Ц.Анандбазар тэргүүтэй “Сод монгол”-ынхон ингэж л даврахгүй шүү
“Сод монгол” компани Мэдээлэл технологийн үндэсний төвийн барилгын хойд жигүүрийг дур зоргоороо буулган барилгын ажил эхлүүлсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа.
Тус барилга нь төрийн өмч бөгөөд 2010 онд “Сод монгол” группийн охин компани болох “Дархан Өэлүн эх” компантай түрээсийн гэрээ байгуулжээ. Гэвч түрээслэгч тал нь сүүлийн гурван сарынхаа түрээсийг төлөөгүй бөгөөд хугацаа удсанаас гэрээнд заасны дагуу алданги тооцож эхэлсэн байна. Гэвч түрээслэгч тал болох “Дархан Өэлүн Эх” болон толгой компани болох “Сод монгол” группийнхэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, МТҮП-ын барилгыг нураан, өөрсдийнхөө үйл ажиллагаанд тохирох хэлбэрээр засвар хийж эхэлжээ. Ингээд Мэдээлэл Технологийн Үндэсний Парк нэхэмжлэх гаргаснаар энэ оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж 36 843 145 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмлэлийг хянан хэлэлцжээ. Уг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн төлөөлөгч Г.Батболд, нарийн бичгийн дарга Ө.Одсүрэн нар оролцжээ.
Нэхэмжлэгч тал энэхүү шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Дархан Өүлэн Эх ХХК Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн 1500 м кв талбайг 2010-07-01-нээс эхлэн түрээслэхээр гурвалсан гэрээ байгуулсан. Тэгтэл гэрээний 5.3 дахь заалтыг зөрчин 2010 оны 10, 11, 12 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй тул мэдэгдэл хүргүүлсэн ч шаардлагыг биелүүлээгүй тул гэрээ цуцалж, түрээсийн төлбөр 27 58 645 төгрөг, алданги 9 262 500 төгрөгийг нэхэмжилсэн. Сая үндсэн төлбөрийг төлсөн боловч манай тал гэрээг цуцлах хэвээр байгаа. Хариуцагч болох Дархан Өүлэн Эх ХХК Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүй, мөн зургаа зөвшөөрүүлээгүй хэрнээ уг барилгад засвар өөрчлөлт хийсэн. Иймд гэрээ цуцалж, алдангийг төлүүлж өгнө үү” гэжээ.
Харин хариуцагч тал гаргасан тайлбартаа: Барилгын үндсэн хийцэд өөрчлөлт хийгээгүй. Энэ талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй. Барилгын элэгдэж хорогдсоныг янзалсан. Энэ нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэж бодож байна. Түрээслүүлэгчийн зүгээс хийвэл зохих ажлууд гарч байсан. Төрийн өмчийн хороонд хандаж явсаар хугацаа алдсан. Сая түрээсийн үндсэн төлбөр болох 27 580 645 төгрөгийг төлсөн. Тиймээс уг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн байна. Шүүх түрээсийн гэрээ, төлбөрийн тооцоо, Төрийн өмчийн хороо болон нэхэмжлэгчид хандаж байсан хариуцагчийн албан бичгүүд зэргийг шинжлэн үзээд “Иргэний хуулийн 288-р зүйлийн 288.2.3, 318.1, 232-р зүйлийн 232.6-г баримтлан “Дархан Өэлүн Эх” ХХК-аас 4.631.250 төгрөгийг гаргуулж МТҮП-д олгож, нэхэмлэгчийн 4.631.250 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч 27.580.645 төгрөгийг төлснийг баталж, гэрээ цуцлагдсаныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 318470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 341626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.
Үргэлжлэл бий…
Х.Төгөлдөр
URL: