“Би О.Сайханцэцэгийг өдөр, шөнөгүй зодоод байдаггүй”

Өнгөрөгч баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч О.Сайханцэцэг хэмээх охин хичээлээ тараад сураггүй болсон талаар өмнөх дугаартаа бид мэдээлсэн билээ. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Алга болсон охиныг гэмт этгээдүүд мөчилсөн” хэмээсэн.

О.Сайханцэцэг охин гэмт хэргийн золиос болчихоогүй л байгаасай гэж хүснэм. Энэ талаар тодруулахаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагчтай холбогдсон боловч “Хэргийг шалгаж байна. Одоохондоо тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Харин охиныг өргөж авсан ээж Ч.Энхтуяагаас дараахь тодруулгыг авлаа.

-Охиноос чинь сураг байна уу?
-Манай охин баасан гаригт ангийнхаа Янжинлхамынд очиж хоножээ. Тэгээд бямба гаригийн үдээс хойш Янжинлхамын ойролцоох нэг айлд ороод “Би гадаадаас ирсэн юм. Ээж, аавгүй өнчин хүүхэд. Намайг Амега гэдэг. Асрамжийн газраас хүн өргөж авсан” гэж хэлээд хоноод явсан гэсэн.

-Та тэр хоносон айлд нь очсон юм уу?
-Очиж уулзсан. “Та нар тийм жаахан хүүхэд ирж байхад цагдаад мэдэгдэхгүй ядсан юм бэ. 102-т залгаад хэлэхэд л болно шүү дээ” гэж загнасан. Тэр айлын эхнэр Алтантуяа гэдэг хүүхэн байна билээ. Очсон өдөр нь унааны мөнгө гэж 500, маргааш нь мянган төгрөг өгсөн гэсэн. Тэднийд байсан хэн нь ч намайг загнахад нэг их юм хэлэхгүй байсан. Манай охиныг хонуулсан айлуудыг сайн шалгаад өг л гэж цагдаа нарт хэлмээр байна.

-Янжинлхлам нь багшдаа “Манайд очиж хоноогүй” гэж хэлээд байгаа шүү дээ.
-Нуугаад байх шиг байна.

-Ар гэрийн дарамтаас болж гэрээсээ дайжсан тухай ангийнхан нь хэлж байсан.
-Би ёстой дарамталдаггүй. Ер нь О.Сайханцэцэг дандаа худлаа ярьж явдаг хүүхэд. Миний тухай ангийнхандаа худлаа зүйл их ярьсан байсан. Тэгээд ч миний жинхэнэ хүүхэд биш. Манай нөхрийн төрсөн эгч Оюунаагийн охин О.Хулангаас гарсан хүүхэд.

Би бол асран хамгаалагч нь. О.Хулан “Миний охин оргоод ирээрэй. Баянхошууны унаанд суучихвал ээж нь тосоод авъя” гэж ярьдаг байсныг ангийнхан нь надад хэлсэн. Өнгөрсөн зун О.Хулан манайхаар ирж хоноод уулзаад явсан. Ер нь би холбоотой л байлгадаг байсан.

-Ямар нэгэн дарамт байдаггүй юм бол яагаад гэрээсээ дайжив. Та ер нь юу гэж бодож байна?
-Мэдэхгүй юм. Сүүлийн үед сурлага нь муудаад, оройтож ирээд байх болсон. Тэгэхээр нь “Миний хүү яагаад оройтож ирээд байгаа юм бэ, хичээлээ давт” гэх мэтээр л жаахан загнадаг байсан. О.Хулан л охины толгойг эргүүлээд байна гэж бодож байна. Түүнээс биш би өдөр шөнөгүй зодоод байдаггүй.

-Тэгэхээр Та албан ёсоор үрчилж аваагүй гэсэн үг үү. Ээжид нь өгчихөж болдоггүй юм уу?
-Эмээгээр нь овоглосон ч гэсэн асран хамгаалагч нь Энхтуяа гэж байгаа. Бусад бүртгэл нь бүгд манайд харьяалагддаг юм. Дөрвөн настайгаас нь нөхөр бид хоёр өсгөсөн болохоор аав, ээж гэж дуудаад сурчихсан юм. Манай нөхөр удахгүй суллагдана. О.Сайханцэцэгийг олдвол аавыг нь гарч иртэл байлгаж байгаад ээжид нь өгөх эсэхийг шийднэ. Би хүний хүүхдийг дур мэдээд өгнө гэж байхгүй шүү дээ.

- Түүнийг олдвол Та загнах уу?
-Хэрэв олдцог л юм бол би юу ч хэлэхгүй. Дураар нь байлгаж байгаад л аавтай нь уулзуулъя. Ёстой хаширлаа.

Өөрийгөө асран хамгаалагч нь гэх Ч.Энхтуяа ийнхүү ярьж байна. Түүний хэлснээр 10 настай О.Сайханцэцэг шалтгаангүйгээр гэрээсээ дайжсан бололтой. Мөн “Ээж намайг дарамталдаг” хэмээн худал хэлээд явж байгаа гэнэ.

Ангийн багш Б.Тогтохоос Янжинлхам юу гэж байсан тухай асуутал “Хоносон, хоноогүй гээд янз бүрээр яриад байна. Хүмүүс шалгаагаад байгаа болохоор юу гэж хэлэхээ мэдэхгүй байх шиг” гэлээ. О.Сайханцэцэгийн талаар эргэн сурвалжлах болно.

М.Наранболд
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих