Л.Гүндалай гишүүний номыг уншвал хүүхэд залхуурахгүй болно гэв

УИХ-ын гишүүн Л.Гүндалай өмнө нь “Хайрлахгүй байхын аргагүй” хэмээх номоо уншигч олондоо хүргэж байсан билээ. Энэ удаад тэрбээр хүүхэд, багачууд, оюутан, залууст зориулан “Хүүхдүүддээ бичсэн захидал” хэмээх шинэ номоо гаргаснаа өчигдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

Энэхүү номоо тэрбээр өөрийн хүүхдүүддээ бичиж байсан захидлуудаасаа сэдэвлэн бичсэн байна. Гол утга санаа нь хүүхэд, багачууд, оюутан залууст өөрийгөө хэрхэн дайчилж, мэдлэг, боловсролоо дээшлүүлэх вэ гэдгийг энгийн, ойлгомжтойгоор бичсэн байна. Мөн түүний номд өөрийн хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж байгаа тухай болон гишүүний хүүхдүүд чухам юу бодож байгаа талаар тусгажээ. Үүгээрээ тэрбээр орчин үеийн хүүхэд, залуус юу бодож, сэтгэж байгааг харуулахыг зорьсон байна.

Л.Гүндалай гишүүн энэхүү номоо орон нутгийн хүүхдүүд илүү түлхүү уншиж, 21-р зууны залуус юу, бодож, санаж байгааг олж мэдүүлэхийг хүсч байгаа гэнэ. Мөн энэ номыг уншсанаар хүүхдүүд нэгээс илүү зүйлийг ойлгож бас залхуурахгүй болно байх хэмээн эрхэм гишүүн найдаж байгаа аж.

Тэрбээр “Хүүхдүүддээ бичсэн захидал” хэмээх номоо номын дэлгүүрүүдэд таван мянган төгрөгөөр борлуулах бол хөдөө, орон нутгийн зарим уншигчдадаа үнэгүй тараах юм байна.

Ч.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих