СЕХ нэр дэвшигчдээ “түшээд авах уу , түлхээд хаях уу”
-Иргэдийн таавар таамагийн хариу энэ долоо хоногт гарна-
Ирсэн гийчин явдаг, явсан хүн ирдэг жамаар найман жилийн турш Ерөнхийлөгчийн сэнтийд тухалсан Ц.Элбэгдоржийн Монголын төрд “эрхлэх” хугацаа ирэх зургадугаар сард дуусгавар болно. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийн жишиг энэ буй заа. Харин Ерөнхийлөгчийн албыг үргэлжлүүлэн буухиалагчдын нэрс үндсэндээ тодорхой болчихоод байгаа. Хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгана гэсэн тэр заалтынхаа хүрээнд парламентад суудалтай улстөрийн намууд шийдвэрээ гаргаад байна. Тэр хугацаа нь энэ сарын 06-ны өдрөөр дуусгавар болсон.
Намуудын нэр дэвшигчдийн хувьд нэр ус нь тодорхой ч улстөрийн голлох хоёр хүчнээс гадна нэр дэвшүүлэх эрх бүхий гурав дахь субъект МАХН-ын нэр дэвшигчийн тодорхойгүй байдал бас нэг эргэлзээ болоод байна. Экс Ерөнхйлөгч Н.Энхбаярыг нэр дэвших эрхтэй, эрхгүй тухайд маргаан, санал зөрөлдөөн байгаа. Хэдий тийм ч сонгуулийн ажлын цагалбар хэдийнэ гарсан учраас тэр дагуу л үйл явц цааш үргэлжлэх учиртай.
Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 142.1 дэх хэсгийн заалт ёсоор “Нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллага нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш 5 хоногт багтаан нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн Нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх ёстой. Тэр хугацаа нь өнөөдөр буюу 11-ний өдөр. Энэ дагуу өнөөдөр нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авах цагийн хуваарийг Сонгуулийн Ерөнхий хороо гаргаад байна.
Тухайлбал, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр 09.50 цагт, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр нь 11.30 цагт, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нь 12.30 цаг гэхэд бичиг баримтаа СЕХ-нд хүлээлгэн өгөх юм. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд сонгуулийн төв байгууллага маань нэр дэвшигчдийн материалтай танилцаж үнэлэлт дүгнэлт гаргах ажлаа эхлэнэ гэсэн үг.
Монголчуудын улстөрийн идэвх сонгуулийн үеэр илт сэргэдэг. Энэ жишгээр л үйл явц өрнөж эхэлж байна. Нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон ч тэдний цаашдын зураглалыг иргэд хэдийнэ өөрсдийнхөөрөө төсөөлж гаргаад байна. Тэр бүх таамаг бодит хандлага, хар сэр, магадлал дээр үндэслэж байгаа гэдгийг тодотгох нь зүй байх. Өөрөөр хэлбэл овоо босгоогүй бол шувуу суухгүйтэй адил. Иргэдийн зохиогоод байгаа тэр таамаг харин юу билээ?
Тэр бүх таамаг бодит хандлага, хар сэр, магадлал дээр үндэслэж байгаа гэдгийг тодотгох нь зүй байх.
Олны дунд, цахим орчноор яригдаж бичигдэж байгаа нэг таамаг гэвэл нэр дэвшигч Н.Энхбаяр, Х.Батулга нарыг Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэж авахгүй гэх яриа. Үүнийгээ тэд зүгээр нэг хоосон хардалт дээр үндэслээгүй нь тодорхой. Энэ талаархи хамгийн анхны жиргээ нь хуульч Б.Энхбаярынх байв. Тэрбээр “Солонгост гэмт хэрэгт сэжиглэгдсэн Eрөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулсан бол манай улсын Ардчилсан нам Eрөнхийлөгчид нэр дэвшүүлдэг” гэж жиргэсэн. Эндээс маш тодорхой харагдаж байгаа өнцөг гэвэл Х.Баттулга гэмт хэрэгт сэжиглэгдсэн гэх санаа. Сэжиглэгдсэн хүнийг уг логикоор нь сэжигтэн гэж нэрлэж таарах байх. Б.Энхбаярын хувьд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, өөрөөр хэлбэл энэ талаархи их мэдээлэл дунд байгаа хүний үг гэдэг утгаараа яавч тэнэмэл золбин үг биш гэж харах боломжтой.
Х.Баттулгын төрийн оргил руу тэмүүлэх замд хөндөлсөж буй хамгийн том саад гэвэл мөнөөх төмөр зам тойрсон асуудал. Янз бүрийн л яриа бий. Энэ ажлыг Чингис бондоос 200 сая ам доллараар санхүүжүүлсэн, хэнтэй ч маргахгүй үнэн нь гэвэл энд ганц ч км төмөр зам тавигдаагүй. Түүнчлэн түүнтэй төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төсөл дээр хамтран ажиллаж байсан “Либерти партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК- ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарын туслахуудыг нь Интерполоор эрэн сурвалжилж байгаа.
Энэ ажлыг Чингис бондоос 200 сая ам доллараар санхүүжүүлсэн, хэнтэй ч маргахгүй үнэн нь гэвэл энд ганц ч км төмөр зам тавигдаагүй.
Энэ мэт асуудлын хүрээнд Х.Баттулга Авлигатай тэмцэх газарт шалгагдаад 2016 оны сүүлээр Прокурорт шилжсэн гэх мэдээлэл байдаг. Гэвч барцад үүгээр дуусахгүй бололтой. Ерөнхийлөгч болох замд нь дахиад нэг бул чулуу тээглэх янзтай. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 139.3.2-т “Хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх” тухай заажээ. Мөн хуулийн 139.3.3-т “Нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” заалтууд чөдөр тушаа болж магадгүй гэнэ.
Х.Баттулгатай хамааралтай “Чанел Уан” ХХК нь 3 тэрбум гаруй төгрөгийн чанаргүй зээлтэй, мөн 51 хувийг нь эзэмшдэг “Хаус дизайн” ХХК 40 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн татварын өртэй гэнэ. Түүнчлэн түүний хяналтын багцуудыг эзэмшдэг “Мах импекс” ХК, “Баянгол” ХК, “Женко Бюро Тур” ХК-ийн хугацаа хэтэрсэн татварын өр 600 гаруй сая төгрөг гэх мэдээлэл байна.
Монгол төрийн босго өндөр байх учиртай. Хэрэв дээр өгүүлсэн бүхэн үнэн бол Ардчилсан намын нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэхээс татгалзах магадлалтай. Чухамдаа энэ мэт мэдээллээс үндэслэн Х.Баттулгыг СЕХ дээр түдгэлзүүлнэ гэсэн таамгийг олон нийт дэвшүүлээд байгаа нь тэр байх.
Өөр увьд 2012 онд шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр нэг өрсөлдөгч Н.Энхбаярыг бас иймэрхүү замнал хүлээж байж мэднэ. Харин түүний хял сонссон, тэр үед 4,1 жилийн хорих ялыг оноосон байдаг. 2015 оны өршөөлийн хуулиар хэргийнх нь зарим зүйл заалт хамрагдсан. Гэвч Авлигатай тэмцэх газрын мэдэгдсэнээр Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа хараахан дуусаагүй байгаа. Үүнийгээ мэдсээр байж Н.Энхбаяр Ерөнхийлөгчид нэр дэвшсэн нь үүний цаана томоохон наймаа тохиролцоо явж байна гэсэн хар сэрийг ч төрүүлээд байна.
Ийм л нэг иргэдийн нүдэнд сэжигтэй, ялтай гэж харагдах хоёр нэр дэвшигч байна. Ямартай ч Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах учиртай. Өөрөөр хэлбэл энэ сарын 14-ний өдрийн дотор гэсэн үг. Тэгэхээр иргэдийн тааварлаад байгаа тэр “оньсого”-ны хариу энэ долоо хоногтоо багтаад тодорхой болно. Харин тааврын хариу яаж гарах нь тодорхойгүй.
Хэрэв СЕХ нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд “санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах бичиг баримтыг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ” гэсэн хуулийн заалт буй. Ингэж тооцвол цаг хугацааны хувьд тавдугаар сарын 17-ны дотор байхаар харагдаж байна. Сонгуулийн ажлын цагалбараар авч үзвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тавдугаар сарын 17-ны өдөр нийтэд мэдээлнэ хэмээжээ. Тэр болтол яг нэг долоо хоногийн хугацаа байна. Зай ч байна, лай ч байна гэдэг шиг…
П.Булган
http://www.zaluu.com/read/1258a88da
URL: