Дархлаагүй хариуцлагыг вакцинжуулья
Монголчууд бид түүхэн сонголтын өмнө ирээд байна. Ардчилсан зарчмаар ард түмэн нь УИХ, Ерөнхийлөгчөө сонгодог болсоор удсан бидний хувьд сонгууль бүр түүхэн сонгууль болж байдаг. Сонголт бүрийн цаана улс орны, ард түмний эрх ашиг явж байдаг учраас үргэлж хариуцлагатай, үргэлж ухаалаг сонголт хийх учиртай. Энэ сонголт Монголын ард түмэн, тусгаар тогтнолын дархлаа юм. Харин бид үүнийгээ ихээхэн учир начиртай, ухаалаг хандаж хийх хэрэгтэй байна.
Нэг хэсэг манайхан УИХ-ын сонгуулиар нэг нам нь олонхи болсон бол орон нутгийн сонгуулиар нөгөөхийг нь гаргадаг, эхлээд болдог парламентын сонгуулиар аль нэг хүчнийг дэмжсэн бол дараа жил нь болдог Ерөнхийлөгчийн сонгуулиар нөгөө намын нэр дэвшигчийг дэмждэг байв. Гэвч энэ нь хөгжлийг хойш татаж, нийгэмд талцал хуваагдал авчирдгаас хэлээд байдаг шиг нь хяналтын тогтолцоо болж байсан удаагүй юм. Харин үүнийг ард түмэн анзаарч мэддэг болсон нь сүүлийн сонгуулиудаас анзаарагдаж байна.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг эрх мэдэгчид гээд тэнцвэржүүлж нөгөө намаас хэн нэгнийг гаргасангүй. АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчдөө үргэлжлүүлэн ажиллах боломж олгосон. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонхи боллоо гээд орон нутгийн сонгуулиар АН-ынхныг гаргаад ирсэнгүй. МАН-д удирдсан шиг удирдаж, чиглүүлсэн шиг чиглүүл гэж эрх мэдлийг өгсөн. Энэ байдал өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч давтагдах магадлалтай байгаа юм. Яагаад гэвэл ажил гацвал Монгол хохирдгийг, үл ойлголцож, эрх мэдлийн тулааныг хийвэл ард түмэн шархалдгийг нэгэнтээ ойлгожээ. Хариуцлагагүй хүмүүст эрх мэдлийг өгөх ямар аюултай гэдгийг ч мэдэрсэн. Өмнөх Засгийн газрын хийсэн гэрээ таалагдахгүй байна гээд хөрөнгө оруулагчдаа шахаж, богинохон хугацааны үнийн хөөрөгдөлд итгэж өмнө хийснээсээ муу дүнтэй гэрээ хийж, таалагдахгүй байна гээд хөрөнгө оруулагчдаа хөөдгийг харсан. Хүсвэл цэцийн даргыг асуудалд унагаж ажлаас нь хөөж, сонгууль болохоос зургаан сар байтугай сарын дотор хуулиндаа гар хүрч болдог гэдгийг харуулсан.
Төр барьж байгаа хариуцлагаа мэдрэхгүй хүмүүст эрх мэдлийг атгуулах ямар аюултайг бүгд л харсан. Амжиж ажиллах бус амжуулж авах жижигхэн сэтгэлтэйг ч анзаарсан. Хариуцлагатай төрийн түшээд, хариуцлагатай улс төрийн намд ачааг нь үүрүүлэхгүй бол ард түмэн өөрсдөө юутай хээтэй нь үүрэхээс аргагүйд хүрдгийг мэдэрсэн. Өнгөрсөн жилүүдийн хариуцлагагүйн горыг элгээрээ хэвтсэн эдийн засагтайгаа ард түмэн үүрч явна. Ерөнхийлөгчийн сонгуульд нухацтай хандахгүй бол нэмж ачаа үүрэх эрсдэл бидэнд байна.
Одоо бидний хариуцлагын дархлаа нь шинэ Ерөнхийлөгч юм. Хариуцлагатай байлгах вакцин нь мөн шинээр тодрох Ерөнхийлөгч билээ. Тэгэхээр хариуцлагынхаа дархлааг вакцинжуулахын тулд бидний сонголт хариуцлагатай байх ёстой. Энэ вакцин биднийг эрүүл нийгэмд, хүнээ дээдэлсэн сайхан төр засагтай оронд амьдруулна. Улс төрийн өндөр албан тушаалд гарч ирж буй хэн боловч уужуу тайвнаар асуудалд ханддаг байх ёстой. Түүнээс өс хонзон өвөрлөж, хувийн ашиг сонирхлоор аливаад ханддаг бол дунд нь энгийн иргэд чирэгддэг. Ерөнхийлөгчийн албан тушаал бол шүүгчид, ерөнхий прокурорыг томилж, АТГ-ын даргыг санал болгож, Зэвсэгт хүчнийг ерөнхийлөн захирдаг албан тушаал. Хүчний байгууллагуудад асар нөлөөтэй эрх мэдлийг хэний гарт атгуулах нь бидний амар амгалан нийгмийн маань вакцин. Аливаад мафижсан сэтгэлгээгээр хандах бус төрийн хүний уужуу сэтгэлээр ханддаг хүн байхаас аргагүй албан тушаал. Хамгийн дархлаатай байх эрх мэдэл. Дархлаагүй явж ирсэн хариуцлагаа вакцинжуулж, сонголтоо зөв хийцгээе.
URL: