Мүүн Жэ Инийн анхны мэдэгдэл: Би Хөх ордонд суухгүй
Бүгд Найрамдах Солонгос улсын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Инийн анхны мэдэгдэл нь өмнөх ерөнхийлөгчдийн уламжлалыг эвдсэн зүйл боллоо. Тэрээр тангараг өргөмөгцөө “хөх ордонд суухгүй” гэж мэдэгдсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш БНСУ-ын ерөнхийлөгчид хөх ордонд сууж байсан. Гэвч Мүүн Же Ин энэ уламжлалыг халах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Одоогоор тэрээр хөх ордонд байршиж байгаа ч тун удахгүй нүүж, Гванхвамуны талбай дахь оффистоо очно гэж мэдэгдсэн байна. Тэрээр энэ талбайд Пак Гын Хэг эсэргүүцэх жагсаалд оролцож байсан юм. Мөн энэ талбай нь олны хөлийн газар. Тиймээс энд байрласнаар иргэдтэйгээ илүү ойртох болно. Би ард түмэнтэйгээ дуртай үедээ харилцаж чаддаг ерөнхийлөгч болно гэжээ.
Гэхдээ хөх ордныг бүр мөсөн орхихгүй. Энд зарим хурал чуулган болдгоороо болно. Жишээ нь нууц өрөөнүүдэд үндэсний аюулгүй байдлын асуудлаар хуралдаж, нисдэг тэрэгний тавцанг шаардлагатай үед гадны зочдыг хүлээн авах байдлаар ашиглаж, ёслолын танхимд арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Мөн хөх ордны зарим хэсгийг музей болгож, олон нийтэд нээлттэй үзүүлдэг болгож, жуулчдыг татах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.
URL: