М.Энхболд VS Х.Баттулга
Улс төрийн хоёр гол хүчнээс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо. Энэ удаад МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх эрхээ аваад байна. Тэгвэл энэ хоёр эрхмийн хэн нь хэн бэ. Тэдний боловсрол мэдлэг, улс төрийн замналыг нь хамтдаа сонирхоё.
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд.
Түүний хувьд 1964 оны долдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Боловсролын хувьд зузаан намтартай нэгэн. Тодруулбал,
-1982 онд Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр лаборатори дунд сургууль
-1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн
-1996 онд Япон Улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн
-1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
-2000 онд Эдийн засгийн магистр
-2002 онд НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн
-2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор
-2006 онд Орхон их сургуулийн Хүндэт доктор. Харин ажил эрхлэлтийн тухайд 1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн, 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. Улс төрийн замналын тухайд 1990 онд МАН-д элссэнээр улс төрийн карьераа эхлүүлсэн. Үүнээс хойш буюу 1991-1992 онд Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга, 1992-1997 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга, 1997-2006 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга, 2005-2007 онд Монгол Ардын Намын дарга, 2007-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2013 оноос МАН-ын дарга, 1998 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 1997 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч, МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч, 1995 онд “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч, 1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагчаар ажиллажээ. Ингэж тэрбээр намдаа анхан шатнаас нь эхэлж ажилласан бөгөөд өдийг хүртэл тууштай яваа нэгэн. Харин төрийн ажлын дадлага туршлагын тухайд,
-1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
-1996-1998 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
-1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
-2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд
-2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд
-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
-2016 оноос Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байна.
АН-ыг төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох Х.Баттулга.
Түүний хувьд 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуульийг зураач мэргэжлээр төгссөн гэдгээс өөр мэргэжил, боловсролын намтар байхгүй. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын хувьд дээд боловсролгүй нэгэн. Хэрвээ тэр Ерөнхийлөгч болбол дээд боловсролгүй хүн төр тэргүүлнэ гэсэн үг. Харин улс төр дэх замнал, намдаа үнэнч зүтгэсэн гэх үзүүлэлтийн тухайд ч асуудалтай. Учир нь түүний хувьд эртнээс бизнес эрхэлсэн бөгөөд бүр сүүлд буюу 2004 онд Эх орон намаас АН-д элсч орж ирсэн нэгэн. Өөрөөр хэлбэл, түүний хувьд 2004 оныг хүртэл улс төрийн чиг хандлага нь тодорхойгүй явсан байдаг. Үүний оронд түүнд спортын замнал, бизнесийн салбарт хэрхэн ажилласан зэрэг замнал гэвэл багагүй юм бий.
Гэхдээ Монгол Улсын төрийн тэргүүн болох хүнд тавигдах үндсэн шалгуурт энэ тийм ч чухал биш. Цаашилбал, төрийн ажлын дадлага туршлагыг нь аваад үзэхэд ч УИХ-ын дарга М.Энхболдтой харьцуулшгүй. Үндсэндээ түүнд тийм зузаан намтар байхгүй. Ердөө 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 -2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 -2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажилласан богинохон замналтай нэгэн юм.
Хоёр нэр дэвшигчийн боловсрол мэргэжил, улс төр болон төрийн ажлын замналыг нь харьцуулахад ийм л дүр зураг харагдаж байна. Үнэндээ яг нэг өнцгөөс нь харвал дээрх хоёр эрхмийн туулсан замнал тэнгэр газар шиг зөрүүтэй. Нөгөө талаас бизнесийн салбарт хэн нь хэн бэ гэж харьцуулахад ч их зөрүү гарна. Х.Баттулгын хувьд “Женко” гэх “овог”-той болтлоо бизнес эрхэлсэн нэгэн. Өдгөө түүний мэдэлд 3-4 компани бий. Харин УИХ-ын дарга М.Энхболдын хувьд бизнесийн тал дээр Х.Баттулгад хол хаягдана. Гэхдээ энэ бол муу гэсэн үг огт биш бөгөөд тэр нэг чиг шугамаа алдаагүй явсаар өдийг хүрсэн нь эндээс харагдана. Нэг ёсондоо цэвэр төрийн хар хүн гэвэл М.Энхболдыг нэрлэж болох юм. Төдийгөөс өдий хүртэл улс төрд зүтгэсэн ч хувийн бизнес хөөгөөгүй нь магадгүй өнөөдөр түүний сул тал байж болох. Учир нь түүний өрсөлдөгч “Женко”-гийн хувьд хэдийнэ наймааны ухаан суусан хүн.
Хамгийн хачирхалтай нь өдгөө Монголын толгой баячуудын нэг болсон Х.Баттулга өнөөдрийг хүртэл цэвэр бизнес эрхэлсэн үү гэдэг асуудал эргэлзээ дагуулна. Учир нь 2000-аад онд “Номаринг”-ийн гэх тодотголтой солонгосчуудыг залилсан хэргээс авахуулаад улс төрийн хүрээний бүхий л томоохон хэргүүдтэй нэр холбогддог нь нууц биш. Алдарт төмөр замын 63 тэрбумаас авахуулаад, 17 чингэлэг спиртийн хэргийн голлон тоглогч гэдэг автор өнөөдөр ч түүнийг дагадаг. Эцэст нь тэр өнөөдөр хууль шүүхийнхний хараанд байгаа буюу албан ёсоор “сэжигтэн” нэртэй яваа. Гэсэн ч тэр бас нэгэн “муу түүх” бүтээж, “сэжигтэн” хүн төрийн тэргүүнд нэр дэвшиж болдог шинэ жишгийг тогтоосон төдийгүй өөрийн биеэр үлгэрлэн харуулж явна.
URL: