Н.ЭНХБАЯРЫН ӨРӨГ
МАНХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгуулийн өмнөх эхний нүүдлээ хийв. Энэ удаад тэрбээр хэн нэгэнтэй хамтарсангүй, ямар нэгэн байдлаар тохиролцсонгүй. Харин Сонгуулийн ерөнхий хороо, сонгогчдын хандлагыг тандахаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримт, материалаа намын нөхдийн хамтаар очиж гардуулав. Нэр дэвших болсон шалтгаанаа МАХН-ын дарга Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсантайгаа холбон учирлажээ.
Мөн тэр үед мэдлэг боловсрол, туршлага, эх орноо гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж байсан. Одоо тэр үед эхлүүлсэн ажлаа гүйцээх, сүүлийн үед бий болсон алдааг засах түүхэн үүрэг хариуцлага ногдож байна гэж үзэж байгаа учраас МАХН-аас намайг нэр дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч, энэ сонгуупьд МАН, АН-ын нэр дэвшигчидтэй шүдарга өрсөлдөж, ард түмнээрээ сонгогдох их аяныг эхлүүлнэ гэдгээ онцолжээ. Тийм ч байж болох. Гэхдээ энд нэг асуудал бас шалтгаан байна.
Асуудал нь МАХН-ын даргын хэлсэн үг биеллээ олж тэр үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН-ын нэр дэвшигчидтэй ана мана үзэлцэх үү гэдэг нь өнөөдөртөө эргэлзээтэй. Шалтгаан нь хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль дүрмийнхээ хүрээнд ч тийм боломж түүнд үгүй. Тэр өөрийгөө, МАХН-ынхан түүнийг ямар нэгэн ялтайд тооцох хугацаагүй энгийн нэгэн гэж тодорхойлдог болохоос биш хууль хяналтын байгууллагаас удаа дараа тогтоочихсон. Сүүлд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 78.3 дахь хэсэгт “Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно” гэж заасан байдаг. Харин МАХН-ын даргын гаргасан хүсэлтэд хавсаргасан материалд нотлох баримтын хүрээнд нотлогдох боломжгүй гэж үзэн түүнийг хугацаанаас өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Эндээс Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын даргыг бүртгэх магадлал нь тун бага, бараг байхгүй гэсэн үг. Учир нь, түүний ялтайд тооцох хугацаа дуусгавар болоогүй. Сонгуулийн төв байгууллагаас нэр дэвшигчдийн бүрдүүлсэн материалтай холбогдуулж хуулийн байгууллагаар авдаг тодорхойлолтоор энэ нь гараад ирнэ. Мөн нэр дэвшигчдийг бүртгэхдээ ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явсан эсэхийг нягталж шалгаад баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах дүрэмтэй. Үүгээр Н.Энхбаярт өнөөдөр, маргааш гэсэн хоёр хоногийн хугацаа үлдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооноос Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзвал түүний оронд нэр дэвших дараагийн хүнийг сонгох хэрэгтэй юм. Тэрхүү хуулийн хугацаагаар Н.Энхбаяр дараагийн нүүдлээ энэ сарын 14-нөөс өмнө хийх шаардлагатай хэрэг. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг бүртгээгүй тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэх нэг заалт бий.
Уг хуулийн 143.2-д “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ хуулийн 139.1-д заасан этгээд санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах бичиг баримтыг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ”гэжээ.
Тэгэхээр Н.Энхбаяр өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд очсон нь нийгэмд өгсөн мессеж байх магадлал өндөр. Учир нь, түүнийг Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэхгүй гэдгийг эртнээс мэдэж байсан. Одоо ч мэдэж байгаа яг ийм шалтгаанаар өнгөрсөн онд Сонгуулийн ерөнхий хорооны өмнө өлсгөлөн зарласан ч тэр нь амжилт олоогүй.
Харин нэрээ дэвшүүлэх замаар өөрийгөө үнэд хүргэж МАХН-ын хоёр дахь боломжийг ямар нэгэн байдлаар ханцуйндаа наймаалцахыг үгүйсгэхгүй. Учир нь, тэр энэ удаад Сонгуулийн ерөнхий хороог гороолж жагсаал хийхгүй, өсгөлөн зарлахгүй. Ганц суудлынхаа хүчээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч өрсөлдүүлэх боломжоо тэр тийм ч амар алдчихгүй байх. Тийм цаг ч байхгүй болохоор хуулийнхаа хугацаанд багтаж хэн нэгнийг нэр дэвшүүлж таарна.
Н.Энхбаярыг Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгэсэнгүй гэсэн мэдээлэл цацагдахтай зэрэгцэн түүн дээр хадаг бариад очих горилогч цөөнгүй. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын хувьд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудлаар намын дарга Н.Энхбаяртай нэг бус удаа уулзаж ярилцсан тухай мэдээлэл бий. АН-ын зарим нөлөө бүхий улстөрч ч Н. Энхбаярыг зорьж очин уулздаг болсон гэх. Гагцхүү МАХН-аас нэр дэвших болзол, Н.Энхбаярын наймаа юу байх бол гэдэг нь сонирхолтой сэдэв. Н.Энхбаярын хэмжээний улстөрч ч эрх биш үүнийг гадарлах нэгэн.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын саналыг хувааж МАХН-аас сул өрсөлдөгч дэвшүүлснийхээ хариуд тухайн үеийн төрийн тэргүүнээс уучлал хүртэж эрх чөлөөгөө олж авсан тэрбээр энэ удаад зүгээр нэг тохиролцоод өнгөрөхгүй. Харин ч түүнээсээ давсан болзол тавьж, барьцаа улам лавшруулахыг эрмэлзэх болов уу.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
mongoliin tord enhbauar heregtei ondor medlegtei hun oor baina uu eh ornoo lab lombardand tabihgui ard olnoo olsgohgui tiim l er hun.