У.Хүрэлсүх Н.Энхбаярын тагнуулыг олж чадсангүй, харин хүмүүсээ халлаа
-Нууц мэдээлэл худлаа байсан бол “Прогноз” ажилчдаа халахгүй шүү дээ-
МАН-ыг олон удаагийн сонгуульд ороход өөрийн гэсэн тодорхой үүргийг гүйцэтгэж ирсэн МАН-ын дэргэдэх “Прогноз” төв буюу Нийгмийн ардчилал хүрээлэнгийнхэн нууцлалтай мэдээллээ МАХН-ын дарга Н.Энхбаярт алдаж шуугиан тарьж байсан нь саяхан. Тиймээс МАН-ынхан бие биенээ дотроо хардаж эхэлсэн төдийгүй баттай эх сурвалжийн хэлж байгаагаар бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Прогноз”-ынхоо залуусыг ажлаас нь халж эхэлжээ. Нэгэнтээ хэргийн эзнийг тодруулж чадаагүй учраас хомроглон халж байгаа гэдгийг эх сурвалж дуулгав. Өндөр зэрэглэлийн нууцлалтай гэгдэх энэхүү судалгаагаар тэдний гол өрсөлдөгч Ардчилсан намынхан нийслэлийн нийт иргэдийн 15,4 хувийн санал авсан байхад МАН өөрөө 13.1 хувь авсан дүнг тэр чигээр нь нийтэлжээ. Тэр ч бүү хэл тэдний бас нэг өрсөлдөгч МАХН нийт иргэдийн 6.1 хувийн санал авсан гээд тэдний бухимдлыг ёстой нэг дээд цэгт нь хүргэсэн юм байх. У.Хүрэлсүхийн хувьд ажилчдаа харааж загнах нь бүү хэл ажлаас нь халах нь зөв хэрэг биз ээ. Өчигдрийн байдлаар хоёр ч нөхрийг ажлаа хүлээлгэж өгөхийг тушаажээ. Ядахад Н.Энхбаяр тэрхүү нууцлалтай мэдээллийг нь өөрийнхөө хэвлэлээр Монгол даяар цацчихсан байдаг. Хамгийн гол нь энэхүү судалгааны мэдээлэл нь намын рейтингийг төд гэж тогтоохоосоо илүүтэй рейтинг доогуур байгаа улстөрийн намуудыг тэр хэрээр үнэлж нэр доошоо унах аюултай байдаг гэнэ.
Уг нь энэ төвийг удирдан намаа сонгуульд амжилттай оруулсан нөхдүүд чамлахааргүй шан хүртдэг. Жишээлэхэд, 2000 онд МАХН-ын бүлэг олонхийн олонхи болоход А.Цанжид энэ төвийг тэргүүлж байсан бөгөөд намаа ялуулсны шанд БСШУ-ы сайдын суудалд заларч байжээ. Харин А.Цанжидаас энэ ажлыг О.Эрдэнэчимэг гэх бүсгүй авч, ажиллаж байгаад нам нь сонгуульд ялсны харамжинд өдгөө Унгарт элчингээр сууж байгаа юм байна. Одоогийнх нь захирал н.Одхүү гэгч нөхөр байгаа бөгөөд тэрбээр хамгийн азгүй захирал гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо. Учир нь түүнийг ажлаас нь халахаар шийдвэр гараад байгаа аж. Ийнхүү У.Хүрэлсүх Н.Энхбаярын тагнуулыг олоогүй учраас бухимдахдаа “Прогноз”-ынхоо ажилчдыг эхнээс нь халж эхэллээ. Уг нь Н.Энхбаярыг худлаа мэдээлэл цацсан гэж шүүхэд өгнө хэмээн хэвлэлээр мэдээлж байсан. Үнэхээр Н.Энхбаяр худлаа мэдээлэл цацсан юм бол У.Хүрэлсүх яагаад ажилчдаа халж байгаа юм. Тэгэхээр нууц мэдээлэл алдагдсан нь гарцаагүй үнэн болж байгаа хэрэг.
URL: