Хамаатан чинь хар тамхи хэрэглэдэг, бас зардаг юм биш биз

9209

Сургуулийн ахлах ангийнхан, оюутан залуус хар тамхийг голлон хэрэглэж байгааг судалгаагаар тогтоожээ. Өсвөр насныхан, залуусыг хар тамхинд хэн уруу татдаг нь анхаарал татав. Эл асуултад эрүүгийн төлөөлөгчид дараах харилтыг өгч байна. Хар тамхийг хамгийн сайн найз нөхөд, ах эгчийн танил, хамаатан садан нь бие биедээ сурталчилж, санал болгодгийг нь тогтоосон. Тиймээс томчууд хүүхдээ хэнтэй нийлж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгааг анхаарах шаардлагатай. Үүнээс гадна өөрийн чинь дүү, ах, эгч, аав, ээж, найз нөхөд хар тамхи дамжуулагч, тээвэрлэгч, борлуулагч байж болзошгүй” хэмээн цагдаагийнхан сэрэмжлүүлж байна. Нэг ёсондоо итгэлцэл хаана байна, тэнд хар тамхи борлуулж байдаг хэмээн цагдаагийн ажилтан ярьсан. Нөгөөтэйгүүр, хар тамхийг борлуулагч, түгээгчид голдуу шөнийн цэнгээний газраар явдаг аж. Борлуулагчид хэн нэгний төрсөн өдөр, баяр наадам дээр ч урилгагүй ирж “бараа”-гаа шахдаг гэнэ.

Халамцсан, сэтгэл хөөрсөн үедээ хар тамхийг хэрэглэх тохиолдол их байдаг. Тодорхой хугацаанд сонирхож хэрэглэсээр хүний биед дасал болж хар тамхинаас хараат болсон хүн юу ч хийхээс буцдаггүй аж. Ер нь нэг л татсан бол хар тамхинаас хараат болох бөгөөд бие махбодь нэхэж байгааг мэдэхгүй уурлан уцаарлаж эхэлдэг гэнэ. Эцэстээ тамхиа татахын тулд юугаа ч хайрлахаа больж, сэтгэцийн хувьд эрүүл бус болдог юм байна. Энэ нь аливаа гэмт хэрэг үйлдэх хөшүүрэг болдог. Өөрөөр хэлбэл, хар тамхинд донтсон хүн гэрийнхнээсээ худлаа хэлж мөнгө авахаас эхлээд олон гэмт хэрэг үйлдэх сууриа тавьдаг. Нэгэнт хар тамхинаас хараат болсон хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна эдийн засгийн хувьд чадамжгүй болж, ар гэрийнхэн, хайртай дотно хүмүүсээ зовооход хүрдэг байна. Эрүүл мэндийн яам уг нь хар тамхинд донтсон иргэнийг эмчлэх баримжаа гаргасан. Үүнийг нь эрүүл мэндийн холбогдох байгууллагууд мөрдөж буй. Гэвч олон улсын баримжаагаар бол хар тамхинд донтогчийг эмчилсэн ч 95 хувь нь эргэн ордог гэсэн тооцоолол байдаг аж. Ер нь зам тээврийн ослыг машинтай хүн гаргадаг гэдэг шиг хар тамхийг мөнгөтэй хүн л сордог. Өөрөөр хэлбэл, энэхүү хорт бодисын хэрэглэгчид нь голдуу дээд боловсролтой иргэд байдаг аж. Үүнээс улбаалан, эцэг эхчүүдэд хандаж хэлэх зөвлөгөө байна. Эцэг, эхчүүд хүүхдээ элбэг хангалуун байлгах гэсэндээ ажлаа л урьтал болгож тэднийгээ бага анхаардаг талтай. Харин хэнтэй найзалж нөхөрлөдөг, хаагуур явж, юу идэж ууж байгааг төдийлөн анхаардаггүй байна. Гэтэл өсвөр насны хүүхэдтэй хүн цаг мөч тутам ярилцаж, тэднийг сонсч амьдралын зөв хэвшилтэй болоход нь нөлөөлж байх хэрэгтэй юм. Мөн ангийнхан болоод найз нөхөд нь гадуурхаад байна уу гэдгийг ч шалгаж байхад илүүдэхгүй гэнэ. Бүр цаашлаад танихгүй хүнд нууцаа дэлгэж болохгүй, аав ээжийнхээ дугаарыг цээжээр мэддэг байх хэрэгтэйг зааж өгөөрэй хэмээн цагдаагийнхан зөвлөж байна. Хэрэгтэй үед тусгай ямар дугаар руу залгаж тусламж авах ёстой хийгээд багш нартаа өөрийгөө илэрхийлж, юу хэрэгтэйгээ ойлгуулж сурахад нь эцэг, эхчүүдийн дэмжлэг хамгийн хэрэгтэй байдаг. Гэтэл эцэг, эхчүүд ахлах ангийн хүүхдээ биеэ дааг, хувийн орон зайд нь орохгүй гэж бодсоор хүүхдээ хэнтэй нийлж, гадуур юу хийж явааг нь мэдэхгүй гэмт хэрэгтэн, хар тамхинд донтогч болгодог аж. Мөн төдийлөн хүүхэдтэйгээ ярьдаггүй учраас асуудал тулгарахад үе тэнгийн найз нөхөдтэйгээ л ярьж зөвлөмж, тусламж авдаг. Хүүхэд хүүхдэдээ мэдээж үр дүнтэй зөвлөгөө өгч чадахгүй бөгөөд эцэг, эхийн хараа хяналт дутуугаас хүүхэд хохирох, амь насаа алдах байдалд ч хүрч мэдэхээр байгаа юм.

Түүнчлэн бүх шатны боловсролын байгууллагууд хар тамхитай холбоотой тандалт судалгаа хийж сурагчдад хар тамхинаас хол байх, амьдралын эрүүл зөв дадалтай байх талаар мэдлэг өгөх нь чухал юм. Мөн иргэд гадаадад их зорчих болсон. Аяллаар явах үедээ бусдын ачаа авахгүй байхыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Хар тамхи нэг грамм, нэг килограмм байх нь хамаагүй, хэмжээ харгалзахгүйгээр Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээх хангалттай үндэслэл болдог. Мөн хар тамхи хэрэглэгчдийн нас залуужиж байгаа нь хууль хяналтынхны санааг зовоож эхэлжээ. Сүүлийн гурван жилийн судалгаагаар 18 нас хүрээгүйчүүдийн хар тамхины хэрэглээ хоёр дахин өсчээ. Мөн 19-26 насныхны хэрэглээ 24.2 хувь, 26-35 насныхных 38 хувиар өгссөн үзүүлэлттэй байна. Харин 35-аас дээш насныхан хар тамхи татах нь 3.6 хувиар өсчээ.

Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих