Цахим тагнуулаар Хятад, Орос тэргүүллээ

Дээхнэ үеийн кинонууд дээр гардаг даа, тагнуулчид зүсээ хувилгаж, маш нууц даалгавар аван, чухал баримт бичгүүдийг нууцаар хуулбарлан авч, бодит баримт материал цуглуулаад л. Харин мэдээллийн эрин зуун эрчтэй хөгжиж буй өнөө үед тагнуулын өөр нэгэн төрөл гарсан нь цахим тагнуул.

Цахим ертөнцөөр л аялж, хэдэн мянган хэрэгцээтэй баримт олоод авчихна. Үүгээрээ ч олон орон мэргэшиж, эдийн засагтаа “үнэтэй хувь нэмэр” оруулсаар. Саяхан Америкийн сөрөг тагнуулын газраас гаргасан илтгэл олны анхаарлыг татаад байна.

Үндэсний сөрөг тагнуулын газар 2001 онд байгуулагджээ. Энэ байгууллага гадаадын улс орнууд, төрийн бус субъектуудын тагнуулын үйл ажиллагааны аюул чаналыг нарийн үнэлэх, мөн сөрөг тагнуулын үйл ажиллагааг нэгтгэн уялдуулах зорилготой юм байна.

Эдийн засгийн цахим тагнуулын тухай гаргасан тэдний илтгэлд манай хоёр хөрш улс буюу Орос Хятадыг ажиглагчид илт шүүмжилсэн нь олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлэв. New York Times сонинд бичсэнээр Америкийн төлөөлөгчид энэ хоёр орон интернэтээр дамжуулан эдийн засгийн нууцыг хулгайлж байгаад сэжиглэгдэж буй орнуудын дунд тэргүүн байрыг эзэлж байсан ч Вашингтон энэ тухай олон нийтэд мэдэгдэж байсан нь үгүй.

Урьд нь Америкийн албан тушаалтнууд энэ байдлыг цахим орон зайд хууль зөрчигчдийг илрүүлэх түвэгтэй хэмээн тайлбарлаж ийм асуудлуудыг дипломат сувгаар шийдвэрлэх хэрэгтэй хэмээн баталж байв. Тиймээс ч Америкт олон талаараа ашигтай энэ хоёр оронтой харилцах дипломат харилцаандаа хүндрэл үүсгэхээс зайлсхийх үүднээс Орос, Хятадыг шууд буруутгахаас “эмээж” байжээ.

Өнөөдөр гадаад өр нь үстэй толгойноос их болсон Америкийн хамгийн том зээлдүүлэгч нь БНХАУ, мөн худалдааны гол түнш нь. Түүнчлэн Хойд Солонгосоос ирж болзошгүй цөмийн аюулыг дарахад нь Бээжин тусална гэдэгт Вашингтон найдсаар байгаа.

Харин Орос улсын хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нөлөө бүхий гишүүний дээр Иран болон бусад асуудлаар энэ улсаас туслалцаа авна гэж АНУ тооцоолдог. Гэлээ ч тэвчээрт хязгаар байдаг гэдгийг тэд энэ илтгэлээрээ харуулав.

“Баримт нотолгооны хувьд гэвэл хангалттай гэдэг үг багадна. Үүнийг зүйрлэвэл жижигхэн өрөөнд горилла сармагчныг чихээд цаашид хянаж чадахаа байсантай адил. Кибер тагнуул хийж буй орнуудыг нэрлэхгүй байх нь ямар ч ач холбогдолгүй илтгэл гаргаж байгаатай утга нэг юм” хэмээн 2006-2009 оны хооронд Үндэсний тагнуулын удирдах газрын сөрөг тагнуулын даргаар ажиллаж байсан Жоэль Бреннер өгүүлжээ.

Энэ илтгэлд гагцхүү Орос, Хятадыг дурдаад өнгөрсөнгүй. Франц, Итали зэрэг хэд хэдэн орныг буруутгажээ. Гэхдээ энэ илтгэлд Хятад улсыг эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай технологийн шинэ санаа цуглуулахын тулд Америкийн компаниудын эсрэг кибер тагнуул хийхээ зогсоохгүй, асар ихээр цахим орон зайгаар довтолж байгаа улс орон гэж дурдав.

Харин энэ дайралтад Хятад улс ямар ч холбоогүй хэмээн Хятадын албан ёсны төлөөлөгч америкчуудыг буруутгасныг эсэргүүцэв. Түүнчлэн “US Cyber Consequences Unif” төвийн захирал Скотт Борг “Америкийн өмнө тулгарч буй хамгийн том асуудлуудын нэг нь эдийн засгийн чухал мэдээллүүдийг ил цагаан хулгайлж буй Хятад зэрэг улстай хэрхэн харьцах тухай асуудал хэмээн онцолжээ.

Мөн энэ илтгэл нь цахим тагнуулын асуудлыг илүү өндөр түвшинд гаргаж энэ асуудлаар дипломатууд хэлэлцээр явуулахын тулд гаргасан оролдлого хэмээн ноён Борг нэмж өгүүлжээ. Түүний өгүүлснээр цахим тагнуул нь Америкийн эдийн засгийн хувьд ноцтой аюул учруулж байгаа хэдий ч тун шинэлэг хэрэг тул засгийн газрын албан тушаалтнууд хэрхэн хөдлөхөө сайн мэдэхгүй байгаа аж.

Ямартай ч Хятадын зүгээс ирж буй цахим довтолгоон асар их гэдгийг хятадууд зөвшөөрөхгүй, харин америкчууд баталсаар байна. Илтгэлд дурдсанаар Хятадын IP хаягуудаас ирж буй сүлжээний довтолгоо асар их гэнэ. McAfee цахим аюулгүй байдлын компанийн 2011 оны хоёрдугаар сард гаргасан илтгэлд дурдсанаар хятадын хакерууд дэлхийн газрын тос, эрчим хүч, газрын тос химийн компаниудийн компьютерын сүлжээг эвдэж байжээ.

Тэдний зорилго нь мэргэжлийн нууц ажиллагаа, газрын тос, хийн орд газруудын мэдүүлэг, ажиллагаа санхүүжүүлэх тухай мэдээлэл олж авах. Эдгээр компаниудын дунд дэлхийн газрын тосны магнат болох Marathon Oil, ExxonMobil,ConocoPhillips багтсан байж.

Өнгөрсөн онд Google хамгаалалтын программынхаа анхдагч кодоо хулгайд алдсандаа Хятадыг буруутгаж байсан. Мэдээж Хятад үүнийг үгүйсгэдэг. Мөн энэ онд компыотерийн аюулгүй байдлын Mandiant компани Хятадын компанийг худалдаж авах тухай хэлэлцээр хийж байх үедээ Fortune500 компанийн корпорацийн сүлжээнээс нууц бизнес мэдээлэл алдсан тухай мэдээлж байлаа.

Магадгүй хулгайлагдсан мэдээлэл Хятадын компанид хэлэлцээр хийхэд нь тусалсан байх.

Харин энэхүү буруутгасан илтгэлийг Вашингтон дахь Хятадын элчин сайдын яам ихэд эгдүүцэн хүлээж авав.”Хятад улсын эрчимтэй хөгжил, цэцэглэлт нь үндэсний хөгжлийн эрүүл стратеги, Хятадын ард түмний уйгагүй хөдөлмөр, Хятад улс аль аль талдаа ашигтай байдлаар бусад улс орнуудтай худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж байгаагийн үр дүн.

Хятадын эсрэг үндэслэлгүй буруутгаж байгаа нь ухаангүй алхам бөгөөд цахим орон зайд хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцдэгтэй адил бид энэ илтгэл шиг үндэслэлгүйгээр буруутгах гэсэн үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ авах болно” хэмээн Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч цахим захидалдаа бичжээ.

Сөрөг тагнуулын газрын илтгэлд өгсөн Хятадын хариулт ийм. Харин илтгэлд мөн л дурдагдсан Франц, Израиль зэрэг орнууд ямар байр суурьтай байгаа нь одоогоор тодорхойгүй. Илтгэлд дурдагдсан Франц, Израиль зэрэг бусад орнуудын хувьд ихэвчлэн Америкийн холбоотон улсууд байх юм.

АНУ-ын зарим холбоотнууд болон түншүүд эдийн засгийн болон техникийн мэдээллийг зүй бусаар зээлдэхийн тулд Америкийн байгууллагуудад чөлөөтэй нэвтрэх эрхээ ашиглаж байгаа нь томоохон аюул занал учруулж байгааг мөн илтгэлд онцолжээ.

Гэхдээ Хятад, Оросыг онцлох болсон нь учиртай, Хятад цахим тагнуулын ажиллагаагаар нэгдүгээрт орсон бол Орос улс хоёрт бичигджээ. Орос улс баруунтай эдийн засгийн хувьд нягт уялдаатай байгаа нь Оросын компаниуд АНУ-д ихээр ажиллах болж, үүнийг дагаад мэдээлэл алдагдах аюул их байгааг илтгэлд дурдсан байна.

Үүний баталгаа болгож өнгөрсөн жил АНУ-д мандсан Оросын 10 тагнуулын хэргийг ч дурджээ. Өнгөрсөн оны зургадугаар сард “эдийн засгийн болон техникийн мэдээлэл цуглуулах даалгавар” авсан Анна Чапман тэргүүтэй 10 тагнуулч баригдаж, бөөн шуугиан дэгдээгээд байлаа.

Тэдний дундаас ихэнх нь эх орондоо буцан, холбогдох албан тушаалд очсон, тэр бүү хэл Анна Чапман гэх бүсгүй улс төр рүү зүтгэж байгаа нь эх орныхоо даалгаврыг “гайгүй” биелүүлж зохих шангаа авч байгаа гэлтэй.

Б.Мөнхцэцэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих