Ц.Нямдоржийн хүү “MCS”-т, Н.Энхбаярын хамсаатан гадаадад…
Н.Энхбаяр Ц.Нямдорж нарын зодоон ойрд намжмал байдалтай байна. Гэхдээ олон түмний нүднээс далд ямар тэмцэл өрнөж байгаа, аль шатандаа явааг мэдэх бололцоо хомс байгаа юм. Хэн хэнийх нь хувьд гаргаж тавих хөзөр бишгүй бий ч гаргаж тавихгүй байгаа нь аазгай хүргэнэ. Тухайлбал Ц.Нямдоржийн түрээсээр суудаг гэх тансаг байрны учир начрыг тодорхой болгож болгох мэдээ буй нь түүний бага хүү саяхан “MCS” группт ажилд орсон гэнэ. Ц.Нямдоржийн суудаг Зайсангийн “Bella Vista” хотхон бол чухам энэ компанийн өмч. Насаараа төрийн албан хаагчийн цалин авсан Ц.Нямдоржийн гэргий Ж. Долгормаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хэлтсийн дарга хийдэг бол том хүү Н.Анхбаяр нь ГХЯ-ны Гэрээ эрх зүйн газрын дэд даргаар ажилладаг, өөрөөр хэлбэл тэднийхэн бүгд шахуу төсвийн цалинтай улс. Харин бага хүү нь хувийн компанид ажилд орсон нь энэ байдлыг өөрчилж буй ч сарын 4.5 сая төгрөгийн түрээстэй, худалдах үнээрээ бол саяар яригдах долларын ханштай байрыг юу юугүй авчихаар цалин хүртдэг нь юу л бол. Ингээд бодохоор Ц.Нямдоржийн байрны үнэн учир, нарийн ширийнийг хүүгийнх нь шинэ ажилтай холбож мөшгөвөл юм гарч тун мэдэх юм. Н.Энхбаяр үүнийг мэдэхгүй байх учиргүй, харин хэзээ юу гэж дуугарах нь л сонин.
Ц.Нямдоржийн илчилсэн Н.Энхбаярын хуудуутай холбоотой зарим зүйл эхнээсээ сонсогдож л байна. Улаанбаатар хотын өмч “Өргөө” зочид буудлыг экс ерөнхийлөгчийн мэдлийн “Хар дун” хэмээх компани хууль бусаар бүр хувьчлан авсан гэдэг. Тус компани Хуяг гэдэг хүний нэр дээр байдаг. Тэгвэл Хуяг нь Н.Энхбаярын нарийн бичгийн дарга байсан Тулгын ах гэж Ц.Нямдорж сайд хэлдэг. Тулга нь эдүгээ АНУ-д сурч байгаа аж. Томчуудын зодоонд нэр дурдагдаад байгаа түүний ах Хуяг нь “Шим” группын захирал Л.Цандэлэгтэй дөрөө нийлж явсан нэгэн гэнэ. Л.Цандэлэг аж ахуй эрхэлдэг хүний хувьд хэрхэн яаж орлогоо нууж татвараас зугатан хөрөнгөжих арга замыг нь зааж өгдөг урт гартнуудын нэг байсан гэнэ. Харин андууд дотоод зөрчлөөсөө болж хэдэн жилийн өмнө зам салсан гэдэг. Тэднийг анд байх үед Л.Цандэлэгийг цагдаагийн байгууллага баривчлан хорьж шалгах болоход түүнийг хоёр хүн дагаж УМБГ дээр ирж байжээ. Түүний нэг нь Хуяг, нөгөө нь улсын заан Ч.Батзориг (тэгэхэд цагдаагийн дэслэгч байсан) байж. Л.Цандэлэгийг хорих болоход нь гонжоомтой ирсэн түүнд Хуяг нь өмсч явсан хүрмээ тайлж өгсөн гэнэ. Улсын заан, цагдаагийн дэслэгч цолтой Ч.Батзоригийг Мөрдөн байцаах газрынхан “Та хаана байгаа хэн бэ гэдгээ мэдэж байгаа биз!” гэж сануулснаар эзнээ хамгаалах гэсэн зааны (”Шим” группын бөх) оролдлогыг таслан зогсоож байсан гэнэ. Хуяг, Л.Цандэлэг нарын харилцаа холбоонд сэв сууж зам салах тэр мөчид Хуяг гэнэт өгсөж барилдан Н.Энхбаяр дээр очиж наалдсан нь явсаар “Өргөө” зочид буудлыг хувьчлан авах хэмжээнд хүргэжээ. Гэхдээ Хуяг хэмээх энэ эрхэм эдүгээ гадаадад амьдарч байгаа. Эзэн холбогдогч нь хил гарчихсан эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлдэг. Тэгэхээр Н. Энхбаярыг хууль, цагдаагийн байгууллага ядаж л “Өргөө” зочид буудлыг хувьчилж авсан үйлдлээр нь одоогийн байдлаар шалгах боломжгүй болж байгаа бололтой юм.
URL: