Дугаарын хязгаарлалтын зуны бүсчлэлийг цуцалъя
Нийслэл Улаанбаатар хотод автомашинуудыг дугаарын хязгаарлалттай оролцуулдаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Э.Бат-Үүлийн багийнхны санаачилгаар нийтийн тээврийн автобусуудад нэгдүгээр эгнээг чөлөөлөн өгч, жолооч нар 7 хоногийн нэг өдөр машинаа унахаа больсноор замын түгжрэл 20 гаруй хувиар буурсан эерэг үр дүн гарсан. Харин сүүлийн өдрүүдэд Улаанбаатарын замын түгжрэл нэлээд нэмэгдэх хандлагатай боллоо. Нийслэлийн Засаг дарга С.Батболд түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00 болгож захирамжлав. Энэ шийдвэрийн үр дагаврыг одоо хэлэхэд эртэднэ. Гэхдээ замын хөдөлгөөний ачаалал багасаад, түгжрэл буурчихсан зүйл одоогоор харагдахгүй байгаа талаар жолооч нар ярьж байна. Олон нийтийн зүгээс түгжрэлийг бууруулах талаар цөөнгүй санал, санаачилга гардаг. Хүлээж аваад ажил хэрэг болгочихмоор зарим саналыг холбогдох газруудад уламжилъя.
Монгол Улсын нийслэлд төрийн бүх байгууллага байдаг. Тэд яг нэг цагт ажлаа эхэлж, бас дуусгадаг. Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамжаар бол зөвхөн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлаа 08.00 цагт эхлүүлэхээр байгаа юм. Засгийн газрын яамд, агентлагууд, улсын үйлдвэрийн газруудын ажил эхлэх цаг энэ захирамжид хамаарахгүй. Дийлэнх хэсэг нь 08.30 цагт ажлаа нэгэн зэрэг эхлүүлсэн хэвээр байгаа тул замын хөдөлгөөний ачаалал хүссэн хэмжээнд буурахгүй байж мэдэх талтай. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын захирамжийг төрийн бүх байгууллагад үйлчлэхээр болгож хүчийг нь нэмэгдүүлбэл хүссэн үр дүн гарах магадлалтай. Өмнө нь 2014 онд Нийслэлийн Засаг дарга төрийн бүх байгууллагад хамаарахаар захирамж гаргаж байсан туршлага бол бий.
Томоохон зах, худалдааны төвүүдийн эзэдтэй хэлэлцээ хийх замаар хөдөлгөөн зохицуулагч ажиллуулах шаарлагатай байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Emart зэрэг томоохон худалдааны төвүүдийн ойр орчимд түгжрэл маш их үүсэж олон нийтийг бухимдуулах болсон. Тийм учраас хөдөлгөөн зохицуулагчтай байх шаардлагыг шинээр тавихаас өөр арга байхгүй.
Дугаарын хязгаарлалтын зуны бүсчлэлийг эргэн харах цаг болжээ. Анх энэ бүсчлэлийг гаргахдаа нийслэлд өрнөж буй автозамын бүтээн байгуулалтуудыг саадгүй явуулах зорилго тавьж байсан. Зуны ажлын үед хязгаарлалтын бүсийг өөрчлөх замаар ажлаа саадгүй явуулах зорилго бүрэн биелсэн. Ийм зохицуулалт хийсний хүчинд нийслэлд 200 гаруй км зам шинээр тавьж чадсан. Өнөөдөр Улаанбаатар хотод замын бүтээн байгуулалт гэхээр зүйл бараг байхгүй байна. Яармагийн гүүр, Толгойтын замыг эс тооцвол өнгөрсөн 4 жилд хийсэн шиг далайцтай том ажил бараг байхгүй. Ийм хүндтэй шалтгаангүй байхад зуны бүсчлэлийг цуцлахад болохгүй гэх газаргүй. Ингэснээр замын зорчих хүрээ томорч, ачаалал буурах боломжтой.
Эх сурвалж: Niislel.mn
URL: