Хиагт голын бохирдлыг арилгана

Одоогоос долоон жилийн өмнө Буриадын Слобода тосгоны Хиагт дүүрэг дэх хуучин ус цэвэрлэх байгууламж ашиглалтаас гарсан юм. Үүний улмаас манай улс руу урсдаг  Хиагт гол Оросын хамгийн бохир голуудын нэгээр тооцогдох болсон. Буриад улсын Засгийн газраас 2013 оноос хойш бохирд­лыг арилгах асуудлыг нэг мөр шийдвэрлэж болохоо мэдэгджээ. Оросын Байгаль орчны хяналт, зохицуулалтын газрын Буриадын асуудал хариуцсан дарга Констан­тин Дрёмов энэ талаар онцолсон байна. Орос, Монголын хилийн дагуу урсах Хиагт гол нь Хиагт хотоор дамжин Монголын Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг аж. Хамгийн сүүлийн судалгаагаар Оросын Байгаль орчны хяналтын газраас авсан арга хэмжээний дагуу гол харь­цангуй цэвэршжээ. Үүний зэрэгцээ Хиагт хотод ус цэвэрлэх байгуу­ламж шинээр барих шийд­вэр гар­гаад байна. Төлөвлөгөө ёсоор уг байгууламжийг 2012-2013 онд барих бөгөөд 520 сая ам.дол­лар зарцуулах гэж буй талаар К.Дрёмов онцолжээ. Энэ нь “Бай­галь нуурыг хамгаалах, Байгалийн нутаг дэвс­гэрийн нийгэм-эдийн засгийн хөг­жил” хэмээх төслийн хүрээнд хийг­дэж буй ажлын нэг хэсэг аж. Даш­рамд дурдахад, өн­гөр­сөн арав­дугаар сард Улаан­баатар хотноо Монголын Засгийн газар болон ОХУ-ын байгаль хам­гаа­лах төлөө­лөгчдийн бүрэл­дэ­хүүн чуулсан байна. Энэ үеэр хоёр хилийн хооронд урсах голын тухай асууд­лыг хөнджээ. Мөн дээрх хурлаар усны бохирдлыг шинжлэх хөдөл­гөөнт лабораторийг худал­дан авах санал тавьжээ. Хоёр талын төлөө­лөгчдийн ээлжит ху­ралдаан 2012 онд Улаан-Үдэд болох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих