Туул гол дусал “нулимс” ч үгүй үлдэх нь
Зуны урин дулаан цаг хаяанд ирж, их хотын бүтээн байгуулалтын ажил хэдийнэ эхэлжээ. Сүүлийн үед Туул голын усны хэмжээ багасч, эрэг дагуу олон барилга барьж, хэн нэгэн аль, эсвэл, ямар нэгэн байгууллагын газар мэт болгон төмөр хашаа хатгах болов.
Манай сурвалжлах багийнхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэг, Их тэнгэрийн амны замын эсрэг талд урт төмөр хашаа хатгаж элс шороо буулгасан газар очив. Тус газарт очиход 2015 оныг бодвол газраа томсгосон бөгөөд хашаан дотор байсан нэлээд олон мод бургасыг тайрч, огтлоод элс, хайрганаас өөр юу ч үгүй болгосон байлаа. Хашааны хаалга түгжээтэй байсан тул завсараар нь үзэгдэх орчныг ажиглахад энд тэнд том том хэмжээний нүх ухаж, хайрга овоолсон бөгөөд хашааны хаалганы хажууханд ажилчдын жижигхэн байшин байв.
80 орчим иргэн, аж ахуйн нэгжид газар олгожээ
Тухайн газрыг ямар зориулалтаар ашиглах гэж буй, яагаад Туул голын эрэг дагуу ингэж хашаа хатгасан эсэх талаар тус газарт ажиллаж буй хүнээс тодруулахад “Нарийн учрыг мэдэхгүй юм. Гэхдээ аялал жуулчлалын зориулалттай гэж сонссон. Туул голоос зайтай шүү дээ, их хол хэмээгээд инээв”. Уг газрыг бүтэн тойрч үзэхэд голоос тавхан алхмын зайд гэхэд хилсдэхээргүй, хэдхэн модны зайтай байв. Туул гол таван аймгийн 37 сумын нутгаар дайран өнгөрч, 700 гаруй километр газар урсдаг бөгөөд нийслэлийн ундны усны 90 гаруй хувийг хангадаг.
Гэтэл бидний очсон хэсэгт тэр аяараа ширгэсэн байсан бөгөөд хэсэг газраас том оврын машинууд хайрга олборлож байв. Энэ талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодруулах гэтэл “Гадуур ажилтай явж байна” гэсэн шалтаг хэлж, тайлбар өгсөнгүй. Түүнчлэн тус газраас хөдөлж, Маршалын гүүр дөнгөж даваад явж байх замд ундны усны эх үүсвэр дээр тоос шороо бужигнаж, ачааны машин зөрөлдөн өнгөрч байлаа. Энд ямар ажил явагдаж буй талаар тус газар ажилладаг залуугаас тодруулахад “Наран шарлагын талбай байгуулах гэж байна. Одоо газар шорооны ажлаа гүйцэтгэж байна” гэлээ.
Энэ мэтчилэн Туул голын эрэг орчмын газрыг орон сууц болон аялал жуулчлалын гэх нэрийдлээр 80 орчим иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон байна. Хуулиар иргэн бүрт 0.7 га газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлдэг. Гэхдээ тусгай хамгаалалттай бүс нутаг, Туул голын ай сав газарт амины зориулалтаар газар олгодоггүй. Гэтэл үнэн хэрэгтээ мөнгөтэй нэгэнд нь хүссэн хэмжээгээр нь газар өгдөг атлаа, орчин тойрноо хамгаалж цэвэрлэн амьдарч байгаа айл өрхийг нүү гэж тулган шаардах болж. Тодруулбал, Зайсангийн ХААИС-ийн хажууханд байрлах байрнаас уруудахад зам дагуу хэсэг айл бий. Тэнд өдгөө 10 орчим жил амьдарсан н.Батсайхан “Газраа чөлөөл, албадан нүүлгэнэ гэж хэд хэдэн удаа хүмүүс ирсэн. Эндээс нүүгээд очих газар байхгүй. Бид энд амьдрахдаа голын эргээсээ зайтай суурьшсан. Мод, ургамал таслах нь битгий хэл нэмж тарьж ургуулдаг. Энэ хавийн айлуудыг нүүлгээд орон сууцны барилга барих гэж байгаа биз” хэмээн хэлж байлаа.
Түүнчлэн хуульд Онцгой хамгаалалтын бүсийн 50, Эрүүл хамгаалалтын 100, Энгийн хамгаалалтын бүсийн 200 метрт хамаарсан газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд маш тодорхой заагаад өгчихсөн байдаг.
ОХУ-Д ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ
Харин ОХУ-д гол усны сав газарт эргийн бүсийг бохирдуулах, усны нөөц багасах, хатаж ширгээхгүйн тулд, ургамлын аймгийг хадгалж хамгаалж үлдээх үүднээс онцгой дэглэм тогтоосон байдаг. Тодруулбал, ус хамгаалах бүсийн эрэг орчимд аж ахуйн болон бусад үйл ажиллагаанд нэмэлт хязгаарлалт тогтоосон бөгөөд уг хуулийг 1936 оноос хойш мөрдөж байгаа аж. Жишээлбэл Воли, Дона, Урал, Двина зэрэг мөрөн болон түүний сав газар болон цутгалуудад нь хамаарсан бүсэд усны эргээс хамаарч 4-20 километрийн дотор мод огтолвол эрүүгийн хариуцлагад татдаг.
Туул гол нийслэлийн ундны усны 90 гаруй хувийг хангадаг
Түүнчлэн оршуулгын газар, мал бэлтгэлийн газар, үйлдвэрлэлийн хог хаягдал болон химийн болон цацраг идэвхит бодис байршуулахыг хуулиар хориглодог. Мөн авто зогсоол, тусгай зориулалтын зам талбай байхгүй байхад тээврийн хэрэгсэл зорчих, ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг хориглосон байдаг ажээ. Харин гол усыг хамгаалахад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглосон тохиолдолд аж ахуйн обьект байгуулахыг зөвшөөрдөг бөгөөд ус хамгаалах бүсийг гол, горхи, суваг, усан сангийн обьектийг хилээс нь эхлэн тооцдог. Ус хамгаалах бүс нь гол, горхины уртаас хамаарч өөр өөр байна.
Тодруулбал, эргээсээ дотогш 50 метр хүртэлх зайд, 10-50 километр урт бол хамгаалалтын бүс 100 метр, 50-аас дээш бол 200 метр гэж тооцдог байна. Гэтэл Монгол Улсад эсрэгээрээ. Хэн нэгэн эрхтэн, дархтан Туул голын эрэг дээр хүссэн хэмжээгээрээ газар өмчилж аваад юу ч үгүй сүйтгээд хаячихдаг. Хууль журам заасан байгалийн нөхөн сэргээлт, стандартыг мөрдөж байгаа нь тун цөөхөн байна.
Г.Оюунтөгс
Засгийн газрын мэдээ
URL: