БНХАУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг шинэчлэв
Өчигдөр улс төрийн хоёр том хүчин болох МАН, АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаар Бага хурлаа хийж, дотоод сунгаа зохион байгуулсан учраас Төрийн ордон эзгүй шахам өнжив. МАН-ын 65 гишүүн Бага хуралдаа сууж, харин АН-ын гишүүд дотоод сунгаанд санал өгөхөөр намын үүр хороод руугаа давхиж байлаа.
Гэсэн ч хуваарь ёсоор хуралдах хоёр байнгын хороо товлосон цагтаа хуралдаж, асуудлуудаа хэлэлцэж амжлаа. Тодруулбал, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 11-нд өргөн мэдүүлсэн Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, тус байнгын хороонд харьяалагддаг Батлан хамгаалах болон Гадаад харилцааны яамны тайлан мэдээг сонслоо.
Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлах үедээ ярилцаж тохиролцсон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудал болон өмнөд хөршийн Засаг захиргааны онцгой бүс Макао улсаас ялтан шилжүүлэх хоёр улсын хэлэлцээрийг зөвшилцөхөөс гадна, хоёр улсын эрүүгийн хэргээр эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх хэлэлцээрийг хэлэлцэн баталлаа.
Байнгын хорооны хуралдааны эхэнд Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэх үед аудитын байгууллага Батлан хамгаалах болон Гадаад харилцааны яаманд хийсэн аудитын тайланг танилцууллаа. Улмаар, Батлан хамгаалах яам 100 хувь, Гадаад харилцааны яам 64 хувийн хэрэгжилттэй байна гэж үнэлжээ. Хуралдааны хоёрдугаар асуудлын хувьд манай улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд хоёр жилийн өмнөөс яригдсан нэг тэрбум ам.долларын зээлийн асуудал байсан юм.
Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь 20 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил, зээлийн хүү жилийн хоёр хувь бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэхээр байжээ. Харин Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн санхүүжилтийн хүндрэлтэй байдлыг харгалзан уг зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг 95 хувь зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцсон байна.
Дээрх өөрчлөлтийг байнгын хорооны гишүүд дэмжсэнээр чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр болов. Мөн энэ өдөр Азийн хөгжлийн банкнаас авах нийгмийн халамжийг дэмжих зорилготой 150 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг ч гишүүдийн олонх дэмжлээ. Макао улстай хийх ялтан шилжүүлэх хэлэлцээрийг гишүүдийн олонх нь дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Энэ өдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хоёр гишүүний өргөн мэдүүлсэн нэг утга агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн төслийг тус тусад нь хэлэлцэж, хуралдааны төгсгөлд дээрх хоёр хуулийн төслийг цаашдаа нэгтгэн хэлэлцэхээр шийдэлд хүрсэн юм. Улмаар хуулийн төслүүдийг нэгтгэж ажлын хэсэг байгуулав. Хуралдааны төгсгөлд мөн л Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэн дэмжлээ.
Б.ТОГТОХ,
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ
URL: