Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 ширхэг мод тарилаа

zs_20170513041450

Монголчууд мод тарих үндэсний өдөртөө болсноос хойш 8 жил өнгөрч буй. Энэ хугацаанд манай улс 10 сая гаруй мод тарьсан гэсэн тоон баримт байдаг аж. Мод тарих үндэсний өдрийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, БОАЖЯ, НИТХ, НЗДТГ-ын ажилтан албан хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Энэхүү өдийн арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон төр, хувийн хэвшлийн ажилтан албан хаагч гээд 1000 гаруй иргэн оролцож мод тарьсан юм.

Энэ өдрийн үйл ажиллагааг УИХ-ын дарга нээж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ мод тариад орхих бус түүнийгээ асарч тордон цааш ургуулах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх тал дээр хаа хаана анхаарч ажиллах нь чухал гэдгийг онцлон тодотгож байлаа.

М.Энхболд: Тарьсан модоо ургуулахын төлөө анхаарах ёстой

УИХ-ын дарга М.Энхболд “Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу Монголчууд өөрсдийн амьдарч буй орчин, ойр тойрондоо мод тарьж, буян үйлддэг сайхан өдөр. Бид мод тарьснаар өөрийн амьдарч байгаа орчны нөхцөл байдлыг сайжруулаад зогсохгүй, байгаль дэлхийдээ буян хийж, ногоон байгууламжийн тоо хэмжээг нэмэгдүүлж байдаг. Өнөөдөр бид цуглаад мод тарих нь нэг хэрэг. Тарьсан модоо хэрхэн ургаж байна вэ гэдгийг анхаарах нь хамгийн чухал асуудал. Сүүлийн жилүүдэд тарьсан 10 сая модноос өнөөдөр хэд нь ургасан бэ гэдэг асуултад хариулж чадахгүй байгаа. Нэг нүхэнд нэг мод тарьж, түүнийгээ ургуулах төлөө анхаарах ёстой. Миний бие 2004 онд хотын Захирагчаар ажиллаж байхдаа иргэд өөрийнхөө хашаа, ойр орчимдоо мод тарьж тухайн хорооны засаг захиргаанд бүртгүүлээд хоёр жил ургуулсан тохиолдолд нийслэлийн төсвөөс тухайн иргэдийг урамшуулж, төлбөр өгөхзахирамж гаргаж байсан. Хоёр жил ургасан мод хөрсөндөө дасаж зохицоод цаашаа асуудалгүйгээр ургаж чаддаг. Энэ мэтээр тарьсан модныхоо цаашид ургах нөхцлийг бүрдүүлэх тал дээр анхаарал тавиасай гэж хүсч байна” хэмээлээ.

Ц.Сандуй: Бүх дүүрэгт цэцэрлэг хүрээлэн байгуулна

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн шинэ удирдлагууд ирэх 4 жилд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Мөн дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Ингэснээр иргэд өөрсдийнхөө ойр орчимд мод тарих боломжтой болж, өөрсдийнхөө амьдрах, аялж зугаалах орчинг бүрдүүлэх боломжтой болно. Ногоон байгууламж бий болгоход төр захиргааны байгууллагаас гадна иргэдийн оролцоо маш чухал юм. Иргэд маань бидэнтэй хамтран ажиллаж, хотоо ногоон болгох зорилгод нэгдэхийг уриалж байна” хэмээн ярилаа.

С.Батболд: Ногоон хот болоход иргэн бүрийн зүтгэл чухал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ногоон байгууламжийн хэмжээгээрээ Улаанбаатар хот олон улсын стандартыг хангаж чадахгүй байгаа. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад ногоон байгууламж, мод тарих явдал маш чухал. Нийслэлийн иргэд орчноо сайхан болгож, ногоон байгууламжийг бий болгоход хамтран ажиллаж гэр бүл, албан байгууллагаараа ирж мод тарьж байгаад баяртай байна.

Энэ жил хотын тохижилтод зориулж багагүй хөрөнгө зарцуулж байгаа. Бид нэг настай цэцэг тарихаасаа илүүтэйгээр олон жилийн настай ногоон мод тарих чиглэлрүү ажиллаж байгаа. Бид аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж тарьсан модоо арчилгаа, тордлого хийлгүүлж богино хугацаанд ногоон хотыг бий болгож чадна гэж үзэж байгаа. Мөн төмөр хашаа, хайсны оронд ногоон хашлага барина. Өнөөдрийн бүх нийтийн хөдөлгөөн улам өргөжиж нийслэл маань ногоон хот болох болтугай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээв.

Мод тарих үндэсний өдөрт оролцсон нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид улиас, хайлаас, чацаргана, бургас гэсэн дөрвөн төрлийн 2000 ширхэг мод сөөгийг 4 га талбайд тарилаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих