Н.ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ БОЛОМЖТОЙ ЮУ
МАХН-аас экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгджээ. Нэгэн цагт Монгол төрийн бүхий л албан тушаалуудыг хашиж явсан Н.Энхбаяр ахин Ерөнхийлөгч болох хүслээ ингэж илэрхийлэв. Экс Ерөнхийлөгчийн хувьд ардчилсан засгийн үед хувь заяа нь эргэдгийн дээдээр эргэсэн. Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй. Хууль хяналтынхан түүний эсрэг байж, эрүүл мэнд нь муу байна гэхэд түүнийг ардчиллынхан тоогоогүй. Түүгээр ч үл барам ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй байх бүхий л хууль эрхзүйн үндэслэлүүдийг гарган тавьсан. Ийнхүү тэрбээр 2009 онд Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууснаас хойш нэлээдгүй ээдрээтэй замналыг туулсан эрхэм Ерөнхийлөгчид энэ удаад нэр дэвших тийз олдох болов уу?
Түүнийг Ерөнхийлөгч уучилсан. Гэхдээ өршөөгөөгүй. Ерөнхийлөгч уучлалаар суллагдсаныхаа дараа “Би гэмт хэрэг хийгээгүй учраас намайг цагаатгах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Гэсэн ч түүнийг цагаатгасан тогтоол хараахан гараагүй л байна. Мань эр 2012 онд МАХН гэх нэрийг Дээд шүүхэд бүртгүүлж М.Энхсайханы МҮАН-тай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулан сонгуульд оролцож 11 суудал авсан байдаг. Гэсэн ч замын дунд гишүүд нь гарсаар мөнөөх эвсэл дөрвөн жилийн ойдоо хүрэлгүй задарсан. Тэгвэл 2016 оны сонгуульд МАН, МАХН эвсэж орно гэх шум эртнээс гарч, хоёр намын ажлын хэсэг ширээний ард суусан. Гэтэл мань Н.Энхбаяр хэлснээсээ буцсанаар хоёр намын эвсэл талаар болсон билээ. Энэ бүхний эцэст О.Баасанхүү намдаа “эрдэнэ мэт” нэг суудлыг авчирсан. Ингэснээр парламентад суудалтай МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй болж байгаа юм.
Өнгөрсөн УИХ-ын 2016 оны сонгуульд СЕХ МАХН-ын нэр дэвшигчдээс Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан. Тухайн үед Н.Энхбаяр хэвлэлийн хурал зарлаж “Цагдаагийн газраас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын гарт орсон. ЦЕГ-ын дарга Р.Чингисийн гаргасан хууль бус бичгийг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. Хэрэв Н.Энхбаяр сонгуульд оролцохгүй бол бусад намуудад ашигтай, луйврын сонгууль болно” гэсэн мэдэгдлийг хийж байв. Гэсэн ч түүнд СЕХ УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхийг олгоогүй.
Гэхдээ экс Ерөнхийлөгч бууж өгсөнгүй. Тэр дахин сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтээ байгаагаа хэвлэлээр дамжуулан мэдэгдлээ. СЕХ энэ удаад түүнийг бүртгэх эсэх нь бас л эргэлзээтэй. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд ялтай хүн өрсөлдөж болдоггүй гэсэн хуулийн заалтаа бариад зогсчихвал Н.Энхбаяр хичнээн хоног өлсөөд ч нэмэргүй. Хууль бол хууль. Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байдал 2017 оны наймдугаар сард дуусна” хэмээн мэдэгдсэн байгаа.
Ямартай ч МАХН Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна.
Оллоо.мн
URL: