Д.Трамп: Ким Жөн Унтай уулзах нь миний хувьд “Нэр төрийн хэрэг”
Түүнтэй уулзах нь миний хувьд “нэр төрийн хэрэг байх болно” гэж Д.Трамп өчигдөр “Bloomberg News” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
Үүний өмнөх өдөр тэрбээр Ким Жөн Уныг “маш ухаалаг залуу” гэж тодорхойлсон юм.
Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор Солонгосын хойгийн байдал улам хурцдаад байгаа энэ үед тэрбээр дээрх мэдэгдлүүдийг хийлээ.
Д.Трамп Ким Жөн Унтай яриа хэлэлцээ хийхээс буцахгүй гэдгээ дээрх мэдэгдлүүдээр илэрхийлэхийг оролдож байна гэж ажиглагчид үзэж байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Пхеньян цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзаж, бүс нутаг болон АНУ-ыг заналхийлэхээ зогсоосон цагт яриа хэлэлцээг хэзээ ч хийх боломжтой” гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “харин Пхеньян өдөөн хатгалгаа үргэлжлүүлсээр байвал яриа хэлэлцээ хийх нөхцөл хэзээ ч бүрдэхгүй” гэж хэлсэн байна.
URL: