Сонсголгүй хүүгийн эхлүүлсэн тэмцэл бугшсан асуудлыг илчилсээр…
Ингэж асуух шалтаг шалтгаан дэндүү олон байна. Өнгөрсөн сард сонсголгүй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчид хичээл хаялт зарлаж, сургуулийнхаа өмнө жагсч байлаа. Анх удаагаа л сурагчид сурах эрхийнхээ төлөө жагсч тэмцсэн нь энэ гэж хэлж болно. Тэд бүх хичээлээ дохионы хэлээр заалгахыг хүсч буйгаа мэдэгдэж, тэмцлээ эхлүүлсэн. Улмаар энэ тэмцэл нийгэмд хүчтэй мессеж өгч, чадваргүй багшаа эсэргүүцсэн тэмцэл бэлгийн хүчирхийлэл, архи тамхины замбаарагүй хэрэглээ, хүүхдүүдийг зодож, дарамталдаг зэрэг олон нуугдмал асуудлыг дэлгэж тавих шалтгаан болсон юм.
Хүүхдүүд ч энэ талаар зоригтой байр сууриа илэрхийлж, хэвлэл мэдээлэл тэдний талд дуугарсны хүчинд сурагчдаа “бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгодог” хэмээн тэнэг хариулт өгч суусан захирал нь ажлаа өгсөн. Тэгвэл энэ асуудал ингээд дарагдсангүй. Сонсголгүй хүүхдүүдийн тэмцэл магад Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа боловсрол авах эрх нь зөрчигдөж буй олон олон хүүхдүүдэд урам өгсөн бололтой. Өнөөдрөөс, харааны бэрхшээлтэй хүүхдүүд мөн л хичээл хаялт зарлажээ.
Тэд сургуулийн багш нарынхаа сургах арга барилыг эсэргүүцэж ийн хичээл хаялт зарласан аж. Тухайлбал, 116 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч н.Сайханцэцэг “Сургуулийн удирдлагууд бидний үгийг сонсдоггүй. Мөн хүүхдүүдийг харааныхаа хэрээр сэтгэдэг гэж доромжилдог. Мөн Хөгжмийн багш биднийг тоть ярьдаг учраас торонд суудаг” сүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, биднийг яриад байвал торны цаана суулгана гэж сүрдүүлж байгаа бололтой хэмээжээ.
Мөн тус сургуульд багшилдаг олон ч багш нар ямар ч харилцааны соёлгүй, чадваргүй гэдгийг хүүхдүүд нотолж эхэлжээ. Англи хэлний багш нь скүүл гэдэг үгийг счүүл гэж уншдаг, мэдээлэл зүйн багш нь Энидэй программ дээр ажиллаж чаддаггүй, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг өмөөрдөг байсан багшийг нь ажлаас нь халсан гэх мэтээр асуудал дуусахгүй их гэнэ. Харин захирал нь ажлаас халсан багш ёсзүйн асуудал гаргасан гэж мэдэгдэж, мөн сурагчдын хүсэлтийг хүлээж аван сургалтын чанараа сайжруулахаар хичээж байна хэмээн мэдэгджээ.
Үнэхээр бугшсан асуудал нэг сургуулийн ганцхан сурагчийн зориг гаргасан үйлдлээр илрээд байна уу, эсвэл тэднийг зохион байгуулалттайгаар турхираад байна уу хэмээн гайхмаар. Юутай ч сонсголгүй хүүхдүүдийн эхлүүлсэн тэмцэл үр дүнгээ 100 хувь өгч байна. Тэд сурах эрхийнхээ төлөө тэмцэж, ардчилсан Монгол Улсад амьдарч буйн зорилгоо биелүүлж эхэллээ. Гэхдээ тэдний энэ зөв тэмцлийг зарим хүмүүс буруу зорилгоор битгий ашиглаасай гэж хүсэх байна.
Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн хүүхдүүдийн байрыг концессийн гэрээгээ барина гэсэн шалтгаанаар хойшлуулж орхисныг эсэргүүцэн өчигдөр 10 дугаар цэцэрлэгийн эцэг эхчүүд мөн жагсаал зохион байгуулав. Энэ мэтээр нийгмийн хамгийн орхигдсон хэсэг болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурах, ажиллах, хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө тэмцэж байна. Гэтэл энэ бүхнийг шийдэж, хариу өгөх учиртай салбарын сайдууд болох сайд Ж.Батсуурь, дэд сайд Ё.Отгонбаяр нар нүдэн балай, чихэн дүлий суусаар. Бүр тэдний асуудал бидэнд хамаагүй гэсэн хариулт өгөөд сууж байх жишээтэй. Тэд хүн. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу сурч боловсрох эрхтэй. Гэтэл салбарын сайд нь сурч боловсрох асуудлыг нь хариуцдаггүй гэхээр тэдний асуудал хэнд хамаатай болж таарах вэ. Үүнд хариулт өгөх хүн байна уу, та минь ээ.
Монголын мэдээ
URL: