Шүүх гаалийн дарга нарын холбогдсон авлигын хэргийг хэрхэх вэ?
-Тус хэрэгт Замын-Үүдийн гаалийн Зөрчлийн албаны дарга асан Цэен, Гааль татварын ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын дарга Мөнхчулуун, Замын-Үүдийн Хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч Оюунчимэг, нарын 7-8 байцаагч холбогджээ. Түүнчлэн байцаагч нарт хахууль өгсөн, зуучилсан гэх хүмүүс тус хэрэгт холбогдсоны улмаас ийнхүү 36 эзэн холбогдогчтой болсон аж-
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-нд Замын-Үүд дэх гаалийн газарт гэнэтийн шалгалт хийж, хахууль авсан байцаагчдыг үйлдэл дээр нь илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Дээрх хэрэгт 36 хүн холбогдоод байгаа юм. Тэгвэл тэднийг шүүх хурал ирэх даваа гарагт буюу энэ сарын 15-нд Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр дэнслэгдэх гэж байна.
Ямартай ч тус хэрэгт Замын-Үүдийн гаалийн Зөрчлийн албаны дарга асан Цэен, Гааль татварын ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын дарга асан Мөнхчулуун, Замын-Үүдийн Хяналт шалгалтын ахлах байцаагч асан Оюунчимэг нарын 7-8 байцаагч холбогджээ.
Түүнчлэн байцаагч нарт хахууль өгсөн, зуучилсан гэх хүмүүс тус хэрэгт холбогдсоны улмаас ийнхүү 36 эзэн холбогдогчтой болсон аж. Өмнө нь хэвлэл мэдээллээр тус гаалийн 36 байцаагч авлигын хэрэгт холбогдсон хэмээн мэдээлж байсан.Тэгвэл тус хэрэг эзэн холбогдогчтойгоо нийлээд нийт 36 хүн болсон нь энэ аж . Ямартай ч дарга цэрэгтэйгээ нийлсэн энэхүү авлигын асуудал хэр удаан хугацаанд үргэлжилж улсын төсөвт орох ёстой мөнгөнөөс хэрийн хэмжээний мөнгийг тэд халааслав гэдэг нь сонин.
Хэрвээ АТГ-ын мөрдөгчид гэнэтийн шалгалт хийж уг хэргийг илрүүлээгүй бол асуудал цаашаа хөвөрсөөр байх байсан нь тодорхой. Тэд гэнэтийн шалгалт хийх болсон шалтгаан нь байцаагчдыг авлига авч байгаа тухай мэдээллийг өмнө нь авсан учраас зорчигч маягаар тус боомт руу нэвтэрч хэргийг илрүүлжээ.
Өөрөөр хэлбэл, авлигын хэрэгт холбогдоод буй байцаагчид гаалийн бүрдүүлэлт хийсэн авто машинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаа амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн авто машинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авч байсныг нь үйлдэл дээр нь илрүүлсэн гэсэн үг.
Угтаа бол дээрх байцаагчид хагас өдөрт улсын төсөвт орох ёстой байсан 50-100 сая төгрөгийг хувьдаа завшсан гэж ойлгож болно. Ямартай ч бүтэн жил гаруй хугацаанд шалгасан уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас тэднийг удаа дараа хээл хахууль авсан хэмээн Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тус зүйл ангид зааснаар
268 дугаар зүйл. Хээл хахууль авах
268.1. Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
268.2. Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх
269.1. Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269.2. Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээсэн байдаг байна.
Түүнчлэн мөрдөгчид дээрх хэрэг гарахаас өмнө хуурамч бүрдүүлэлт хийсэн гаалийн байцаагчдыг илрүүлж байсан. Тодруулбал, “Замын-Үүдийн ахлах байцаагч Н.Насанбат хуурамч бүрдүүлэлт хийж их хэмжээний барааг хилээр нэвтрүүлсэн” гэх мэдээлэл АТГ-т ирж байсан юм. Өөрөөр хэлбэл, урьд өдөр нь хууль бус ажиллагаа нь илэрч ажлаасаа халагдахад хүрсэн зарим байцаагч АТГ-т алтан хошуу өргөж хэргийг илчилсэн байдаг юм.
Энэхүү мэдээллийн дагуу АТГ-аас Ажлын хэсэг гарч Н.Насанбатын хуурамч бүрдүүлэлт хийсэн гэх ачаатай машиныг Чойрт явж байхад нь саатуулж шалгахад ахлах байцаагч Н.Насанбат түүний удирдлагад ажиллаж байсан Дөлгөөн, Насанжаргал, Ганзориг, Эрдэнэбаатар нарын байцаагч “Норд бенз” маркийн гурван ачаатай авто машины бараанд хуурамч бүрдүүлэлт хийсэн нь тогтоогдсон юм. Гаалийн бүрдүүлэлтийн баримт бичигт дээр машинуудад ачсан бараанд 30 тонн тавилга, 40 тонн чулуун хавтан гэж бичээд, түүнд ногдох хураамжийг авсан аж.
Ингээд хуурамч бүрдүүлэлт хийсний хөлсөнд тэд долоон сая гаруй төгрөг авлигад авсан гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан билээ. Гэнэтийн шалгалтад Замын-Үүдийн гаалийнхан бүдрэхийн дээдээр бүдэрч, авлига авсан нь үйлдэл дээрээ баригдаад зогсохгүй маш олон байцаагч уг хэрэгт татагдаж нэг дор 36 хүн ийнхүү шүүхийн танхимд буруу, зөвөө дэнслүүлэхээр болсон нь энэ юм.
Өдөртөө хэдэн зуун сая төгрөгийн ачаа бараа эргэлддэг тус боомтын гаалийн ажилтнууд ямар нэгэн аргаар хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг ямар нэгэн аргаар чөлөөлчихвөл түүнийхээ шагналд багагүй хэмжээний шан харамж авдаг нь нууц биш. Хэрэв ийм байдлаар “ашиг” олж чадаагүй тохиолдолд татварын хөнгөлөлт эдэлдэг аж ахуйн нэгж байгууллагынхныг дарамтлан тухайн байгууллагынхныг хясан боогдуулж мөнгө олох явдал гарч байсан.
Хэдийгээр үүнийг хууль хяналтынхан бага багаар засаж залруулж байгаа ч энэ мэт үйл явдал одоо ч байсаар байгааг иргэд олонтоо ярьдаг. Юутай ч Цэен, Мөнхчулуун нарын нэр бүхий дарга нар болон хэрэгт холбогдолтой хүмүүсийг хээл хахууль авах, өгөх гэсэн хоёр зүйл ангиар шүүх дэнслэх гэж байна. Тэгвэл хэрэгт холбогдсон 36 хүний хэнийх нь хэрэг хэрэгсэхгүй болох нь анхаарал татах асуудлын нэг.
Өөрөөр хэлбэл, АТГ-ын мөрдөгчид газар нь дээр зүсээ хувиргаж очоод авлига авч байхад нь дээрх хэргийг илрүүлсэн. Мэдээж энэ нь өөрөө юу юунаас илүү нотлох баримт төдийгүй нэр бүхий дарга нар болон байцаагчтай холбоотой олон зүйлийг хэрэг шалгаж байх явцдаа илрүүлж нотлох баримт болгон хэрэгт нь хавсаргасан гэдэг. Тиймээс л жил гаруйн хугацаанд мөрдөн шалгасан уг хэрэг шүүхийн танхимд очоод хахууль авсан дарга нар бус өгсөн хүмүүс нь ял авч албан тушаалтнуудынх нь хэрэг хэрэгсэхгүй болох вий гэсэн хардлага бийг нуух юун.
URL: