АЛБАН ТУШААЛТАН 10 САЯАС БАГААР ХУЛГАЙЛЖ БОЛНО

ffffffffffffffy4.9 саяар бол дөчин удаа гүйлгээ хийгээд шилэн дансаас бултдаг шиг 9.9 саяар ерэн удаа хулгай хийгээд ч шийтгүүлэхгүй

Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, олон нийт түүнийг нь шүүж, шүүмжилж, дэмжиж байгаа энэ цагт Төрийн ордонд нэгэн хуулийг эх барихаар бэлдэж байна. Анхны хэлэлцүүлгийг нь хийгээд байгаа, өнөө маргаашгүй батлахад бэлэн болоод буй энэ хуулийн төсөл бол Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард өргөн барьсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төсөл. Уг нь эдгээр хуулийг өмнөх парламент баталсан ч, ёсчилж амжаагүй байсан юм. Ёсчилчихсон бол энэ оны эхнээс хэрэгжих байсан Эрүү, зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг өдгөөгийн УИХ ирэх долдугаар cap хүртэл хойшлуулаад байлаа. Ийм нэгэн төсөл улс төрийн халуун ид энэ үед олны анхаарлаас хол анхны хэлэлцүүлгийн босгыг давлаа. Гэсэн ч хуулийн төслийг шүүрдэж үзвэл бүр илүү анхаарал хандуулах ёстой гэдэг нь харагдаж буй. Сүүлийн үед аливаа хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсний дараа УИХ дээр Ажлын хэсэг байгуулж зарим гишүүний шүүмжилдгээр “хөл толгойг нь алдагдуулдаг” болоод байгаа. Үүний нэг жишээ нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болоод байна. Учир нь энэ төсөлд ажлын хэсгийнхний саналаар албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хамгаалсан эргэлзээтэй зүйл орчихоод байгаа юм.

Тодруулбал, Засгийн газраас төсөл өргөн мэдүүлэх үед Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 22,1 дүгээр зүйлд “Нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал, эрх чөлөөгөө урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох, эсхүл нийтийн албаны чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлэх эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасч таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байв. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны өдөр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхдээ Хуульзүйн байнгын хорооны санал дүгнэлт дотор өнөөх 22.1 дүгээр заалтад байсан “…албан тушаалын байдал, эрх чөлөөгөө урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу бавдал бий болгосны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол…” гэж нэмж оруулжээ.

Энэ өгүүлбэрийг нэмснээр Шилэн дансны хуулийг гууль болгон ашигладаг байсан шиг нөхцөл бүрдээд байна. Таван сая төгрөгөөс дотогш гүйлгээ хийвэл шилэн дансанд мэдээлэл оруулдаггүй хуулийн заалтыг ашиглан төрийн байгууллагууд гүйлгээ бүрээ дөрвөн сая есөн зуугаар хийдэг жишиг өнгөрсөн жилүүдэд нэгэнт тогтоод байв. Түүн шиг төсөлд нэмсэн дээрх заалт арван саяас доош хулгай хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байж болно гэж уншигдаад байна. Учир нь хуулийн төсөлд томъёолсноор бол “Үлэмж хэмжээний хохирол гэдгийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” хэлж буй ажээ. Нэг нэгж мянган төгрөгтэй тэнцэнэ гэж үзвэл 10 мянган нэгж гэдэг 10 сая төгрөг болно гэсэн үг. Тиймээс л албан тушаалаа урвуулан ашиглаж 10 сая төгрөгөөс бага хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээхгүй болох нь гэж ойлгогдоод байгаа юм. Мөн 10 сая төгрөгөөс дээш төгрөг завшсан байлаа ч хорих ялаар шийтгүүлэхгүй. Эсвэл торгуулна, эсвэл зорчих эрхээ хязгаарлуулна, эсвэл төрийн албанд ажиллах эрхээ түр хугацаанд хаалгана гэж ойлгогдохоор шийтгэлтэй. Хорих ялын хувилбар нь ч 1-5 жил. Ийм хэмжээний ял шүүхэд очоод хэлэлцүүлгийн явцад тэнсэн харгалзах хугацаа болоод өөрчлөгдчихдөг. Үүнийг захын хуульчид хэлээд өгнө.

Албан тушаалтнуудад ингэж арын хаалга болж байгаа хууль ард иргэдэд бол төмөр нүүрээ харуулсан хэвээр байгаа. Учир нь жирийн иргэд 300 мянган төгрөгөөс дээш төгрөг болон түүнтэй дүйцэхүйц үнэлэгдэх эд зүйл хулгайлбал Эрүүгийн хуулиар шийтгүүлэхээр туссан. Мөн 300 мянган төгрөгөөс доош үнэтэй юу ч хулгайлсан ч Зөрчлийн хуулиар баривчлах ялтай. Тодруулбал, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар манай сонинд ярилцлага өгөхдөө “300 мянган төгрөгөөс дээш эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулна. 1000 төгрөгийн асаагуур хулгайлаад гомдол гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар зохицуулна. Хэрвээ шүүх материалыг үзээд энэ хүн бусдын эд зүйлийг хулгайлсан гэж үзвэл 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна” гэж тайлбарлаж байсан. Түүнчлэн Эрүү, Зөрчлийн тухай хуулиар орон байр, агуулах саванд нэвтэрч орсон тохиолдолд заавал 300 мянган төгрөг гэдэг шалгуур тавихгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаа. Ийм байхад төрд шургалсан албан тушааллнууд 10 сая төгрөгөөс илүү гаргачихгүй л бол хүлээлгэх хариуцлага нь бүрхэг байх нь хэр зөв бэ. Эрүү, Зөрчлийн хуулиар хулгайтай хатуу тэмцэнэ гэж зарлаж байгаа. Гэвч дээр дурдсан заалтаас харахад хэдэн халаасны хулгайч, худаг дээрээс усны тэрэг “туучихдаг” хатуу дарсанд дуртай нөхдөд л улам хатуурхахаар болж байгаа мэт. Тиймээс хүмүүс “Энэ улс орныг эдийн засгийн хямрал, хүндрэлтэй нөхцөлд нийтийн албаны сэтгэлгүй ажилчид аваачсан юм. Халаасны хулгайчаас илүү төрөөс төрсөн тэрбумтанууд улсаа дордуулсан” хэмээн бухимдаж байна.

Дөрвөн сая есөн зуугаар дөчин удаа гүйлгээ хийгээд шилэн дансаас бултдаг шиг есөн сая есөн зуугаар ерэн удаа хулгай хийгээд ч шийтгүүлдэггүй албан тушаалтнуудтай болох хуулийн төсөл ийн батлагдах шатандаа алхам алхмаар ойртож байна.

Ж.БАЯРСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих