Иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангана

9129

Барилга, хот байгуулалт ба зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр: Барилгын салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хөгжүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор барилга, барилгын материалын салбарт баримтлах бодлогыг шинэчлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг дотоодын нөөц бололцоонд түшиглэн бүсчлэн хөгжүүлэх, улмаар гадаадад экспортлох боломжийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Уг ажлын хүрээнд байгаль орчинд ээлтэй, дулааны алдагдалгүй, галд тэсвэртэй барилгын материал үйлдвэрлэх зорилгоор барилгын угсармал хийц бүтээцийн үйлдвэр, дулаалгын материал, төмөрлөгийн үйлдвэрийг бодлогоор дэмжин, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна.

 

Мөн Замын-Үүдийн чөлөөт бүсэд барилгын материалын бөөний хангамжийн сүлжээ байгуулах, Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн болон Багануур үйлдвэрлэл, технологийн паркын ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг төслийн санхүүжилтийг тус тус шийдвэрлэн зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

 

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөрөнгө оруулалтын үр дүнд 2017 оны I улирлаас эхлэн цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэглээг 100 хувь хангаж, улмаар экспортлох боломжтой болоод байна. Түүнчлэн барилгын материалд шаардлагатай эрдэс, түүхий эдийн ордын нөөцийн хэмжээг төрөлжүүлэн судлах ажлыг зохион байгуулж, зарим ордын нөөцийн хэмжээг тогтоогоод байна.

 

Иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд 120 айлын орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд 2017 онд Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын дуусаагүй орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьж байгуулна. Мөн Улаанбаатар хотод “Буянт ухаа 2” орон сууцны хорооллын дуусаагүй 972 айлын 18 барилгыг 2017 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, цаашид хэрэгжүүлэхэд бэлэн болсон “Буянт ухаа 2-2”, “Буянт ухаа 3”, “Эко яармаг”, “7 дугаар хороолол” зэрэг орон сууцны хороолол, хотхоны төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эдгээр төсөл хэрэгжсэнээр нийт 8717 айлын орон сууц ашиглалтад орох боломжтой болно.

 

2017 оны 3 дугаар сарын байдлаар 1028 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчийн тоо 90.4 мянгад хүрсэн байна. Үүний 77.8% нь орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдсан байна.

 

Орон сууц худалдан авах боломжгүй, түрээсийн орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн өмчийн бүх хэлбэрийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах зорилготой “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2015-2021 онд хэрэгжих бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, эдгээрээс 12160 айлын орон сууцны санг шинээр, 7840 айлын орон сууцны санг зах зээл дээр ашиглагдаж байгаа түрээсийн байрны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах замаар бүрдүүлэх юм. Өнгөрсөн хугацаанд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууцны санд нийт 1512 айлын орон сууцыг шилжүүлсэн байна.

 

Түрээсийн орон сууцны нэг сарын түрээсийн төлбөрийн хэмжээг “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-д тулгуурлан өрхийн дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй байхаар хот, хөдөө орон нутагт ялгавартай тогтоон 2017 онд мөрдөх түрээсийн орон сууцны нэг сарын төлбөрийн хэмжээг нийслэлд 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байхаар тус тус тогтоон мөрдүүлж байна.

 

Цаашид гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон хувийн орон сууц” загвар төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, аймаг бүрт “1000 айлын орон сууц” төсөл, “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг тус тус үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, 20000 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

Барилга, хот байгуулалтын салбарт Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк болон гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр “Эрдэнэт хотын бохир ус, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл төсөл”, “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”, “Дархан хотын бохир усны менежментийн төсөл”, “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”, “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт-бохир усны менежментийг сайжруулах төсөл”, “Улаанбаатар хотын VII, XIV хорооллын орон сууц, МҮОНРТ орчмын хорооллын дэд бүтцийн төсөл”, ”Дэд бүтэц” зэрэг төсөл хэрэгжиж, хот суурин газрын дэд бүтцийг хөгжүүлэх, орон сууцжуулах бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

 

Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих жишиг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор нийслэлийн 24 байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, 8 байршилд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус 32 байршилд нийтдээ 85190 иргэдийн 17667 нэгж талбарын 1615.8 га талбай хамрагдах бөгөөд энэ нь нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15 хувь, гэр хорооллын хүн амын 10 хувийг хамрах юм.

 

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан 7 дугаар хороолол, Буянт-Ухаа, Ирээдүй, Яармаг зэрэг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажилд 12.4 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж дуусах шатандаа ороод байна.

 

Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Нийслэлд 1000 айлын түр суурьших орон сууцыг барьж ашиглалтад оруулах” зорилтын хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах зориулалтаар БНХАУ-аас олгох 350,0 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчмын бүсэд 1000 айлын түр суурьших орон сууц барихаар бэлтгэл ажлыг хангуулаад байна.

 

Засгийн газрын 2017 оны 5 дугаар тогтоолоор “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий үндэсний хороог байгуулсан бөгөөд төслийн судалгаа, урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил хийгдэж байна.

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн чиглэлээр хаягийн мэдээллийн систем байгуулах, газрын кадастрын мэдээллийн санг геодезийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийг бий болгох зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж, 2017 онд нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болголоо.

 

Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто зам дагуух Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын байр зүйн зураглал, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлыг 130400 га газарт хийж, иргэнд улсын чанартай авто зам дагуух газарт газар өмчлөх боломжийг бүрдүүллээ.

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах, эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд Газрын биржийн үйл ажиллагааны журмыг Засгийн газрын 2016 оны 210 дугаар тогтоолоор баталж, биржийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

 

 

Засгийн газраас Зам, тээврийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Авто замын тухай болон Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Түүнчлэн иргэний нисэх, төмөр замын тээвэр, автотээвэр, далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус боловсруулж байна.

 

НҮБ-ын Дугуйт тээврийн хэрэгсэл, тэдгээрт ашиглаж болох тоног, төхөөрөмж болон эд ангид зориулсан техникийн нэгдсэн шаардлагыг батлах тухай, эдгээр шаардлагад үндэслэн олгосон зөвшөөрлийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын Иргэний агаарын хөлөг худалдах тухай хэлэлцээрийг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэн дэмжүүлж, уг хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулж байна.

 

Төрөөс авто замын болон автотээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг шинээр, төмөр замын тээвэр болон иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулж байна.

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт авто замын салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн авто замын сүлжээг бий болгох зорилтын хүрээнд 2017 онд 21 чиглэлийн 1412.77 км хатуу хучилттай авто зам, 3 байршилд 639.6 у/м төмөр бетон болон хөвдөг гүүрийн барилга, их засварын ажлыг улсын төсвийн 5.29 тэрбум, Хөгжлийн банкны 23.84 тэрбум, гадаадын зээл, тусламжийн 509.93 тэрбум, нийт 539.06 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.

 

Эдгээрээс шинээр 7 чиглэлийн 506.5 км авто замын барилга болон их засварын ажлыг эхлүүлэхээр, он дамжин хийгдэж байгаа 14 чиглэлийн 973.26 км авто зам болон 3 байршилд 639.6 у/м төмөр бетон болон хөвдөг гүүрийн барилга, их засварын ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

 

Авто замын салбарт он дамжин баригдаж байгаа авто зам, гүүрийг энэ онд дуусган ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто зам, гүүрийн барилга угсралтын ажил 80%, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто замын барилга, гүүрийн их засварын ажил 60%, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар буюу концессын гэрээгээр хэрэгжиж байгаа авто зам, хөвдөг гүүрийн барилгын ажил 90%-ийн гүйцэтгэлтэй байна.

 

Авто замын хөдөлгөөний эрчим ихтэй хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 эгнээ бүхий 4 дүгээр зэрэглэлийн 220 км авто замыг 1 дүгээр зэрэглэлийн хоёр урсгалтай, 4 эгнээтэй цементбетон хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүлэхээр урьдчилсан судалгааг хийж, зураг төслийг боловсруулж дууссан бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр энэ хавраас хэрэгжүүлж эхлэх юм.

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилтын хүрээнд 2017 онд Дорнод аймаг, 2018-2020 онд Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөж байна. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн их даацын 250 орчим км авто замын ажлыг энэ оны 5 дугаар сараас эхлүүлж, 18 сарын хугацаанд барьж дуусгахаар хөрөнгө оруулагч талтай хэлцэл хийж байна.

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төмөр замын тээврийн салбарын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр 2017-2018 онд дараах ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөж байна:

 

-Уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход чухал ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын явц 51.8%-тай байгаа бөгөөд барилгын ажлыг дуусгах асуудлыг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах сонирхол бүхий этгээдтэй хэлэлцээ хийж шийдвэрлэхээр ажиллаж байна.

 

-Нарийнсухайтын сав газраас олборлож буй нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын чигийг баталж, тус чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, техникийн зураг төслийг хувийн хэвшлийн компаниудын санхүүжилтээр боловсруулж дууссан бөгөөд төслийг энэ жилээс хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулах сонирхол бүхий компаниудтай хэлцэл хийж байна.

 

-Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төмөр замын зүүн коридорыг байгуулах ажлын хүрээнд Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын барилгын ажлын санхүүжилтийг гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр эхлүүлэхээр ажиллаж байна. Тус чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, техникийн зураг төслийг боловсруулж дууссан бөгөөд төмөр замын чигийг баталсан. Мөн уг хөтөлбөрт тусгагдсан төмөр замын хойд коридорын Эрдэнэт-Овоот төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх концессын гэрээг 2015 онд байгуулсан. Концесс эзэмшигч төмөр замын ТЭЗҮ-ийг 2017 оны 6 дугаар сард боловсруулж дуусгах бөгөөд энэ онд багтаан барилгын санхүүжилтийг шийдвэрлэж, барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төмөр зам баригдсанаар Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ачаа тээврийн хэмжээ үлэмж нэмэгдэх юм.

 

-Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, агаар, орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдол бүхий “Богдхан” төмөр замын төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулж, төмөр замын судалгааны ажлыг эхлүүлээд байна.

 

Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Олон-Овоо өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл жилд 1 сая тонн орчим нүүрсийг төмөр замаар шууд тээвэрлэх ажлыг энэ оны 3 дугаар сараас эхлүүлээд байна. Түүнчлэн Төмөр замын парк хуучирсантай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН болон “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран тавцант болон ачааны вагоны угсралтыг эхлүүлсэн бөгөөд эхний 10 вагоныг энэ оны 6 дугаар сарын эхээр төмөр замын хэрэгцээнд нийлүүлнэ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Замын-Үүд суманд холимог тээврийн логистикийн төвийн бүтээн байгуулалтыг 2016 онд эхлүүлсэн. Ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байгаа бөгөөд 2018 онд бүрэн ашиглалтад оруулна. Энэхүү логистикийн төв нь жилдээ 5 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай байна.

 

Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийн хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх тухай” гурван улсын Засгийн газар хоорондын анхны хэлэлцээрийг 2016 оны 12 дугаар сард Москва хотноо амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү хэлэлцээрийн бэлтгэлийг хангах зорилгоор мөн оны 8 дугаар сард Улаан-Үд-Улаанбаатар-Тяньжин чиглэлийн гурван улсын туршилтын дамжин өнгөрөх тээврийг зохион байгуулж, 2018 оны 1 дүгээр сараас Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлээр дамжин өнгөрөх тээврийг тогтмолжуулах болно. Түүнчлэн цаашид дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зорилгоор Герман, Польш, Чех, Итали, Словак улстай Автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

 

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны хүрээнд Монгол Улсад тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх стратеги боловсруулах болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх төслүүдийг эхлүүлсэн бөгөөд эдгээр төслүүд нь нэг жилийн хугацаатай үргэлжлэх юм.

 

Агаарын тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын хүрээндТөв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлыг техникийн комиссоор хүлээн авч, улсын комисс ажиллаад илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байна. Энэ шинэ нисэх онгоцны буудал баригдаж ашиглалтад орсноор Монгол Улсын агаарын тээврийн хөгжилд түлхэц өгч, улмаар дагуул хот, холимог тээврийн логистикийн төв байгуулагдан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад онцгой үүрэг гүйцэтгэх юм.

 

Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх, паркыг нэмэгдүүлэх зорилгоор түргэн тусламж, онцгой байдал, хөдөө аж ахуй болон байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна.

 

Энэ оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс Монгол Улсын агаарын зайн үзүүлэлтэд /PBN/ тулгуурласан навигаци бүхий дамжин өнгөрөх нислэгийн 6 замыг агаарын хаалганаас хаалганд чиглэсэн чиг шулуун болгож, Улаанбаатар хотод хөөрөлт, буулт үйлдэх чиг шулуун агаарын зам тогтоон агаарын навигацийн үйлчилгээнд ашиглаж эхэлснээр БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнууд руу нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн нислэг төлөвлөлт хялбаршиж, нислэгийн зам богиносох давуу талыг бий болголоо. Агаарын замуудыг ийнхүү шулуутгаснаар агаарын тээвэрлэгчид жилд 230 гаруй мянган км зам товчилж, дунджаар 1700 орчим тн түлш хэмнэж, нүүрсхүчлийн хийн ялгаралтыг 5220 тн-оор бууруулах тооцоо гарсан байна.

 

БНХАУ-ын Тяньжин дэх Дунзяны эдийн засгийн чөлөөт бүсийн 10 га газарт тээвэр, логистик, үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолбор барьж ашиглах талаар Хятадын талтай тохиролцсон бөгөөд одоогоор төслийг “Монголын төмөр зам” ТӨХК 49%, Хятадын тал 51%-ийн оролцоотойгоор хамтран хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

 

Зам, тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, нийгэмд учруулж буй хохирлыг багасгах зорилгоор буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн  импортыг үе шаттай багасгах, мөн одоо ашиглагдаж байгаа буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалын өнцгийг манай улсад мөрдөгдөж буй зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн стандартын дагуу шилжүүлэн тохируулах ажлыг дотоодын аж ахуйн нэгжүүдэд сургалт явуулсны үндсэн дээр хэрэгжүүлж эхлээд байна гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих