Төрийн банкны захирлууд бөгсөндөө ингэж санаа тавьжээ
Төрийн банкны удирдах албан тушаалтнуудын тансаглал зогсохгүй нь бололтой. Хэдхэн хоногийн өмнө цахим сүлжээгээр цалингийн хэмжээ, хөл дүүжлэх унааны төсөв цацагдаж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байв. Гэтэл энэ байдал намжив уу, үгүй юу тэд “Бөгсөндөө санаа тавьж” эхэлжээ.
Тодруулбал тус банкны захирлын өрөөний, хоёр хүний буйдан болоод хүлээлгийн өрөөний буйданд нийт 14.7 сая төгрөг зарцуулжээ. Тэр бүү хэл гар утас, телевиз авахуулсан байх юм. Угтаа тус банкны Ерөнхий захирлын ганцхан сарын цалин гэхэд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 нуглах хэмжээ буюу 18 сая. Ингэж үзэхээр жилд 216 сая төгрөгөөр цалинждаг гэсэн үг юм. Цаашлаад гүйцэтгэх зархилуудынх нь цалин жилийн 180 сая бол, 8-12 сая төгрөгөөр сард цалинждаг гурван орлогч бий. Энэ мэтээр тоочоод байвал тэдний хангамж шинэ цагийн хэллэгээр жинхэнэ утгаараа супер байгаа юм.
Хамгийн бага албан тушаалын захирал л гэхэд сард гурван сая төгрөгийн цалин авдаг байх жишээтэй. Ийм атал татвар төлөгчдийн мөнгөөр буйдан, гар утас, зурагт авахуулж байгаа зэргээс нь харахад тэд шамласан ханцуйгаа мөддөө буулгахгүй нь бололтой. Цаашлаад нүцгэн гараараа татвар төлөгчдийн, харилцагч мянга мянган иргэний данс руу орохгүй гэсэн баталгаа ч үнэндээ алга..
Эх сурвалж:tonshuul.mn Ц.Анударь
URL: