Д.Дорлигжавын өрөөнд зочилсон экс Ерөнхийлөгчийн гэнэтийн “айлчлал”
Могой гурав тасравч гүрвэлийн дайтай, Монголыг гурав хуваавч Францын дайтай,гэж үг бий. Үүнийг С.Баяр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа “могой гурав тасравч гүрвэлийн дайтай, МАХН гурав хуваагдавч Ардчилсан намын дайтай тэр үед МҮАН гэж нэртэй байлаа гэж улс төрд хөрвүүлж байлаа. Тэгвэл МАН-аас тасарсан МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын төрд гурван том албан тушаалыг дараалан хашсаныхаа зангарагыг нэг удаа харуулахыг хичээж байна. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн удирдлагад байдаг УМБГ-т очиж мэдүүлэг өгөхөөс өнөөдрийг хүртэл татгалзаж явна. Тэр бүү хэл, мөрдөн байцаагч нь түүнийг албадан авчрахыг оролдсон ч бүтэлгүйтэв. Гэтэл экс Ерөнхийлөгч уржигдар өглөө өөрийг нь шалгах гэсэн байгууллагын хамгийн дээд удирдлагын ажлын өрөөнд өөрийн биеэр гэнэт зочилжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ерөнхий прокурортой ирж уулзсан нь үнэн” гэж баталлаа. Харин уулзалт тийм ч таатай уур амьсгалд өрнөөгүй бололтой. Н.Энхбаяр ерөнхий прокурорт урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт ирсэн нь Д.Дорлигжавын гэдэнг хөдөлгөсөн бололтой юм. Үүдний харуул нь ерөнхий прокурор, Ерөнхийлөгч асаныг хүлээж авахаас татгалзаж байгааг эелдгээр хэлж, УМБГ-т очиж мэдүүлгээ өгөхийг зөвлөжээ. Өмнө нь нэг удаа ирээд бас ийм хариулт сонсоод буцсан Н.Энхбаяр үүнд нь шатаж, “Би төрийн хүн, орох ёстой” хэмээн Д.Дорлигжав прокурорын өрөө рүү бараг л дайрч орсон юм байх. Ингээд ямарч байсан тэр хоёр нүүр нүүрээ харж уулзжээ. Харин өрөөнд, тэр хоёрын дунд ямар яриа хөөрөө өрнөснийг тэр хоёроос өөр хэн ч мэдэхгүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга С.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн булхайг дэлгэх ээлжит мэдэгдлээ хийсэн. Энэ үеэр түүнээс Улсын ерөнхий прокурорт хандсан эсэхийг тодруулахад, “үгүй” гэж хариулж байна лээ. Харин ч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг шалгуулах асуудлаар прокурорт хандахаар МАХН-ынхан зэхэж байгаа гэдгээ хэлэв. Мөн “ерөнхий прокурорт итгэх итгэл нь алдраагүй байгаа” гэсэн утгатай үг амнаас нь унав.
Н.Энхбаяр “VIP” үйлчилгээ хүсэв үү
Үндсэн хуульд зааснаар бол иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш гэсэн заалт одоо ч хүчинтэй. Энэ дагуу эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн хэн боловч мөрдөн байцаагч, хяналтын прокурор, шүүгч гэсэн дарааллаар явж асуудлаа шийдүүлдэг хуультай. Шүүхэд ч анхан шатны, давж заалдах, хяналтын шат гэсэн дарааллаар явдаг. Гэтэл Н.Энхбаяр тэгсэнгүй. Тэрээр Ерөнхийлөгч байсан учраас дээрээс нь доош буюу ерөнхий прокуророос дүүргийн прокурор руу, Дээд шүүхээс анхан шатны шүүх рүү явахыг хүссэн бололтой юм. Энэ нь УМБГ-ыг алгасч шууд улсын ерөнхий прокурорын өрөөнд хүч түрэн орж уулзсанаар илэрч байна.
Н.Энхбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө Ц.Нямдорж, Д.Дорлигжав хоёр аль эртнээс л жижиг “МАНАН” бий болгосон. Нэг нь цагдаа, нөгөө нь прокурорыг энэ хоёр хүн атгасан цагт хэрэг шударгаар шийдэгдэхгүй гэж мэдэгдсэн. Тэгсэн хэрнээ шууд Д.Дорлигжавт хандах гэснийг юу гэж ойлгох вэ. Хэвлэд өгсөн ярилцлагаар нь бол Ц.Нямдорж, Д.Дорлигжав нарын бат холбоог мэддэг Н.Энхбяар ерөнхий прокуророос VIP үйлчилгээ хүсч очсон юм болов уу. Арилжааны банкууд, баар цэнгээний газрууд л нэр хүнд, хөрөнгө чинээтэй үйлчлүүлэгч нартаа “VIP” үйлчилгээ үзүүлдгээрээ зартай. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр үүнтэй адил үйлчилгээг л хүсч, Д.Дорлигжав прокурорын өрөөнд очсон юм болов уу.
Нэг нь хулгайч уу, хоёулаа хулгайч уу
Н.Энхбаяр болохоор “Ц.Нямдорж Туул голын эрэг дээр “MCS” компанийн барьсан нэг сая долларын үнэтэй хаус, Гүнтийн зусланд 600 мянган долларын үнэтэй гурван давхар хаус, Нүхтийн аманд хоёр хүүгийнх нь барьж байгаа тэрбумаар үнэлэгдэх хоёр тусдаа хаусыг хэрхэн яаж олсноо хуулийнхнаар шалгуул” гэдэг. Харин Ц.Нямдорж нь ““Хэвлэх үйлдвэр”-ийн барилга, “Зууны мэдээ”, ТВ9 телевиз, “Өргөө” зочид буудлын будлиантай хувьчлалын жинхэнэ эзэн нь Н.Энхбаяр” гэдэг. Энэ хоёрын хашиж байсан болон хашиж байгаа өндөр албан тушаалыг нь бодсон ч гэсэн хэн хэн нь худлаа хэлэх хүмүүс биш юм шиг. Гэтэл аль аль нь үүнийг үгүйсгэж байгаа. Эсрэгээрээ нэг нэгнийхээ муу муухайг хангалттай уудалж байна. Үүнээс болж олон түмэн дайтаж байгаа хоёрын нэг нь хулгайч юм уу, хоёулаа хулгайч юм уу гэж эргэлзэнгүй бөгөөд дооглонгуй өнгөөр харж, ярьж эхэллээ. Үүнийг ялгаж салгадаг, үнэн мөнийг нь шүүдэг байгууллага уг нь байгаа. Гэхдээ энэ хоёрт халдаж зүрхлэхгүй байх шиг. Энэ завсарт Монголын төрд өндөр албан тушаал хашиж байсан, хашиж байгаа хоёр хүн хоорондоо муудалцахаар их сонин дүр зураг харагддаг юм байна. Энэхүү өгүүллийг С.Баярын үгээр эхэлсэн бас түүний ишлэлээр төгсгөе. Тэрээр нэгэнтээ “манай хоёр …дорж бол Н.Энхбаярын чихний хоёр ээмэг шиг л нэг хүүнээс зүүгдээстэй явдаг байлаа” гэж хэлж байлаа. Ээмэг, эзэн хоёр муудалцах бүр ч муухай харагдах юм аа.
URL: