27-Р ЦЭЦЭРЛЭГ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС АНГИЙН ТОХИЖИЛТ НЭРЭЭР 22 САЯ ТӨГРӨГ ХУРААН АВЧЭЭ

olloo_mn_1494402861_54707316655d3317b4b7e86df805daadbigНМХГ-аас сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 52, төрийн бус өмчийн 70 нийт 122 цэцэрлэгийг хамруулан төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулсан байна.

Шалгалтын явцад хүүхдийн өдрийн хоолноос 35 сорьц, 65 цэцэрлэгийн уснаас 90 сорьц, 15 цэцэрлэгийн агаараас 25 дээж, 10 цэцэрлэгээс хөрсний шинжилгээ, тоглоомын шинжилгээ 12, 35 цэцэрлэгээс 365 эрүүл зүйн арчдас шинжилгээ авч лабораторит шинжлүүлжээ. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээнд дүгнэлт өгөх зорилгоор төрийн өмчийн 35 цэцэрлэгийн өдрийн хоолноос дээж авч шинжлүүлэхэд хоолны нийт илчлэг 1928-2628.3 ккал буюу норм хэмжээнд байгаа ч, шимт бодисын хэмжээ нь бүрэн хүрэхгүй байна.

Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрснийг НМХГ-ын байцаагч нар мэдээллээ.

  1. Төрийн өмчийн Сонгинохайрхан дүүргийн 176, 156, 188, Багануур дүүргийн 132, Баянзүрх дүүргийн 45, 115, Сүхбаатар дүүргийн 150 дугаар цэцэрлэгүүд нь гэр бүлэг нээж ажиллуулж байгаа боловч тухайн цэцэрлэгийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна.
  2. Төрийн бус өмчийн 34 цэцэрлэгийн / Сүхбаатар дүүргийн Цасан гоо, Хан-Уул дүүргийн Нарны хаан хүүхдүүд, Хүүхдийн ивээл, Баянзүрх дүүргийн Булганзул, Жаргалан, Баянгол дүүргийн Шүтээн үрс, Хатан манцуй, Буман жаалууд гэх мэт/ эрхлэгчид нь сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна.
  3. Шалгалтанд хамрагдсан төрийн бус өмчийн цэцэрлэгийн 72% нь мэргэжлийн багшгүй, 59% нь багшлах эрхгүй, 56% нь туслах багшийн сургалтанд хамрагдаагүй багш нар ажиллаж байна.
  4. Хан уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийн барилга 2015-2016 оны хичээлийн жилд шинээр өргөтгөл баригдсан боловч барилгын зарим хэсэгт суулт өгч цууралт үүссэн, барилгын баруун жигүүрт инженерийн шугам сүлжээний /коллектор/ гэмтэл гарсантай холбоотой 2 дугаар сараас хойш 4 ангийн хэрэглээний халуун ус тасарсаныг засуулаагүй байна. Мөн барилга шинэчлэн баригдсантай холбогдуулан 2016-2017 оны хичээлийн жилд анги танхимын тохижилт үйлчилгээнд гэх зориулалтаар эцэг эхээс хууль бусаар 22,039,100 төгрөгийн хандив авч ашигласан.
  5. Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн 30.8% нь эдэлбэр газар хүрэлцээгүй, 33.3% нь сургалтын зориулалтын гадна тоглоомын талбай, тоног төхөөрөмж дутагдалтай, аюулгүй байдлыг хангахгүй ажиллаж байна. Тухайлбал: Хан-Уул дүүргийн 41-р цэцэрлэгийн гадна тохижилт хангалтгүй, Буурай ээж цэцэрлэг гадна тоглоомын талбайгүй, Налайх дүүргийн 123-р цэцэрлэгийн 2, 3 дугаар салбарууд эдэлбэр газрыг зүлэгжүүлээгүй.
  6. Шинээр байгуулагдсан төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн барилга зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал: Сүхбаатар дүүргийн Үзэм, Том жаал, Баянгол дүүргийн Мон-Эрин, Хан-Уул дүүргийн Буурай ээж цэцэрлэг нь үйлдвэрийн зориулалтай барьсан байрыг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан боловч барилгын төлөв байдалд дүгнэлт гаргуулаагүй байна.
  7. Шалгалтанд хамрагдсан зарим цэцэрлэгүүдийн барилга шаардлага хангахгүйгээс сургалтын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж, суралцагч хүүхдүүд, багш ажиллагсадын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн дээврийн хучлага төмөр зэвэрч цоорон бороо цасны ус нэвчснээс модон хийц ялзарч барилгын бат бөх чанарт сөргөөр нөлөөлөх болсон, ангиудын унтлага, ариун цэврийн өрөө, эрхлэгчийн өрөө, хөгжмийн заалны хана, тааз хөгцөрч мөөгөнцөртсөн, Баянзүрх дүүргийн 8, Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийг сэргээн засварлах тухай барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн акт гарсан, 28 цэцэрлэг агааржуулалт хангалтгүй, бохир байнга үнэртдэг, Налайх дүүргийн Төгсзаяа цэцэрлэг нь халаалтгүй, ариун цэврийн өрөөний паар хагарсан, Баянзүрх дүүргийн 136 цэцэрлэгийн зоорийн давхарт зэргэлдээх байрнаас ус алдаж тааз хананд ус нэвчсэн.
  8. Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 66.6% нь ангид бүлэгт нэг хүүхдэд ногдох талбай нь эрүүл ахуйн нормоос 1.5-2.2 дахин их, 25%-д нь угаагуур, суултуур ариун цэврийн байгууламж стандартад нийцэхгүй байна. Мөн цэцэрлэгийн нэг багшид ногдох хүүхдийн тоо 45-72 буюу хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлсэн байна. Энэ нь тухайн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн бус хүүхэд элсүүлэн авдагтай холбоотой байна. Тухайлбал: Сүхбаатар дүүргийн 51, 135, Чингэлтэй дүүргийн 205, 108, Баянзүрх дүүргийн 59, 8, 172, 128, 136, Баянгол дүүргийн 141, 11, 98, 157, 47, 88, 100, Хан-Уул дүүргийн 12, 218, 41 Сонгинохайран дүүргийн 79, 90, 110, 111,116 ,119,156, 163, 192, 227 цэцэрлэгүүдэд энэ зөрчил илэрсэн.
  9. Чингэлтэй дүүргийн 154-р цэцэрлэг нь Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын авто баазын дэргэд байрладагаас хүнд даацын машины дуу шуугиантай, утаа тортог ихтэй, Баянгол дүүргийн Мон –Эрин, Шүтээн үрс, 57, 157 дугаар цэцэрлэгийн гарах хаалга авто замын дэргэд байрладагаас авто замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдсан.
  10. Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн гал тогооны 25% нь механик агааржуулалтын системийн үйл ажиллагаа алдагдсан, 41.6%-д хүнсний агуулах эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, 25%-нь хүнсний агуулахад зориулалтын вандан тавиургүй, 33.3%-д нь хоол үйлдвэрлэлийн өрөөний технологи буруу байна. Тухайлбал: Багануур дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн 2-р салбар хүнсний агуулахад агааржуулалтгүй, Налайх дүүргийн Төгсзаяа, Сүхбаатар дүүргийн Том жаал, Үзэм, 205 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 128 дугаар цэцэрлэгийн агааржуулалт хангалтгүйгээс хана, таазанд хөгц үүссэн байна.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 988 заалттай 98 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Шинжилгээний дүнг үндэслэн 91 дүгнэлт бичиж, зөрчилтэй 70 газарт 20405000 төгрөгний шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулсан байна.  Мөн хоёр цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ.

Б.Орхон


URL:

Сэтгэгдэл бичих