СОНГУУЛИЙН ЖИЛИЙН УГТАЛ БА АРДЫН НАМ, АРДЧИЛСАН НАМ ДАХЬ УЛС ТӨР
Сүүлийн хоёр сарын турш улс төрд өрнөсөн үйл явц Ардын намыг ч, Ардчилсан намыг ч нэлээд бужигнуулж байна. Их сонгуулийн өмнөх га рааны зурвас болох 2011 он хэдхэн хоногийн дараа тоологдож эхэлнэ. Үүнтэй өрсөж уралдах гэсэн мэт МАН-ын “хувьсгалчид” нь бууриа сахин үлдэхээ мэдэгдэн салан тусгаарлах арга саамаа эрж хайцгааж байна. Шүүх цагдаадаа тулж, Үндсэн хуулийн цэцээр хүртэл заргаа шүүлгэж мэдэхээр байгаа энэ маргаан Ардын намынхны хувьд сонгуулийн өмнөх хамгийн том аюул дагуулж мэдэх нь.
Намынх нь удирдлагууд чаддагаараа эцсийн арга хэмжээгээ авч УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг МАН-аас хөөж, УИХ дахь бүлгийнхээ хуралд ч оролцуулахгүй бай гаа ч энэ нь хувьсгалд хайртай “ком мунистуудад” оновч той хатуу цохилт болж чадсангүй. Харин ч дайран дээр нь давс гэгчээр тэднийг улам хурцалж, эргэлт буцалтгүй шинэ намыг сонгохоос өөр гарцгүй болгоод байна. 90 жилийн турш намын даргынхаа үгээс гарч үзээгүй, Удирдах зөвлөлийн шийдвэрийг тэнгэрийн зарлиг мэт үг дуугүй хүлээн зөвшөөрүүлж, дагуулж чаддаг байсан МАН-ын дарга нарын хараа хяналтаас тэд одоо нэгэнт гарлаа.
Түр штабынхан намын төв аппарат дахь явцуу улс төрөөс хальж, хөдөө орон нутагт бага ч гэсэн дэмжлэг авч эхэлсэн нь өнгөрсөн 20 жилийн УИХ-ын сонгуулийн таван давтамжаар дөрвөн удаа эрх баригч болж байсан МАНыг хоёр хуваагдахад хүргээд байна. Аль ч орны намууд лидерээсээ шууд хамааралтай улс төр хийдэг. Намын дарга, удирдлагын шийдвэр, үйл хөдлөлөөс шууд хамааралтайгаар ялалт, ялагдал нь үнэлэгдэж ирсэн.
МАН ч ийм зарчмаар өнөөдрийг хүртэл улс төрд гол тоглолт хийж байлаа. Харин энэ удаа аядуу зөөлөн С.Батболд, огцом түргэн, шийдэмгий У.Хүрэлсүхийн үед 90 жилийн түүхтэй энэ нам ийнхүү хоёр хуваагдаж болзошгүй байгаа нь МАН-д бодлогын том шинэчлэлийг эхлүүлж мэдэхээр байна. МАН 70 жилийн өмнөх уугуул нэрээ сэргээсэн. Үүнийгээ дагаад хагас зууны тэртээх түүхийнхээ зарим нэг хуудсыг дахин эргүүлж, нэгэн цагт адалж, хэмлэж асан өвөг дээдсийнхээ үйл хэргийг шинэчлэн эхлүүлж байна.
“Солийн Данзан” сан хүртэл байгуулсан нь зарим нэг талаар хэтэрхий туйлшралыг нийгэмд мэдрүүлээд байна. “Ардын нам” гэдэг нэр уг нь коммунист гэж сонсогдохгүй л дээ. Ийм нэртэй нам Орост хүртэл хэдхэн хоногийн өмнө байгуулагдаж, улс төрийн хүрээнд нь дуулиан тариад эхэлсэн. Нэгэн цагт монголчууд бидний хамгийн сайн танил болоод байсан Ерөнхий сайд асан М.Касьяанов, орлогч сайд В.Немцов нарын бас ч үгүй нөлөө бүхий улстөрчид энэ намыг тэргүүлэхээ мэдэгдсэн.
Гэхдээ тэд гишүүдээ “большивекууд” гэж нэрлэхгүй байх. Харин манай МАН-ын гишүүдийг “ардын намын журамт цэрэг” хэмээн өхөөрддөг болсон нь тэднийг улам ч хөөргөөд баймааргүй юм. Ц.Шинэбаярыг Ардын намаас гаргаснаараа энэ намын хувьд УИХ дахь нэг гишүүнээ “цаг бус”-аар алдаа л биз гэж тооцож байж магадгүй. Харин энэ нь эргээд МАН-ыг 2008 оны УИХын сонгуульд оролцсон хууль ёсны субьект хэвээрээ юү гэсэн эргэлзээг ч төрүүлж мэдэх юм.
МАН хоёр жилийн өмнө МАХН нэртэйгээр УИХ-д олонхийн суудал авч, эрх баригч нам болсон. Харин одоо “хувьсалт”- аа булаацалдсан талцал энэ намд үүссэн. Гишүүдийн олонх нь МАН нэртэй болохыг дэмжсэн тул анхныхаа сонгогчдыг алдаагүй хэмээн тэд тайлбарлаж буй. Гэтэл бууриа сахин үлдээд байгаа цөөн ч гэсэн тэр гишүүд МАХНын төлөө саналаа өгсөн, Түр штабынхны төлөөлөл биш гэж үү.
Тиймээс өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр УИХ дахь аль ч намын төлөөлөл биш, бие даагч ч биш “эзэнгүй” гишүүн болсон шиг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн анхныхаа нэр дэвшсэн субьектийг хууль ёсны дагуу төлөөлж чадах уу. МАХН-ын Түр штабынхан МАН-ын удирдлагуудтай ямар нэгэн “тохироо” хийх бодолгүйгээ илэрхийлсэн. Гэхдээ энэ нь одоохондоо гэсэн тодотголтой. Энэ жил сонгуулийн өмнөх хамгийн өндөр ач холбогдолтой жил. Тиймээс тэд МАН-ынханд сонгууль ойртох тусам өдөр өдрөөр үнэ цэнэтэй, гол тоглогч нь болно. Тиймээс өнөөдрийн 10 төгрөгийг маргааш 1000 хүргэх тооцоо тэдэнд бий.
Хэрэв МАН хувьсгалчдаа эргүүлэн эгнээндээ авчирч чадахгүй бол 2012 онд саналыг нь хуваах гол өрсөлдөгч нь “жижиг” намууд биш харин тэд байх нь тодорхой. Тиймээс өнөөдөр МАН-д үүссэн хамгийн том асуудал бол яах аргагүй МАХН-ын Түр штабын нөхдүүд болоод байна. Харин МАН-ын хамтрагч, уг нь бол гол сөрөг хүчин АН- д бас л шинэчлэлийн давалгаа эхэлж, хэл ам хэрүүл шуугиантай байгаа.
Гэхдээ АН-ынхны хувьд ганц имиж нь гэж хэлж болох фракц, хөдөлгөөнүүдийн тэмцэл, хэл ам нь ардчилсан гэх илэрхийлэл нь болдог. Тэд үүндээ ч дөжирчихсөн. Тэгээд ч энэ нам дахь шинэчлэгчдийн хөдөлг өөнүүдээс тавьж буй шаардлага нь хэтэрхий жижигхэн. Онц их хурлыг хуралдуулах, шинэ үеийнхнийг гаргаж ирэх.
Энэ нь цаанаа өнөөх л муу намынхаа даргыг огцруулж дараагийн ээлжийнхнийг хоолонд оруулахыг л шаардаж буй. Ардчиллын 20 жилийнхээ түүхэнд АН олон фракц жигүүрт хуваагдан, салж нийлж, урваж шарваж, эрх барьж буй Засгийн газраа огцруулж “сахилгагүйтсэн”.
Харин тэд одоо томоожсон. 20 жилийн өмнө одоогийн шинэчлэгч гэх залуус шигээ омог ихтэй байсан тэдний хамгийн залуу нь өнөөдөр 40 нас хэвийж буй. Цагтаа цалгиж, намын дарга байтугай арай гэж олж авсан Засгийн газраа хэд хэдэн удаа огцруулж, хэдэнтээ сонгосон. Тэр үед АН-ын үе үеийн дарга нар нас залуу, улс төрийн туршлагагүй бас омголон байсан.
Тиймдээ ч Р.Гончигдорж, Р.Амаржаргал, Ж.Наранцарцралт, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж гээд олон даргаа огцруулсан. Харин одоогийн дарга Н.Алтанхуягийн хувьд хэр баргийн юманд өнд өлзөөд, өрвөлзөөд байдагггүй, нам доторх фракц бүлэглэлийнхээ эв эеийг эрхэмлэн “дөрвөө дарсан ат шиг” асуудалд хашир ханддаг нь АН-ыг төлөвшиж, намба суусан имижтэй харагдуулдаг.
Энэ нь шинэчлэгчдийн тавьж буй шаардлагыг эцсийн зорилгодоо хүргэх магадлалыг бууруулж мэднэ. АН-ыг удирдаж буй Н.Алтанхуягийн хийх нүүдлээс өнөөдөр бүх зүйл шалтгаалах магадлал тун өндөр. МАНын дарга нар шиг асуудлыг дэвэргэж, гал дээр нь тос нэмбэл тэр суудлаа өгч ч мэднэ. Харин өнөөдрийг хүртэл эвийг хичээж ирсэн шигээ асуудалд хандвал шинэчлэгчдийнхээ шаардлага, шахалтыг эерэгээр ашиглан сонгуулийн өмнөх АН-ын PR болгох боломж бий.
2007 оны өдийд МАХН XXV их хурлаа хийж байлаа. МАХН-ыг шинэчлэх шахалт шаардлагаар хуралдсан гэх энэ хурлаараа тэд намынхаа шинэчлэлтийг биш харин АН-ын дарга Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргаж байлаа.
“Намаа янзлахаар хуралдаж байна гэсэн чинь намайгаа янзлахаар цугларсан юм байж” хэмээн Ц.Элбэгдорж хэлж байсныг санаж байна. Тухайн үедээ МАХН энэ хурлаа сонгуулийн өмнөх маш том сурталчилгаа болгож, МАХН шинэчлэгдлээ гэсэн мессежийг нийгэмд тараасан. Ингэснээрээ МАХН 2008 оны сонгуульд АНаас илүү санал авч чадсан. Харин одоо АН ийм тоглолт хийж яагаад болохгүй гэж.
“Сантмарал” судалгааны төв өөс гаргасан энэ оны сүүлийн хагас жилийн судалгаагаар МАН, АН-ын рейтинг эн тэнцүү, хэдхэн хувийн саналын зөрүүтэй гарчээ. “Хэрвээ сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ” гэсэн асуулгад МАХН-д 36.8 хувь, АН-д 37.2 хувийн санал өгнө гэж хариулжээ.
Энэ бол МАХН нэрээ солихын өмнөхөн гаргасан судалгаа. Харин одоо МАН болсон нь зарим хэсэгт таалагдахгүй байгаа тул энэ рейтинг буурна уу гэхээс өсөхгүй л байх. Улстөрчдийн рейтингийг судалсан бусад судалгаагаар намын дарга Н.Алтанхуягийн рейтинг ч бас өндөр байгаа.
Тиймээс АН-ынхны хувьд сонгуулийн өмнөх энэ чухал үед жижиг улс төрөөр өөр хоорондоо арсалдаж байхаар том улс төр хийвэл 2012 оны сонгуулийн угтал сайхан боломжийг олгож байна. Харин бурхинд зуулгасан МАН ирэх хавраас өмнө ямар аргаар хоёр яс салах нь тун ч олон асуултыг хариултгүй үлдээхэд хүргэлээ.
Д.Оюун-Эрдэнэ
URL: