М.Энхсайханыг Жамух гэсэн ч ахадна

“Улс төрд мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн сонирхол гэж байдаг” гэдэг үг Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын өнөөгийн улс төрийн үйл ажиллагаа, хийж байгаа үйлдлүүдтэй хаашаа ч үгүй зохицож байна. Хэдийгээр гудамжинд улс төр хийж байгаа ч “мөнхийн сонирхол” тэднийг салж хагцахааргүй наачихлаа. Нэгэн үе бие биенийгээ нэг нүдээрээ ч хардаггүй шахам байсан энэ хоёр эрхэм өнөөдөр өөрөө өөрсдийгөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаараа дуудалцаад хошуу холбож байх нь хэр зэрэг үнэнд ойрхон байдаг юм бол.

Цаашлаад ард түмний итгэл найдварыг төрүүлж чадах юм болов уу гээд эргэлзээтэй асуудлууд цуварсаар. Хүн эргэж хувирна гэхэд арай ч хэтэрхий эргэж хувирч байгааг М.Энхсайханаас л харж байна. Хүнд урвах шарвах үе байж болно гэж зөвтгөх гээд ч болдоггүй. Ямар сайндаа Баабар түүнийг Жамух хэмээн нэрлэж байхав дээ. Жамух ч бас гайгүй ээ, өөрийгөө хүндлээд өөрөө гуйж байж хороолгосон хүн. Тэгэхээр М.Энхсайханыг Жамух гэсэн нь ч ахдаж байна шүү. Тэр өөрийгөө ч бодох сэхээ алга.

Уг нь М.Энхсайхан Ардчилсан намын хуруу дарам цөөн лидер улстөрчдийн тоонд нэгэнтээ багтаж, МАХН-ын эсрэг хэлэхээ ч хэлчихдэг хийхээ ч хийчихдэг байсан хүмүүсийн нэг. Тэр ч бүү хэл манай хашир судлаачид, улстөрчид түүнийг гайгүй сайн улстөрч хэмээн тодорхойлж байв. Энэ ч утгаараа түүний толгойлж байсан Засгийн газрыг Н.Энхбаяр санамсаргүй мэт харагдахуйцаар санаатай унагаж байсан гашуун түүх бий. 1997 онд болсон энэ явдлаас болж улс төр дэх далд тулаан энэ хоёрын хооронд эхэлсэн ч ийм амархан галаа зогсоочих юм чинээ хэн санах билээ. Нэгэн цагт М.Энхсайханы ганц дайсан нь Н.Энхбаяр хийгээд МАХН байлаа. Одоо л бол салж хагацашгүй “амрагууд” болжээ. Тэгвэл энэ хоёр хүн яг тэр цаг мөчийг мартчихаад өнөөдөр тэврэлдэж байна гэвэл бас л үгүй юм. Тэд чанагдсан тогоо руугаа нулимж чаддаг, өнгөрсөн үеийн алдаагаа өөр бусад руугаа чихэж чаддаг, эрх мэдэл хөрөнгө мөнгөний төлөө дайсантайгаа ч хамаагүй нэгдэж, гудамжинд гарч чаддаг гээд олон адил тал байдгийг энэ цагт бүрэлдээд байгааг тэдний эвсэл харууллаа.

М.Энхсайханы тухайд олон удаагийн лекц илтгэлдээ өмнө нь өөрийнхөө ярьж байснаас 360 градус эргэсэн зүйл ярьж, сүлд улс, ардчилангуйлал гэдэг үгийг ихэд хэрэглэх болжээ. Ардчилангуйлал гээд ярих юм тэр нь өөрийнх нь үеэс бүрэлдэн тогтсон байх учиртай. Түүнийг ингэж өөрийнхөө гишгэсэн мөрийг өөрөө балруулдаж, ярьж байснаа үгүйсгэж байгаад нь нэг үе мөр зэрэгцэж явсан намынх нь журамт нөхдүүд нь гайхах гэхээсээ илүү харамсдаг юм билээ. “М.Энхсайханыгаа бид мэднэ ээ. Тэр хүн хэзээ ч өөрийнхөө эрх ашиг сонирхлын төлөө ийм зүйл хийхгүй. Н.Энхбаярын хувьд байнга хувийн тоглолт хийдэг. М.Энхсайхан харин яагаад Н.Энхбаяртай нэгдээд хаалга савж, бөгсөө хаяж гүйгээд байгаа юм бол” хэмээн нэгэн нөхөр нь хэвлэлд яриа өгсөн байх жишээний. Гэсэн ч М.Энхсайхан гэгч хүн аль хэдийнээ хаалгаа саваад, харин бүр үзэл бодол тэс өөр хүнтэйгээ хүзүү сээрээрээ тэврэлдэн Монголд хэзээ ч ардчилал гэж байгаагүй. Түүхэндээ эвсэл гэж л байсан гэсэн хударгагүй, төрийн ноён нуруу болж явсан хүний зангараггүй занг гаргаж ярих нь “Антны дэргэдэх гууль шарлана” гээч нь болсон юм болов уу.

Эрх мэдэл, эд хөрөнгө, зөөлөн суудлын төлөө дайсантайгаа эвлэлдэж, Н.Энхбаярын хөшүүрэг болж, хэлсэн үгэнд нь алга ташилтаар урам хайрлаж, өмнө нь сөргөлдөж байсан бол одоо “Ерөнхийлөгч өө” хэмээн хүндэлж яваа М.Энхсайхан одоо арай Экс Ерөнхийлөгч Ц.Нямдорж руу эхэлж дайрсан шиг намынхаа журамт нөхдөөс нэгийг нь онилчихсон явж байгаа юм биш гэсэн хар ч төрж байна. Учир нь тэрбээр Н.Энхбаярын хэлсэн үг, гаргасан мэдэгдэлтэй санал нэгтэй. Н.Энхбаяр хэлсэн хатуу үгээр Монголын төр “бохирдсон”. Тэр “бохирдол”-ын хамгийн дээд ноён оргилыг Ерөнхийлөгч Н.Энхбаяр маш зоригтойгоор хэлээд өгчихлөө гэсэн байсан нь “өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө” гэдэг үгийг санагдуулна. Энэ хоёр эрхэм нэгэн цагт улс төрийн хоёр их хүчинг зэрэгцэн удирдаж нэг нэгнээ “хужаа”, “авлигын загалмайлсан эцэг” зэрэг нэрээр дуудан, шударга царайлж явсан. Харин өнөөдөр “Монгол Улсыг авилгаас ангижруулна” хэмээн зуузай холбож яваа нь өөрсдийнх нь хэлээд байгаа шударга ёс, эрүүл улс төр гэж ярих нь Монгол төрийн ноён нурууг уландаа гишгэж байх шиг ээ.


URL:

Сэтгэгдэл бичих