2050 оноос хүмүүс ангаж үхэж эхэлнэ

НҮБ-аас томилогдсон судалгааны баг өнгөрсөн сарын турш дэлхийн улс орнуудын байгаль хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ажилд хэрхэн анхаарч байгааг судалжээ. НҮБ-аас дээрх эрдэмтдийн тайланд тулгуурлан “Дэлхийн олон янз байдлын товч” хэмээх илтгэл гаргасан байна. Илтгэлд “Дэлхийн олон улс орон ургамал, амьтан устаж алга болж байгааг мэдсэн хэрнээ нүдээ аниад өнгөрөөж байна. Хэдхэн мөнгө олохын төлөө өөрт нь учруулж байгаа хор хохирлыг байгаль тун удахгүй хэд дахин нугалж авах болно” хэмээн онцолсон байна. 1976-2002 онд дэлхийн сээр нуруутан, түүний дотор хамаарах сүүн тэжээлтэн, хэвлээр явагч, шувуу, хоёр нутагтан, загасны төрөл зүйл гурав дахин багассан байна. “2002 Йоханнесбургт хуралдсан байгаль хамгаалах олон улсын конвенцид оролцсон улс бүр сайн сайхан амлалт өгч, байгалиа хамгаалахаа амлаж байсан. Харамсалтай нь, амьдрал дээр ам ажил хоёр нь зөрчилдсөнийг энэ удаагийн судалгаа харууллаа” хэмээн НҮБ-ын Биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах Конвенцийн нарийн бичгийн дарга Ахмед Жоглаф хэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд сүүн тэжээлтнүүдийн 21, шувуудын 12 хувь нь мөхөж, шүрэн арлуудын 27 хувь нь устжээ. Илтгэлд мөн байгаль сүйтгэж олсон ашгаас гарах гарлага нь нэмэгдсэнийг тодорхой жишээн дээр гаргаж тавьсан байна. Жишээлбэл, ой мод устгаж олсон орлого нь ус худалдаж авах зардлаас хэд дахин бага байгаа гэдгийг баталжээ. Энэ янзаараа бол 2050 оноос хүмүүс ангаж цангаж үхэх болно. Учир нь дэлхийн хүн ам энэ үед есөн тэрбум болсон байх юм.

“Монголын мэдээ” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих