Ерөнхийлөгчийн санаачлан, боловсруулсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг тун удахгүй УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Батзаяагаас тодрууллаа.
-Саяхан Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төсөлтэй андуурагдаад байгаа бололтой?
-Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл бэлэн болсон. Ойрын үед УИХ-д өргөн барина. Харамсалтай нь зарим хүн Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлтэй андуураад байгаа юм. Уг нь зүйл заалтаасаа эхлээд ялгаатай шүү дээ. Засгийн газар төслөө өргөн барьсны дараа бид харж, танилцсан.
-Тухайлбал юугаараа ялгаатай гэж?
-Зөвхөн хуулин дээрээ төвлөрөөд сэтгүүлчдээр “Иргэний танхим”-д гурван ч удаа нээлттэй хэлэлцүүлсэн. Энэ хуультай холбоотойгоор тухайлбал “…хүний нэр төр гүтгэх…” гэдэг нь аль хуулинд байх вэ. Эрүүгийн гэмт хэрэг мөн үү, биш үү. Бүр хасах ёстой юу гэх зэргээр хэлэлцсэний эцэст боловсруулсан. Ингээд харьцуулаад харвал олон ялгаа бий. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхны саналыг илүүтэйгээр тусгасан.
-Тэгвэл яагаад хүмүүс Засгийн газрынхтай андуурлаа гээд байгаа юм бэ?
-Харьцуулж хараагүй болохоор андуураад байгаа юм болов уу. Ерөнхийлөгч санаачилж байсан хуулийн төсөлдөө сэтгүүлчдийн саналыг авсан. Тэгснээ түүнийгээ хасаад, Засгийн газартай нийлүүлээд УИХ-д өргөн барьчихлаа гэж ойлгоод байх шиг байна.
-Хоёр төслийг харьцуулж харах нь чухал гэж хэлэх гээд байна уу?
-Тийм ээ. Засгийн газрын өргөн барьсан болон манай хуулийн төсөлтэй чөлөөтэй танилцаж болно шүү дээ.
-Ерөнхийлөгч санаачилсан хуулиндаа эрх мэдэл авч үлдэх нь гээд байгаа?
-Нөгөө л андуурч ойлгосноос үүдсэн хэрэг. Засгийн газрын өргөн барьсан төслийн дөрөвдүгээр бүлэг, хэвлэл мэдээллийн зөвлөл гэсэн хэсэг бий. Энэ бүлгийн 12.8-д “Зөвлөлийн бүрэлдэхүүнд орох хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, үүсгэн байгуулагчдыг төлөөлсөн гурав, сэтгүүлч нарыг төлөөлсөн таван гишүүнд сэтгүүлчийн эрх ашиг, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, иргэдийг төлөөлсөн гурван гишүүнд хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тус тус нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгоно” гэж бий. Үүнээс үзэхэд тухайн санал болгосон хүнийг нь Ерөнхийлөгч томилохоор байгаа юм. Тиймээс өөрөө хууль санаачилчихаад өөртөө эрх мэдэлтэй байхаар тусгалаа гээд байгаа болов уу. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн “Дөрөвдүгээр бүлгийн 15.1-т Хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг хангах, түүний үйл ажиллагаатай холбогдсон өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, зохицуулах чиг үүрэг бүхий Хэвлэл мэдээллийн зохицуулах зөвлөл байна. 15.2-т Зөвлөл нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, сэтгүүлч, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд, олон нийтийн төлөөллөөс бүрдэнэ” гэж тусгасан.