“Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” бага хурал энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно

jpeg“Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл”-ийн “Шударга, Хөгжингүй Дэлхийн Төлөөх Нийгмийн Шударга Ёс, Тогтвортой Байдлын Асуудлууд” сэдэвт Бага хурлыг Монгол Ардын Нам энэ сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг дэлхийн 5 тивийн 34-н  улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга нар оролцохоор мэдэгдсэн байна.

Тус хурлаар нийгмийн тогтвортой байдал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, Азийн орнуудын хөгжиж буй байдал, Популизмын өсөлт-Нээлттэй ардчилсан нийгэмд учруулах аюул, хүйсийн тэгш байдал- жендэрийн асуудал зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдаж буй олон сорилт бэрхшээлүүдэд гарц, шийдэл олох болон харилцан туршлага солилцох өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын холбоо “Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” нь 2013 оны тавдугаар сарын 22-ны өдөр дэлхийн дэвшилтэт, социал демократ улс төрийн намууд болон Олон улсын байгууллагуудын хамтралаар үүсгэн байгуулагдсан хүчирхэг улс төрийн эвсэл юм.

Тус эвсэл нь улстөр-энх тайван, ардчилал, хүний эрх, зохист хөдөлмөр, хүйсийн тэгш байдал, тогтвортой хөгжил зэрэг бодлогын чухал асуудлуудыг хөндсөн илүү дэвшилтэт үзэл санааг олон улсад түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгодог.

“Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл”-д дэлхийн 130 гаруй улс төрийн нам, олон улсын байгууллагууд багтах бөгөөд Европын Социалистуудын Нам (Party of Europaen Socialists PES), Европын парламент дахь социалистууд ба ардчилагчдын бүлэг (Group of Socialists and Democrats in the Europaen Parliament) , Азийн Ардчилсан Социалиастуудын Сүлжээ (Network of Social Democracy in Asia SocDem Asia) , Африкийн Прогрессив Алиансуудын төв (Central African Progressive Alliance CAPA) , Арабын социалдемократ форум (Arab Social Democratic Forum ) зэрэг бүс нутгийн улс төрийн намуудын сүлжээний хүрээнд нягт хамтран ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих