Нэг банкнаас гэхэд жилд дунджаар нэг сая төгрөгийн хуурамч төгрөг илэрч байна
Үүний хажуугаар 10, 20 мянгатын дэвсгэртийг хуурамчаар үйлдэж гүйлгээнд оруулах оролдлого сүүлийн үед ихэсчээ. Тухайлбал, AD 4582533 серийн дугаартай 149х72 мм хэмжээтэй 20 мянгатын дэвсгэртийг 2009 онд баталж дараа жил нь гүйлгээнд гаргасан. Гэтэл 2010 оны хоёрдугаар сард AC 6071809 серийн дугаартай 147х69 мм хэмжээтэй 20 мянгатын хуурамч дэвсгэрт гүйлгээнд орж ирсэн байна. Хуурамч дэвсгэртийн серийн дугаарын дор байрлах Чингис хааны хөргийг гэрлийн эсрэг барьж харахад хар өнгийн бэхээр бүдэгрүүлж дуурайлгаж зурсан, Монголбанк гэсэн бичиг нь алга байгаа юм. Хуурамч болон жинхэнэ төгрөгийг цахилгаанаар ажилладаг суурин неон гэрэлд харьцуулж харахад жинхэнэ төгрөг нь фосфор туяагаар харагдана. Харин хуурамч төгрөг нь цагаан цаасаар харагдаж буй аж.
Ингээд зарим банкны хуурамч төгрөгийн дэвсгэрт илрүүлсэн баримтаас дурдая. Жишээ нь ХХБ л гэхэд 2010-2017 оны дөрөвдүгээр сарын хооронд нийт 7.1 сая төгрөгийн хуурамч дэвсгэрт илрүүлжээ. Хамгийн сүүлд 100 мянган төгрөгийн хуурамч 20 мянгат илэрсэн байна. Эдгээр баримтаас харвал жилд дунджаар нэг сая орчим хуурамч төгрөгийн дэвсгэрт тус банк илрүүлсэн дүн гарч буй юм. Тус банкны илрүүлсэн нийт хуурамч төгрөгийн 22 хувийг байгууллагуудын цүнхээр, үлдсэн 78 хувь нь салбар болон тооцооны төвд харилцагчын тушаасан мөнгөнөөс илэрчээ.
Төгрөгөөс гадна хуурамч гадаад валют манай улсын эдийн засагт их хэмжээгээр орж ирэх үзэгдэл гарах болсон. Монгол Улсын эдийн засагт өнөөдөр 16 төрлийн гадаад валют ашиглаж байна. Ялангуяа, хуурамч ам.доллар, юань их илэрч байгаа юм. Тухайлбал, АНУ 100 ам.долларын дэвсгэртээ шинэчлэн гаргасан. Гэтэл энэ дэвсгэртийг дуурайлган хэвлэсэн хуурамч 200 ам.доллар орж ирээд илэрсэн удаатай. Мөн хуурамч юань гадаад валют солих цэгүүдэд орж ирж илэрсэн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Үүнийг эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагын байгууллага шалгаж байгаа аж.
Монгол Улсад хуурамч төгрөг болон гадаад валют ашиглавал 3-8 жилийн хорих ял оноох шийтгэл ногдуулах хуультай. Ийм учраас иргэд ялангуяа шөнө оройн цаг, гэрэл муу үед худалдаа арилжаа хийх, мөнгө төгрөгийн тооцоо хийхдээ төгрөг болон гадаад валютаа сайтар шалгаж байх шаардлагтай юм. Мөн хуурамч мөнгийг таних анхны мэдэгдэхүүнтэй болох, нууцлалууд болон усан хээнүүдийг нь гараар тэмтрэх, гэрэл харах зэргээр нягтлах ёстой ажээ. Хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд их хэмжээгээр нэвтрэх нь улс орны эдийн засгийг сульдааж унагах аюултай. Мөн түүнийг авсан иргэд ч хохирч үлдэх билээ. Ийм учраас монголчууд бид мөнгөн тэмдэгттэй зөв харьцаж, хуурамч, жинхэнийг нь ялгах чадвартай байх нь чухал юм.
Скочоор наачих буюу энэрэл эрсэн үнэт баялаг
Монгол Улсад өнөөдөр төгрөгийн 11 дэвсгэрт гүйлгээнд ашиглаж байна. Гэтэл тэд өнгө зүсээ алдаж үрчийж хорчийсон, дээр нь элдэв зүйл бичсэн, тос, тортог болсон байдалтай байгаа юм. Энэ нь бидний мөнгөтэй зөв харьцаж чадахгүй байгаагын тод илрэл.
Монголбанкны мэдээллээр гүйлгээнд гарсан шинэ мөнгөн дэвсгэртийг дунджаар 3.8 жил ашиглаад устгадаг аж. Уг нь ариг гамтай нугалж базахгүй цэвэрхэн ашиглавал нэг дэвсгэртийг таваас дээш жил гүйлгээнд ашиглах боломжтой гэдэг. Жишээ нь 20, 10 мянгатын дэвсгэртийг 5.6 жил ашиглаж буй судалгаа бий. Төгрөгийн дэвсгэртийг хөвөнгөөс гаргаж авсан цаасаар хэвлэдэг байна. Ингээд гадуур нь пластмасан маягын зүйлээр бүрхдэг аж. Гэтэл төгрөгийг олон нуглах, базах үед энэ бүрхүүл нь гэмтэж нуглаасаараа тасарч унахад хүрдэг.
Нэгэнт хамгаалалтын бүрхүүл нь гэмтсэн тул тостой, нойтон зэрэг бохир гараар барих үед тухайн дэвсгэрт гэмтэж чанараа алдаж буй юм. Та аль нэг талаараа тасарч унасан, цоорсон төгрөгийн дэвсгэрттэй нүүр тулж л байсан байх. Тэгээд түүнийг нэг удаа аргалж гүйлгээнд оруулах гээд скоч буюу наалддаг тууз хайж явсан удаа бишгүй тохиолдсон гэдэг нь эргэлзээгүй. Мөн нийтийн тээвэрт явж байхад “таны өгсөн мөнгө урагдчихаж үүнийгээ сольчих” гэхэд “скочоор наагаад авчих аа” гэх яриа бишгүй л сонстоно. Бид үүнд бүр дасчихаж. Үүнээс гадна атобус мөнгө хураагчгүй болох үед 500, 1000 төгрөгийн дэвсгэртийг голоор нь албаар тасдаж хийсэн тохиолдол олон гарсан.
Иймээс мөнгөн дэвсгэртээ буруу ашиглахгүй байхыг Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг уриалав. Тухайлбал, сүүлийн үед тус газарт хандаж төгрөгийн бага дэвсгэртүүдийг багц багцаар нь авах санал хүсэлт их ирэх болжээ. Учрыг лавлавал шашны зан үйлд хэрэглэх гэсэн юм. Лам, бөө ийм тийм мөнгөн дэвсгэрт олж ир гэсэн хэмээн хариу өгдөг аж. Шашны зан үйлд хэрэглэхдээ овоо тахилга, суварга, байшингын суурь тавихад сууринд нь хийдэг байна. Мөн бага дэвсгэртүүдийг их хэмжээгээр нь хятад руу гаргаж зарсан хэрэг ч удаа дараа гарсан билээ. Эдгээрээс гадна хаана л овоо тахилга байна тэнд төгрөгийн гандаж шарласан бага дэвсгэртүүд хийсч, багсайж буй дүр зураг элбэг. Энэ бүгд нь Монголчуудын үндэсний баялаг болсон төгрөгтөө хайр гамгүй хандаж буйгын шинж юм. Нөгөө талаар үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ч гэж нэрлэж болохоор. Ийм учраас Монголбанкнаас “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” хоёр сарын аяныг эхлүүлээд байна. Энэ аяны хүрээнд бүх аймаг, сум, нийслэл дүүрэгт мөнгөний зохистой хэрэглээг сурталчилах ажээ.
Уг нь Монголчуудын мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн түүх их эртнийх. Хүннү, Түрэг, Уйгар улсын үед зоосон мөнгө арилжаа наймаанд хэрэглэж байж. Чингис хаан Их Монгол улсыг үүсгэн байгуулсны дараа Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулсан түүхэн баримт бий. Улмаар 1227 онд дэлхийд анханы цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргажээ. Үүнээс хойш 1236 онд олон төрлийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосыг нэг хэлбэр, жинтэй болгож мөнгөний шинэтгэл хийсэн байдаг. Ингээд 1241 онд “Их Монгол Улсын мөнгө” нэртэй зоосыг анх удаа “Нэг” гэсэн тоотой гүйлгээнд нэвтрүүлжээ.
Төд удалгүй 1253 онд “Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс” буюу одоогынхоор төв банк байгуулж зоос ба цаасан мөнгийг их хэмжээгээр гүйлгээнд оруулсан түүхтэй. Ингээд Хубилай хааны үед 1260 онд 10, 20, 100, 1000-тын дэвсгэрт гүйлгээнд гаргаж байсан баримт бий. Мөн 1327 онд хуучирч муудсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болсон байна. Түүхээс үзвэл Монголын эзэнт гүрний үед алт, мөнгөн, металл зоос, цаасан дэвсгэрт гүйлгээнд нэвтрүүлжээ. Одоогоор Хубилай хааны үед гүйлгээнд нэвтрүүлсэн цаасан дэвсгэрт Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалагдаж буй. Ийм учраас монголчууд дэлхийд анхны цаасан мөнгөн тэмдэгт гүйлгээнд нэвтрүүлсэн үндэстэн гэдгийг түүхчид баталсан билээ. Иймд монголчууд бид эртний уламжлал, ирээд хойчоо бодсон ч Үндэсний баялаг төгрөгөө ариг гамтай хэрэглэх учиртай.
Та төгрөг, мөнгөтэй яаж харьцана тэр хэмжээгээр эргээд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэх хэрэгтэй юм. Түүнээс биш шашин шүтлэгийн зан үйлд зүй бусаар ашиглаад зөндөө их баяжина гэдэг нь өрөөсгөл хандлага билээ. Үүнээс гадна их хэмжээний төгрөгийн бага дэвсгэрт худалдаж авсан гадаад нөхдүүд будгийг нь арилгаж цаасыг нь ашигладаг сураг бий. Тэгэхээр бид төгрөгийн дэвсгэртээ гадаад их хэмжээгээр гарган зарж байгаа нь Тусгаар тогтнолоо арилжиж байгаагийн шинж юм.
Эх сурвалж: www.assa.mn
URL: