох нь зөв биз.
Хайлаар, Дачин хотыг үндсэндээ газрын тосон дээр баригдсан суурингууд гэхэд болно. Дачин хот нь гудамж, орон сууц, нийтийн эзэмшлийн талбай гээд бүхий л газартаа “Donke” буюу морин толгой суурилуулж, байнгын олборлолт явуулдаг гэсэн. Энэ бүс нутгаас олборлосон түүхий тосыг хоолойгоор татан нэгтгэж, Хайлаар хотоос нэлээд зайтай байрлах боловсруулах үйлдвэрт боловсруулдаг юм байна. Харин Дорнод аймгийн Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулж буй “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн төв оффис Хайлаар хотод байрладаг. Компанийн оффисыг гаднаас нь харахад л хэр том хөрөнгө оруулагч вэ гэдэг нь андашгүй. Хэдийгээр амралтын өдөр байсан ч “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн ерөнхийлөгч Гао Венбо болон компанийн бусад удирдлага биднийг хүлээн авч уулзаж, үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм.
“Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн толгой хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци (CNPC) аж. Тодруулбал CNPC-Гадаад дахь хайгуул, олборлолт хариуцсан компани-“Дачин ойл фийлд лимитед” компани-“Петро чайна дачин тамсаг” ХХК гэсэн тогтолцоотой үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Тус компани 2005 оноос хойш манай улсад үйл ажиллагаа явуулж байна. 2005 оны наймдугаар сард АНУ-ын “Соко Тамсаг” ХХК-ийн хайгуул хийж байсан Дорнод аймгийн Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII талбайн хайгуул, олборлолтын эрхийг шилжүүлэн авчээ.
Тамсагийн 19 дүгээр талбайн хайгуулын хугацаа өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-нд дууcч, Монгол Улсын нөөцийн зөвлөлөөр 179 сая тоннын нөөцтэй хэмээн батлуулснаар олборлолтын үйл ажиллагаандаа шилжжээ. Энэ хайгуулын талбайн олборлолтын үйл ажиллагаа явуулах гэрээг 20 жилээр байгуулсан гэнэ. Ингэхээр энэ гэрээ хамгийн сүүлд буюу 2030 оны нэгдүгээр сарын 30-нд дуусах юм байна. Ашиглаж болох нөөц нь 20.17 сая тонн ажээ. 21 дүгээр талбайн хайгуулын хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 30-нд дуусна. Одоогоор эдийн засгийн үр өгөөжтэй нөөц илрүүлж, олборлолтын шатанд шилжих бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж эхэлжээ. Нөөцийн тайлангаа энэ оны 10 дугаар сарын 10-нд Газрын тосны газрын зөвлөлөөр батлуулсан. Харин 22 дугаар талбайд үр өгөөжтэй нөөц илрээгүй учраас бүс нутгаар газар тариалан хөгжүүлэх тухай Засгийн газрын бодлогод тулгуурлан талбайн хайгуулын ажлыг бүрмөсөн зогсоож, Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтын дагуу буцаах хүсэлтээ тавьжээ. Тамсагийн XXI, XXII талбай нь биологийн хувьд Хайлаарын сав газартай нэг блокт байрладаг гэнэ. Тус компани 2005-2010 онд Тамсагийн орд газраас нийт 4.643 сая баррель /624 мянган тн/ түүхий тос олборложээ. Энэ оны есдүгээр сарын байдлаар 1.336 сая баррель /178 мянган тн/ тос олборлоод байгаа бөгөөд энэ онд нийт 2.02 сая баррель /270 мянган тн/ түүхий тос олборлохоор төлөвлөсөн байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудал хурцаар тавигдаж, нууцын зэрэглэлд үйл ажиллагаа явуулж байна гэх шүүмжлэлд өртөх болсон. Харин “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн ерөнхийлөгч Гао Венбо Засгийн газрын “Соко Тамсаг” ХХК-тай хийсэн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ хэлсэн. Тэрбээр “Бид Бүтээгдэхүүн хуваах гэрээг олон нийтэд ил болгоход татгалзах зүйлгүй. Гэхдээ ийм гэрээг Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлгүй манай тал дур мэдэн дэлгэх боломжгүй” гэсэн юм.
Түүний хувьд Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулмаар зүйл ажиглагддаг гэдгээ ч нуугаагүй. Гэсэн ч манай талын холбогдох газрууд Газрын тосны тухай хуулийг төдийлөн ойшоодоггүй гэнэ. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд тухайн улсын Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах гэсэн санал өөрийнх нь талд ашигтай байж болох. Гэвч БНХАУ-ын газрын тосны салбар дэлхийд бат зогссон, олон жилийн туршлагатай. Энэ ч утгаараа хөрөнгө оруулагчдын хууль эрх зүйн орчны талаар асар өндөр мэдлэг, мэдээлэлтэй гэхэд болно. Иймээс манайхны хувьд ийм туршлагатай улсын хууль, эрх зүйн орчинг нарийн судалж, зальжин аргаар санаачилгатай хандаж өөрийн талд ашигтай хууль бүтээх явдал гэдгийг манай мэргэжилтнүүд хэлдэг юм билээ. Одоогийн хэрэглэгдэж байгаа Газрын тосны тухай хууль, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт, засвар оруулахгүй бол энэ салбар дөнгөж үүсч байхад батлагдсан хууль хэтэрхий түүхий гэдэг нь ойлгомжтой.
“Петро чайна дачин тамсаг” ХХК-д мөрдөгдөж байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээг гэхэд л АНУ-ын “Соко Тамсаг” ХХК-д зориулж хийсэн байдаг. Манай талаас энэ гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал, сэдэл гаргалгүй явсаар өнөөдөртэй золгосон. Мэдээж гадны хөрөнгө оруулагчид л таатай гэрээ учраас хөрөнгө оруулагчид гэрээнд өөрчлөлт оруулах гэж хүчлэхгүй байгаа ч юм бил үү. Иймээс өөрсдөө санаачилга гаргаж, хөдлөх цаг болсныг газрын тосны зах зээл бидэнд хэлээд байх шиг. Ингэж гэмээ нь хөрөнгө оруулагчдыг татах таатай нөхцөл бүрдэж, тэр хэрээр манай газрын тосны салбар улс орны эдийн засагт үр өгөөжөө өгнө гэлцэх болж.
Өнөөдөр Дорнод аймаг манай газрын тосны арвин их нөөц, баялагтай л гэж байна. Гэтэл Дорнод аймгийн Матад сум шиг гэрэл цахилгаангүй, амьжиргааны түвшин доогуур сум ховорхон байна. Аймгийн төв нь ч ялгаагүй. Уг нь Монголын газрын тосны арвин нөөцийг агуулсан бүс нутаг шүү дээ. Тэгэхээр Дорнод аймгийг Хөлөнбуйртай, Матад сумыг, Хайлаар, Дачинтай харьцуулаад үзье. Хоёулаа захын аймаг, захын сум. Хоёулаа улс орныхоо газрын тосны нөөцийн сангийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Биологийн зүй тогтлын хувьд ч хоёулаа адилхан гэдгийг дээр өгүүлсэн. Харамсалтай нь орон нутгийн хөгжил, газрын хэвлийн баялаг ашиглалт, иргэдийнх нь аж амьдрал тэнгэр газар шиг ялгаатай юм билээ. Мэдээж энэ нь Монгол Улсын хөгжлийг БНХАУ-ын хөгжилтэй харьцуулж байна гэсэн үг биш. Тиймээс зөв хуультай, хуулийнхаа хэрэгжилт, хамгийн гол нь энэ салбарт хандуулж буй төрийн бодлогод гол зангилаа нь бий гэдгийг газрын тосны салбарт олон жил чанагдсан мэргэжилтнүүд нь онцолж байсан.
Нөгөөтэйгүүр “Петро чайна дачин тамсаг” ХХК Хайлаар, Дачин хотуудад хийсэн шиг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг Тамсагийн сав газарт хийсэн үү гэвэл бас үгүй. Үнэндээ бусдын нутгийн хөгжлийн амтыг өөрийн оронтойгоо харьцуулан харж явахад хэн хүнд бодогддог цагаан атаархал төрснийг нуух юун. Яагаад Хайлаар, Дачин хот ийм сайхан нүд дүүрэн хөгжилтэй байхад адилхан газрын тосны баялагтай Дорнод аймаг, Матад сумынхан хөгжлөөрөө уралдах нь бүү хэл гэрэл цахилгааны гачигдалтай сууж байдаг юм гэж.
“Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагууд үйл ажиллагааныхаа танилцуулга хийх үеэр нэгэн сонирхолтой мэдээлэл өгсөн. Тус компани 2005-2011 оны хооронд Тамсагийн төсөлд нийт 1.324 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, төрийн байгууллага, эмнэлэг, сургууль, дүүрэг, хороо болон малчид, уламжлалт баярт зориулаад нийт 1.9 сая гаруй ам.долларын хандив тусламж үзүүлсэн гэнэ. Мөн өнгөрсөн хугацаанд Тамсагийн орд газрын туршилтын олборлолтоос Монгол Улсад 75.24 сая ам.долларын өртөгт тосны орлого оруулжээ. Тухайлбал 2010 онд Засгийн газарт 27 сая гаруй ам.долларын орлого оруулсан бол энэ жил ажил нь саадгүй явбал 47 сая ам. долларын орлого оруулахаар тооцоолоод байгаа юм гэнэ. Мэдээж үүн шиг сая сая доллараар нь хандив, тусламж үзүүлж, орлого оруулсан гэхэд итгэх хүн ховор. Яагаад гэдгийг нь Дорнод аймгийн Матад сумын өнөөгийн аж байдал хэлээд өгнө. Эсвэл сая сая доллараар нь оруулсан орлого, хандив тусламжийг нь Засгийн газар, сум орон нутгийн удирдлагууд нууж, дарчихаад өөрсдөө авчихдаг юм уу ч гэж бодогдмоор. Манай багийнхан ч энэ эргэлзээгээ “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагуудад хэлээд авсан. Тэд дээрх орлого, хөрөнгө оруулалт, хандив тусламж өгснөө баталж болно гэсэн л дээ. Харин бидний зүгээс батлахдаа гол биш өгсөн хандив тусламжийнхаа араас хяналт тавьж, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бодитой ажил хийх нь дээр юм биш үү гэдэг бодлоо хуваалцсан юм. Дорнод аймагт эмнэлэг, цэцэрлэг, сургууль гээд дутагдал, гачигдалтай зүйл нэлээд бий. Тиймээс үүнд бодитой хөрөнгө оруулахад болохгүй гэх газаргүй. “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагууд ч эмнэлэг, сургууль барьж босгох бодолтой байгаагаа уламжилж байв. Харин Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Авто тээврийн газрыг хооронд нь уралцуулж, хэдэн сарын турш дуулиан шуугиан дэгдээсэн боомтын авто замын асуудлыг 2013 он гэхэд бүрэн шийднэ гэдгээ хэлж байлаа.
Ингээд манай сурвалжлах хэсэг “Талын сувд” буюу Хайлаар хотын хөгжил дэвшлийн гарц болсон газрын тосны боловсруулах үйлдвэртэй танилцахаар хөдөлсөн юм.
URL: