ЛАЛЫН БҮЛЭГЛЭЛД ОЛЗЛОГДСОН ОХИДЫГ ЯМАР ХУВЬ ЗАЯА ХҮЛЭЭДЭГ ВЭ?
Лалын “Боко харам” бүлэглэлийн дайчид 2017 онд Чибок хотоос хулгайлан авсан дунд сургуулийн 82 охиныг саяхан сулласан билээ. Тэднийг Нигерийн засаг захиргааныхны баривчлан хорьсон хэдэн дайчнаар сольж авсан байна. Гэхдээ чухам яг хэдэн дайчнаар сольж авсныг тус улсын засаг захиргаа одоог хүртэл нууцалсаар байгаа юм.
Чибок хотоос исламистуудын хулгайлж авсан 276 охиноос өдгөө 100 гаруй нь олзлогдсон хэвээр байгаа аж. Тус улсын Ерөнхийлөгч Мохаммад Бухари 82 охиныг чөлөөлсөн үйл явдлыг баярт өдөр хэмээн тэмдэглэжээ. Гэхдээ олзноос суллагдсан охидод үнэхээр баярт өдөр байж чадсан болов уу?
Охидыг хүчээр гэрлүүлж, хүчирхийлж, эрүүдэн шүүдэг байжээ
“Боко харам” бүлэглэл 2009 оноос эхлэн 800 орчим охид эмэгтэйг хулгайлжээ. Дайчид тариалангийн талбай, ой, худаг, дунд сургууль гээд хаа таарсан газраасаа олзны эмэгтэйчүүдээ ангуучилдаг байв. Гэхдээ исламистууд сургуулиас охидыг олзлох нь илүү байсан юм.Учир дунд сургуулийн олонх сурагч охин Христийн шашинтай. “Human Rights Watch”хүний эрхийг хамгаалах байгууллага олзноос чөлөөлөгдсөн олон охинтой ярилцсан байна. Тэдний хувьд олон шалгуур сорилтыг даван туулж байж чөлөөлөгджээ.
Охидыг бие, сэтгэл зүйн хувьд хүчирхийлж, тэнхээг нь тасартал ажиллуулдаг байсан бөгөөд цэргийн ажиллагаанд оролцохыг шаардаж, хамгийн царайлаг, залууг нь эсрэг талынхаа урхи болгон ашиглуулдаг байв. Түүнчлэн тэднийг хулгайлсан эрчүүдтэй хүчээр гэрлүүлж, хүчирхийлж, хоол ундыг нь бэлтгэх, лагерийг нь цэвэрлэх, гэр орны бусад ажлыг хийлгэх зэргээр ашигладаг байжээ. Үүнээс гадна олон охин дайчдын дээрэмдсэн тосгодоос олзыг нь зөөдөг ачигч хийлгэдэг байв.
Ерөнхийдөө дайчид олзлох хүмүүсээ огт голдоггүй байсан бөгөөд нялх балчир хүүхдээс 65 настай эмээ нарыг ч хамаагүй барьдаг байсан гэнэ. “Боко харам”-ын лагерьт олзлогдон ирээд дөрвөн долоо хоногийн дараа оргож чадсан 15 настай нэгэн охин хүчээр гэрлүүлсэн тухай зовлонгоо “Human Rights Watch”-ийн хүний эрхийг хамгаалагчдад ийнхүү ярьжээ. “Намайг тэр эрэгтэйтэй гэрлүүлсний дараа түүний урцанд амьдрахыг тушаасан. Эхэндээ ч би түүнээс зугтаж дөнгөөд байлаа. Удалгүй тэр над руу хутга барин сүрдүүлж, хамт унтахыг шаардаж эхэлсэн. Гэсэн ч би татгалзсаар байсан.
Харин гар буу гаргаж, намайг хашхирах л юм бол ална шүү гэхэд нь яах ч аргагүй болсон. Ингээд тэр намайг шөнө бүр хүчинддэг болсон. Тэр 30 гаруй насны, маш том хүн. Өмнө нь би эр хүнтэй ойртож ч үзээгүй болохоор маш их өвдөж, уйлдаг байсан” гэжээ. “Human Rights Watch”-ийн хүний эрхийг хамгаалагчдын ярьж буйгаар “Боко харам”-аас азаар мултарч чадсан эмэгтэйчүүд өөрсдийг нь хүчирхийлж байсан гэдгийг ярих тун дургүй. Яагаад гэвэл Нигерид ийм зүйл нь жинхэнэ гутамшигт тооцогддог байна. Олонх эмэгтэйчүүд цаашид нөхөрт гарах боломжгүй болчихно гээд хүчирхийлэлд өртсөн тухайгаа дуугүй өнгөрөөхийг хичээдэг.
Хүчээр лалын шашинд оруулдаг
“Боко харам”-ынхан ихэнхдээ Христийн шашинт эмэгтэйчүүдийг хулгайлж, тэдэнд хүчээр лалын шашинд ор, үгүй бол амийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг байна. Тэд Чибокийн дунд сургуулийн охидыг хулгайлснаас сарын дараа интернэтэд 130 охиныг лалын шашинтны хувцас өмссөнөөр бичлэг тавьсан билээ. Тэд сайн дураараа итгэл үнэмшлээ өөрчилсөн гэж дайчид мэдэгдэж байв.
Эрх чөлөө тийм ч амттай биш
Хамгийн харамсалтай нь чөлөөлөгдөж ирсэн охидыг гэр бүл нь тийм ч баярлан угтахгүй байна. ВВС-гийн сурвалжлагч Алистер Литхед олзноос суллагдсан 17 настай Зара охинтой ярилцжээ. Гэтэл охин эрх чөлөөтэй болсон ч хааяа бүслэлт рүүгээ буцаж очихыг хүсдэг гэнэ. “Тэд бидэнд нөхөрт гар, эсвэл боол бол гэсэн сонголт олгосон. Би нөхөрт гарахыг илүүд үзсэн” хэмээн Зара ярьж байна. Түүний хувьд олзноос чөлөөлөгдсөн ч жирэмсэн болоод үлджээ. Охины гэр бүлийнхэн зарим нь Христийн шашинтай, зарим нь лалын шашинтай аж.
Ингээд Зарагийн төрөөгүй хүүхдийн хувь заяаг гэр бүлийн зөвлөлөөр шийджээ. Хоёр хуваагдан талцсан гэр бүлийнхний санал бараг тэнцэж, хүүхдээ төрүүлэх нь зөв гэсэн нь багахан илүү саналаар ялсан байна. Харин үлдсэн хэсэг нь үр хөндөлт хийлгэхийг шаардаж байв.
Гэхдээ хамгийн аймшигтай нь Зара хүүгээ төрүүлсний дараа эцгийнх нь нэрээр Усман хэмээн нэрлэтэл хүмүүс түүнийг ойртохын аргагүй гэмт хэрэгтэн хэмээж, хүү нь өвдөхөд хэн ч тусалдаггүй байжээ. Зараг хаалгаараа гарч ирэхэд л хөршийн хүүхдүүд нь эцэг эхийнхээ шаардалтаар охин руу доромжилсон үг хэлдэг байсан гэнэ. Хүү хорт могойнд хатгуулан нас барахад гэр бүлийн гишүүдийн тал нь баярласан гэжээ.
Итгэл найдвар үгүй болжээ
Олзноос суллагдсан охид өдгөө тун хүнд байдалд ороод байна. Нэг талаас үзэхэд тэд өөрсдийн гэр бүлдээ эргэн ирж буй боловч энэ нь тэдний эцэг эх, төрөл төрөгсөд тэдэнд итгэж найддаг хэвээрээ гэсэн үг биш юм. Нигерид өдгөө үүссэн нэгэн гол асуудал бол хэн ч, тэр ч бүү гэр бүлийн гишүүд нь ч эргэж ирсэн охидыг золиосонд орсон, эсвэл гэмт хэрэгтэн болсон уу гэдгийг нарийн хэлж чадахгүй.
Тэний хувьд исламистуудын дунд хангалттай удаан байж, тэдний гэмт хэргийн үзэл суртлыг нь авсан байх магадлалтай. Өнгөрсөн найман жилийн хугацаанд “Боко харам” бүлэглэл хэдэн мянган хүнийг хулгайлж, 30 гаруй мянгыг нь хөнөөжээ. Гэртээ ирсэн охид ийм аймшигт явдлыг нүдээр үзсэн болохоор насан туршдаа бие сэтгэлийн шархтай үлдэж буй юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
URL: