АН-ЫН НЭР ДЭВШИГЧИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ

battulga-2Тоглогчид ширээний ард суулаа. Төрийн ордонд зассан энэ удаагийн фокерын ширээ нилээд онцлогтой. Зүй нь диллер нь өнөөгийн өндөрлөгт суугаа тэр эрхэм. Өмнө нь тоглогч байсан мань хүн өөрийнхөө орыг залгамжлагчийг тодруулахын тулд дүрээ хувиргаж, зүсээ өөрчлөн тоглоомонд хөндлөнгөөс оролцож суугаа нь тэр. Тиймдээ ч диллерээс бүх зүйл хамаарна.

Эхний тоглогч М.Энхболд. Тоглох эрхээ өрсөлдөгчгүйгээр шахам олж авсан нэгэн. Шулуухан хэлэхэд, тэр төлөвлөгөөнөөсөө огтхон ч гажаагүй. Жилийн өмнөх хар зургаа ягштал мөрдөж яваа нэгэн гэхэд болно. Тиймдээ ч Тусгаар тогтнолын ордонд бүх зүйл болдгоороо болж өнгөрсөн юм.

Дараагийнх нь Х.Баттулга. Өнгөрөгч амралтын өдрүүдэд АН-ын Их хурал болж, дотоод сонгуулиар ялалт байгуулсан Х.Баттулгыг батламжилсан. АН тоглогчоо ширээний ард суулгахын тулд өнгө зүс, хөрөнгө мөнгө, өмссөн зүүснийг нь хүртэл шалгаж тогтоосон. Сонгуулийн дараагаас эхлэн АН-д шинэчлэл өрнөж, он гарсаар дотоод сонгуулиасаа өндийлгүй өдий хүрэв.

Богино хугацаанд олон ч сонгууль зохион байгуулж, хөрөнгө мөнгийг хэдэн зуун саяар нь цацав. Аргагүй л баян Засгийн газар тэргүүлж байснаа бататгаад амжсан гэлтэй. Иргэдийн хоногийн хоолонд хэрэглэгддэг мөнгө энэ намд амны алчуурны ч үнэ хүрээгүй байх. Ямартаа л 250 сая төгрөгөөс эхэлсэн дэнчингийн мөнгө тэрбумаар өндөрлөв. Үүний эцэст түүний нэр тодров.

Хэдийгээр мань эрийг МАН-ын өрсөлдөгчтэй тохироо хийж, өөрийн холбогдсон хэргээ цайруулах гэж байгаа тухай хардлага бий ч мань хүн үүнийгээ үгүйсгэдэг. АН-ын Их хурлаар түүний нэрийг баталгаажуулсаны дараа “Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм. Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон.

Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ. Би бие сэтгэлээрээ бэлэн байна.  Хүч тэнцвэргүй тулаан биднийг хүлээж байгаа. Би журмын нөхөдтэйгээ хамтран боловсруулсан мөрийн хөтөлбөр-Тавдахь Ерөнхийлөгчийн эрмэлзэх таван зүйлийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэйгээр сонгуульт хугацаагаа дуусгахыг хичээн эрмэлзэх болно. Миний эрмэлзэж буй зүйлс бол монголчуудын чин эрмэлзлэл. Монголын эх орончдын эртнээс нааш эрмэлзэж ирсэн тэр зүйлсийг удирдлагаа болгон ажиллах болно” хэмээсэн.

Гэвч Сонгуулийн ерөнхий хороо түүнийг бүртгэхгүй байх магадлалтай гэх мэдээлэл чих дэлсэв. Зүй нь Сонгуулийн тухай хуулийн 139.3.2-т “Хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх” тухай заажээ. Мөн хуулийн 139.3.3-т “Нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” заалтууд Х.Баттулгын хөлд тушаа болж мэдэх аж.

Зүй нь АН-аас нэр дэвшигч эрхэмтэй хамааралтай “Чанел Уан” ХХК нь 3 тэрбум гаруй төгрөгийн чанаргүй зээлтэй, мөн түүний 51 хувийг эзэмшдэг “Хаус дизайн” ХХК 40 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн татварын өртэй. Түүнчлэн түүний хяналтыг багцуудыг эзэмшдэг “Мах импекс” ХК, “Баянгол” ХК, “Женко Бюро Тур” ХК байгуулагуудын хугацаа хэтэрсэн татварын өр 600 гаруй сая төгрөг гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Хэрэв энэ бүхэн үнэн бол СЕХ түүнийг нэр дэвших эрхийг түдгэлзүүлж мэдэх гэнэ.

Юутай ч АН Их хурлаа хийж, мань хүнийг баталгаажуулж, Н.Алтанхуяг “Хэрэгтэй, хэрэггүй үгээ амандаа балгах хэрэгтэй. Олон жил хамт явсан сайн найз, нөхөддөө муу үгийг хэлэх нь байтугай бодоод ч хэрэггүй” гэдгийг захиж хэлсэн. Мөн тэрбээр “Бидний үр, хүүхэд ирээдүйд гэрэл гэгээтэй нийгэмд амьдрах учиртай. Бид үүний төлөө 27 жилийн өмнө нэгдэж, нийлсэн. Бидний энэ зорилго сүүлийн үед бүдгэрсэн, бүдгэрүүлсэн. Ирээдүйд арилгах, зогсоох сонирхолтой цөөхөн бүлэглэл байна. Үүний төлөө тэмцэж, зогсоох ёстой гэж бодож байна” гэдгийг ч хэлсэн юм.

Удаах нь Н.Энхбаяр. Хуулийн байгууллагаас түүнийг ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэх албан бичгийг удаа дараа хаяглаж байгаа ч МАХН Н.Энхбаяраас өөр хувилбар гаргахгүй гэдгээ мэдэгдэв. Энэ талаар тус намын гишүүн Э.Эрдэнэжамъян “Дараагийн хувилбар гэсэн ойлголт байхгүй.

МАХН-аас хүнээ нэр дэвшүүлсэн, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ. Яагаад гэвэл урьд, урьдных нь хууль бус шийдвэрүүд нь  дээд шатны шүүх, давж заалдах шатны шүүх дээр очоод хууль бус гэдэг нь тогтоогдсон. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуульд ялтай гэж үзээд сонгуульд оролцуулаагүй.

Энэ нь Захиргааны хэргээр явсаар эцэстээ Улсын Дээд шүүхэд хүрч,  цагдаагийн байгууллага тийм шийдвэр гаргах ёсгүй байсан гэсэн шийдвэр гарсан. Монгол Улс нэг л хуультай. Нэг асуудал дээр Дээд шүүхийн шийдвэр гарсан бол дахин нэрийн жагсаалтаас хасах ойлголт байхгүй.  Хуулийн хувьд хориг саад байхгүй” гэх тайлбарыг өгсөн юм.

Хэрэв МАХН-ын нэр дэвшигчийг батламжилж, үнэмлэх олгохгүй бол тэмцлийн дараа, дараагийн хэлбэрийг нь сонгохоо мэдэгдэж байсан. УИХ-ын сонгуулиар яг л ийм үйл явц өрнөсөн. Н.Энхбаяр боломжгүй гэдгийг хуулийн байгууллага мэдэгдсэн ч үл хэрэгсэн жагсаал зохион байгуулсан.

Энэ удаад ч үйл явдал давтагдах бололтой. Гэхдээ Н.Энхбаяр хэзээ ч ашиггүй бас хэрэгцээгүй тоглолт хийдэггүй. Үүнийг нь улс төрийн хүрээнийхэн андахгүй. Тэгвэл түүний энэ удаагийн тоглолт хэнд ашигтай байх уу. Хэрэв тэр өөрөө нэр дэвшиж чадахгүй атлаа өөр хувилбар гаргаж ирэхгүй бол МАН-д тустай.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс үзвэл Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрын саналын зөрүү тун ойрхон. Хэрэв Н.Удвал нэр дэвшээгүй бол аварга ялах байсан тухай хэн хүнгүй хуучилдаг. Тэгвэл Н.Энхбаяр өнөөгийн эрх баригч талд үйлчлэхээр шийдэв үү, эсвэл хэн ашигтай санал тавихыг хүлээж жагсахаар болов уу.

Эх сурвалж: Л.НИНЖСЭМЖИД

Улс төрийн тойм

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих