МАХН голсон С.Ганбаатарыгаа голдоо тавих уу
Голсон юм голд орно гэгч л МАХН-д болоод байх шиг. Нөгөөтэйгүүр ноён нь хүүгээ идэх үү, хүү нь ноёныгоо дийлэх үү гэх шатрын өрөг ч энэ намд болоод байгаа сурагтай. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед улс төрийн намууд нэр дэвшигчидээ сүр дуулиантайгаар сонгож байна. МАН-ын дарга М.Энхболдыгоо нэр дэвшүүлнэ хэмээн эртнээс ярьж байсан сценнариараа нэрийг нь дэвшүүлсэн бол АН-аас өмнө нь байгаагүйгээр олон хүн сунгаанд өрсөлдөж, АН-ын МоАХ-ын тэргүүн Х.Баттулгын Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээр гишүүд нь сонгожээ.
Гол өрсөлдөгч хоёр намаас ийнхүү нэр дэвшигчид тодорсон нь улс төрийн ажиглагчдын хувьд олон зүйлийн талаар дүгнэлт хийхэд саадгүй болж байна. Жирийн иргэд ч улс төрийн намуудын сонголтын талаар өөрсдийн дүгнэлтээ цахим орон зайдаа уралдуулж, зарим нь нэг МАХН-аас Л.Гүндалайг нэр дэвшүүл, бөх, уяачид нь бэлэн болчихлоо хэмээн хошигнож сууна. Үнэндээ МАХН-аас хэн нэр дэвших нь одоог хүртэл тодорхойгүй байна. Гэхдээ нам дотроо нэр дэвших, горилогчид нь тодорчээ. МАХН өнөөдөр Бага чуулганаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмээ тодруулна. Бага чуулганд дөрвөн эрхмийн нэрийг дэвшүүлж, нууц санал хураалтаар нэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ гэж баттай эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууг нэр дэвшүүлээд байгаа бол Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар нар түүнтэй хамт өрсөлдөх аж. Харин тоон дотор үсэг цохиж явна гэгчээр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар энэ намаас нэр дэвшихээр сэтгэл шулууджээ. Түүнийг Н.Энхбаяр урин залсан гэдэг. С.Ганбаатартай биечлэн уулзаж, МАХН-ын гишүүнээр элсэж, цаашид улс төрд хамтран зүтгэхийг санал болгосон гэх. С.Ганбаатарт ч ямар хээ байх биш.
Хүн наашаа гэвэл нэг их цаашаа зүтгэхгүй. Ер нь “поп”-рох аятайхан агшныг хүлээж буй. Цаашилбал, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж, чадвал улсын хаан болно, чадахгүй бол намтартаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан гэх өгүүлбэр нэмхээр санаархаж байгаа. Тэр үүндээ машид гарамгай нэгэн. Яагаав, тээр жил Германы инженерийн бэлтгэлд сурч байснаа төгссөн гэж андуурсан, дадлага хийж байснаа ажилласан гэж туучихаад тэр нь илчлэгдэж, мань эр үнэндээ өчиж байсан цаг саяхан. Гэхдээ л хайр дурлалд нас хамаагүй гэдэг шиг улс төрч болоход боловсрол бас л хамаагүй болчихоод байна. Учир нь АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр сонгогдсон Х.Баттулгын боловсролыг үе, үеийнхэн шүүсээр өнөөг хүрсэн билээ.
Харин хүү ялах уу, ноён ялах уу гэх тулаан яг одоо эхлэх гэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр хүндтэй, улс төрийн хувьд төлөвшсөн нэгнийг сонгосон. Тиймдээ ч намын дарга Н.Энхбаярынхаа сонголтыг О.Баасанхүү хэд хэдэн удаа үгүйсгэсэн. Харин Н.Энхбаяр цаанаа өөр зүйл хүсэмжилж болох. С.Ганбаатар бол Х.Баттулгын саналыг хуваалцах хэмжээний рейтингтэй улс төрч. Хэдийгээр тэрбээр өөрийн улс төрийг карьераа “ХҮН”-ээр сүйтгүүлсэн ч ард түмний дунд нэр нөлөө нь байсаар байгаа гэдгийг саяхан танилцуулсан “Сант-Марал” судалгаа харуулаад авсан. Магадгүй цаанаа МАН-тай үгсэж, АН-ыг дарах атгаг санааг агуулж мэдэх. Ямартай ч МАХН-ын сонголт сонин байна.
24tsag.mn
URL: