Бид удахгүй хогондоо дарагдах байх аа
Нийслэл хот хогонд дарагдсаар байна. Тэр дундаа гэр хорооллын айлууд хог, үнсэнд даруулж, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа билээ.
Улаанбаатар хотын 65 хувийг гэр хороолол эзэлдэг гэхээр хог ямар хэмжээнд хүрч буй нь тодорхой. Ялангуяа өвлийн улиралд хог хаягдал бусад улирлаас илүүтэй их хэмжээгээр гардаг. Өнгөрсөн долоодугаар сараас эхлэн гэр хорооллын айлуудын хогны мөнгийг, гэрэл цахилгааны мөнгөтэй цуг авдаг болсноор хогоо ачихаа болилоо гэсэн гомдол тасрахаа байв. Тохижилт үйлчилгээний компаниудын үйл ажиллагааг сурвалжлахаар Баянгол дүүргийн XXIII хороон дээр очсон юм. Бодит байдал дээр хог ачих асуудал хүндрэлтэй байгаа бололтой.
Энэ хороонд оршин суудаг айл өрхүүдийн ярьж буйгаар хогны мөнгийг цахилгааны үнэтэй хамт авдаг болсноос хойш нэг ч удаа хогоо ачуулаагүй айлууд олон байв. Мөнгөө авсан мөртлөө яагаад хогоо ачихгүй байгаа юм бол доо гэж хэлээд суухаас өөр зүйл алга. Манай хогийг хаанаас хэн ирж ачдагийг ч мэдэхгүй гэцгээнэ. Энэхүү хорооны оршин суугчид хогны машин ирж, хог ачихыг хэдэн сараар хүлээж цөхрөнгөө баржээ. Нэгэнт хог ачихгүй болохоор иргэд орой үдшийн цагаар хөл хөдөлгөөн багасахаар ойр орчныхоо жалга руу хогоо сэмхэн хаячихдаг гэж ярьж байлаа. Баянгол дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэр дээр хоёроос гурван хогны цэг хэдийнэ бий болчихжээ. Өвөлдөө болохоор хорооны ойролцоох жалга бүр дүүрчихдэг аж.
Энэ дүүргийг хариуцсан “Хот тохижилт үйлчилгээний компани” дээр очиход дарга А.Баянмөнх “Манайх ажлаа тогтмол сайн явуулдаг. Айл өрхүүд мөнгөө өгдөггүй болохоор гэр хорооллын айлуудын хогийг ачих хүндрэлтэй байдаг. Баянгол дүүрэг бусад дүүргийг бодвол хүн амын нягтаршил ихтэй. Манай тохижилт үйлчилгээний компани техник хэрэгсэл дутмаг. Одоогийн үнэ болох cap бүрийн 2500 төгрөг хог ачихад хаанаа ч хүрдэггүй юм. Иймээс тохижилт үйлчилгээний компани алдагдалтай ажилладаг. Манай ажилчид маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Хэрвээ хөрөнгө мөнгө хангалтай байх юм бол бид хог ачихад бэлэн байна” гэсэн хариултыг өгөв.
Баянгол дүүргийн XXIII хорооны иргэн Ц.Хишигтогтохтой уулзсан юм.
-”Хот тохижилт үйлчилгээний компани” хогоо сард хэдэн удаа ачдаг вэ?
-Манайх “Тохижилт үйлчилгээний компани”-д хогоо ачуулж үзээгүй. Энэ байгууллагыг ажлаа хийж, ирж ачихыг нь дандаа хүлээдэг. Ирэхгүй болохоор нь яах аргагүй хогоо хурааж байгаад хажуу дахь жалга руугаа хаядаг. Одоо манай энэ хавьд хогийн цэг зөндөө бий болчихлоо. Ил задгай хаясан хогноос болж янз бүрийн халдварт өвчин гарах магадал ихтэй байна.
-”Зүүн Ард Аюуш” гудамжид бий болсон энэ жалганд хичнээн айл хогоо хаяж байна вэ?
-Манай энэ орчмын айлууд бүгд хаядаг. Бид удахгүй хогондоо дарагдах байх аа. Эндхийн бүх айлууд оройн цагаар хүмүүсийн хөдөлгөөн багасахаар хогоо шуудай, шуудайгаар хаядаг.
-Хогоо ачуулахгүй байгаа мөртлөө cap бүр хичнээн төгрөг төлж байна вэ?
-Cap бүр хог ачна гэж 2500 төгрөгийг гэрэл, цахилгааны мөнгөтэй цуг авдаг. Манайхны хувьд хогоо ачуулахгүй байж мөнгө илүү төлж байна. Амьдрах гэж ядарч яваа бидний хувьд бол 2500 төгрөг бол их мөнгө шүү дээ.
-Энэ талаар хорооны Засаг даргадаа хандаж, гомдол мэдүүлэв үү?
-Хандаж үзсэн. Cap бүр хог ачих машин явж байгаа гэсэн хариултыг л өгдөг. Бид үнэндээ хог тохижилт гэдэг компани хаана байдгийг нь ч мэдэхгүй шүү дээ гэв.
Иргэдийн cap бүрийн 2500 төгрөг цугларсаар нэг дүүрэгт гэхэд 2-3 тэрбум төгрөг болдог гэсэн тооцоо бий. ТҮК-иуд машин байхгүй, техник хэрэгсэл дутмаг тал бий боловч хог ачих ажлаа хийхээсээ илүүтэй хувьдаа завшаад суудаг талаар манай сонин баримттайгаар өмнө нь бичиж байсан билээ. Гэвч өнөөдрийн байдлаар ТҮК-ийн өнгө төрх иймэрхүү янзтай л байна.
Н.Алтанцэцэг
URL: