Монголын боловсролын салбар мөнгөгүй хүнд хаалттай юм биш үү

ee84cb71032607bdae2d0f789729a9d3_1200Цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна гэх нь бий. Ёгт эл үг энэ цагийн аж байдлыг нэг талаар илэрхийлжээ. Шинэ цагийнхан чаддаг чаддагаараа мөнгө олох болжээ. Гайхалтай  хийцтэй монгол дээл гутал урлаад түүнийгээ зах зээлд үнэ хүргэж байгаа бол чадаж байгаа юманд арга байхгүй гээд зогсч байхсан. Гэтэл үгүй юм аа.
Эзэмшсэн мэргэжил, хашиж буй албан тушаалаа мөнгө болгох тухайд бид гаргуун болсон байна.  Хаврын улиралд хэн баяжиж байна вэ гэвэл Ерөнхий боловсролын сургуулийнхан.  Ер нь самбаачилж чадах аваас багш бүхэн мөнгийг халааслах шиг л болж байна. Яг одоо   ЕБС-ийн нэгдүгээр ангид  элсэх суралцах хүүхэдтэй айлууд халаасаа тэмтэрдэг үе.
Өндөр өртөгтэй, хувийн сургуулийн сургалтын төлбөрийг барахгүй  эцэг, эхчүүд төрийн, нэр хүнд нь сайн лаборатори нэг, орос гурав, гадаад хэлний 23, химийн гүнзгийрүүлсэн сургалттай  33,  24, 52,11,  “Мон ген” гэх мэтийн сургуулийн нэгдүгээр ангид  хүүхдээ оруулахын төлөө арга үйлээ барж байгаа нь нууц биш.
Цалингаас цалингийн  хооронд амьдралаа авч явдаг, дээр байрны зээлтэй залуу  эцэг,  эхчүүдэд 2,5 мянган ам. доллар эсвэл долоон сая төгрөгийн хахууль  бага мөнгө биш нь  ойлгомжтой.
Кембериж сургалттай гэгдэх сургуулийн тав, долдугаар ангид элсэх хүсэлтэй бол 15 сая төгрөгийн хахууль төлөх учиртай гэнэ.  “Шинэ монгол” –ийн  хувьд  өндөр хахуультай сургуулийн тоонд хэдийнэ  ордог.  Эл асуудал тавдугаар сараас шинэ хичээлийн жил хүртэл үргэлжилнэ.  Хүүхдээ гайгүй сургуульд оруулах хүсэлтэй иргэд цалингийн зээл авна эсвэл  машин, байраа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж гэмээнэ хүслээ гүйцээнэ.
Цаг үе нь ойртох тусам хахуулийн хэмжээ өсч багш нар үнэд орно. Үүнийг залгаад анги нь төгс байгаа багш нарын үе орж ирнэ. Цэцэрлэгийн ахлах бүлэг, ЕБС-ийн ес, арванхоёрдугаар анги  төгсгөж байгаа багш нар шавь нараа шахаж, ээмэг бөгжөөс авахуулаад өөрт хэрэгтэй зүйлээ авахуулдаг гэх яриа олон жилийн өмнөөс дуулдах болсон. Одоо  арга нь улам нарийссан гэнэ лээ.
Намар болохтой зэрэгцээд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бүдэрсэн нөхдүүдийн эцэг эхээ “шатааж” эхэлнэ.  Хачирхалтай нь хэн ч энэ хэргийг илчлээгүй. Бас авсан  нь ч  баригдаагүй. Тэгсэн атлаа чимээ тахал адил газар авсаар байгаа нь бодит үнэн.  Юм байна аа, …. сургуулийн нэгдүгээр ангид  хүүхэд оруулаад өгөх, танил талтай  хүн байна уу  гэх яриа, мессеж хүнээс хүнд, утаснаас утсанд дамжсаар.
Энэ бүхнийг анзаарч суухад Монголын боловсрол мөнгөгүй, эгэл ардын хүүхдэд хаалттай болсон юм бол түүнийгээ ил тод зарлачихвал яасан юм бэ. Мөнгөгүй нь мөнгөгүйгээ мэдрээд  сэтгэл нь амраг хөөрхий.
Г.Дорж
Монголын мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих