Э.БАТ-Үүл 20 тэрум төгрөг нэхэх аян өрнүүлж эхэллээ

Ерөнхийлөгчийн сонгуульд найдвартай нэр дэвшинэ хэмээгдэж байсан Э.Бат-Үүл эцсийн мөчид нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнийг “Би гэр хороололдоо эргэж очно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаа гүйцэлдүүлэхийн төлөө тэмцэнэ” хэмээн мэдэгдэл хийж байх үед Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон гэх 20-оод хүн Ардчилсан намын байрны өмнө жагсаал хийж байв.

 9146

Энэ бол Ардчилсан намын нэр дэвшигчид намынхаа байранд нэр дэвших өргөдлөө өгөх эцсийн хугацаанд Э.Бат-Үүлийг өргөдлөө бариад ирнэ гэж тооцоолон “угтсан” жагсаал бололтой байсан. Гэвч Э.Бат-Үүл нэр дэвшихгүй гэдгээ “Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох хэрэгтэй” /2017.04.23/ гэсэн  нийтлэлээрээ бараг зарлачихсан. Яагаад гэдэг тухайтад хэвлэлийн бага хурал зарлан тайлбарлаад гэр хорооллын иргэдийг луйвардах том луйвар явж байгааг илчилнэ гэж мэдэгдэв.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хэн хохирсон бэ?

Дээр өгүүлсэн Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд Э.Бат-Үүлийн эсрэг жагссан гэж. Сүүлд нь энэ жагсаалыг нэр бүхий хүмүүс зохион байгуулж, өдгөөгийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хариуцаж байгаа албаны хүмүүс ч дунд нь “цохиж” явсан талаар баримт гарч ирсэн. Энэ нэг талаасаа Э.Бат-Үүлийн хүү Б.Чулудай гэр хорооллын “тендер”-ийг аавынхаа нэрээр авч, олон хүнийг хохироосон тухай “домог”-ийн үргэлжлэл. Б.Чулудай ч Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох компаниудыг тендерээр шалгаруулдаггүй, тухайн иргэдийн саналаар сонгодог.  Тухайн үедээ иргэдийн саналаар шалгарсан боловч аавтай нь холбож тайлбарлах, улстөржүүлэх нь хэтэрхий их байсан учраас “Бэрэн” группт төслөө өгсөн. “Бэрэн” групп өдгөө байшингаа барьж, иргэд нь нь шинэ байрандаа орсон. Өөр нөхцлөөр гэрээ хийгдсэн 5-7 айл л байрандаа ороогүй маргаан байгаа гэж тайлбарласан.

Түүнээс гадна газраа чөлөөлж өгөөд байр нь ашиглалтад ороогүй, түрээсийн байр хэсч, бүр гудамжинд гарах дээрээ тулаад байгаа иргэдийн гомдол байдаг. Энэ бүхэнд өнөөгийн хотын удирдлага өмнөх удирдлагаа буруутгадаг. Иргэд бол эхэлж санаачилснаар нь Э.Бат-Үүлээс ам асуух нь нэг талаараа зүй. Тэгвэл хотын удирдлага солигдсон гээд иргэд хохироод өнгөрөх юм уу, гэр хорооллын дахин төлөвлөлт зогсох учиргүй гэж Э.Бат-Үүл мэдэгдэж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил зогсонги байдалд орсноор хэд хэчнээн хүн боломжоо алдсаныг тоогоор илэрхийлэхэд хэцүү.

Наад зах нь 2016 онд ашиглалтад орох байсан байраа хүлээсэн 2000 гаруй иргэд лав хохирсоор байгаа гэж хэлж болно.

Тухайлбал, дутуу гүйцэтгэлтэй байсан 19 төслийн эдгээр барилгын дутуу санхүүжилтийг шийдэхийн тулд тухайн үеийн хотын захиргаанаас 20 тэрбум төгрөг, арилжааны банкуудаас 20 тэрбум төгрөг гаргаж, барилгыг ашиглалтад оруулан эргэж, арилжааны журмаар шийдэх тогтоол гаргасан. Харин сонгуулийн дүнгээр нийслэлд МАН ялалт байгуулснаар “шинэ” хотын захиргааныхан энэхүү 20 тэрбум төгрөгийг санхүүжилт байхгүй гэдэг тайлбартайгаар зогсоосон. Гэтэл үнэндээ хотын төсөв хасагдаагүй, 2016 онд 580 тэрбум байсныг 2017 онд 601 тэрбум төгрөг болгон 23 тэрбум болгосон.  Ийн гэр хорооллын 20 тэрбум төгрөг олддоггүй мөртлөө, захиргааны, сайд дарга нарын зардал хэдэн тэрбум төгрөгөөр нэмэгдээд байгаа тухай Э.Бат-Үүл өнгөрөгч ням гаригт Хайлаастын 15-р хорооны иргэдтэй уулзах үеэрээ тайлбарлав. Үүний араас Хятадын асар их хөрөнгө оруулалт оруулж ирж, гэр хорооллын иргэдийн газрыг үнэгүйдүүлэн авах, эргүүлээд барьсан байшингаа зарж, хэд дахин нугалсан ашиг олох гэж байгаа талаар тэрээр тоо баримттай мэдээлэл хүргэсэн юм.

Мэдээж хэрэг гэр хороолол руу дэд бүтэц татах, боломжтой хэсгүүдэд байшин барих бол гэр хорооллынхны мөрөөдөл. Анх Э.Бат-Үүлийг хотын даргаар сонгогдон ийм хөтөлбөр дэвшүүлэхэд нь алга ташин дэмжиж байсан иргэд Э.Бат-Үүлээс өнөөдөр ч гүйцэтгэлийг нь шаардаж байна. Харин Бат-Үүл өөрийнх нь санаачилсан бас ч гэж чамгүй амжилттай урагшилж байсан ажил ийн шинэ удирдлагын “гараар” сүйрэх гэж байгаа учраас гэр хорооллын иргэдээс дэмжлэг хүсэв. Тэрээр “Алийн болгон дуугүй суух вэ? Бүгдээрээ нийлж тэмцэцгээе. Хашааныхаа газрыг үнэгүйдүүлж алдах биш, нэгэнт суурь нь тавигдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн биелэлтийг одоогийн удирдлагуудаас нэхье” гэж уриалж байна. Мэдээж утаа, хөрсний бохирдлын гол эзэд гэж буруутгагдаад байгаа иргэд үүнийг өндөр дуугаар дэмжиж байв.

Ийн Ерөнхийлөгчийн сонгуулиас “зайлуулагдсан” гэгдсэн Э.Бат-Үүл гэр хорооллын иргэдтэй нэгдэн, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр дүнг одоогийн эрх баригчдаас нэхэн тэмцэнэ гэдгээ гэр хорооллын гудамжнаас зарлалаа. Тэрээр ойрын өдрүүдэд гэр хорооллоор уулзалт хийн, иргэдийг шинэ тэмцэлд нэгтгэнэ гэж байгаа аж? Түүний тэмцэл үр дүнд хүрэх болов уу?

Б.Тулга

Эх сурвалж: mglnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих