Дэд сайдуудаа цөөлөөгүй, улсын өмчит үйлдвэрийн газрынхан нь хэдэн сая төгрөгөөр тансаглаж байна гэв
Өнөөдөр Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, С.Эрдэнэболд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. С.Эрдэнэболд хэлэхдээ “Өнөөдөр Монгол түүхэнд хараар тэмдэглэгдэх өдөр болж байна. Эрх баригч нам бодлогоор нийгмийн дундаж давхарга болсон дундаж орлоготой иргэдийнхээ амжиргаанд ноцтой халдлаа гэж Ардчилсан нам үзэж байна. Төсвийн тодотголоор архи, тамхи, бинзен, дизель, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс гадна хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэгдүүлэх, хадгаламжийн хүү, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр болсон. Олон улсын валютын сан дөрөвдүгээр сарын 28-нд Монголын нөхцөл байдлын талаар ярилцах ёстой байсан. Гэвч ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа. Сангийн сайдын зүгээс “ОУВС татвар нэм гэж шаардлага тавьж байгаа. Тиймээс ямар ч аргагүй” гэдэг тайлбарыг өгсөн. Гэтэл ОУВС-гийн төлөөллийн зүгээс ямар зардлаа танах нь Засгийн газрын шийдэх асуудал гэж сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Жилд дунджаар 36 мянган машин зарагддаг. Үүний 80-85 хувь “Приус” машин байдаг. Гэтэл “Приус” машины татварыг 5 сая төгрөгөөр, hybret хөдөлгүүртэй суудлын машины татварыг 5,8 сая төгрөгөөр, harier 6.6 сая төгрөгөөр нэмэгдэнэ. Автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр Ардын нам дундаж давхрагаа ядууруулах бодлого барьж байна. Ардын намынхан дэд сайдуудаа цөөлөөгүй, улсын өмчит үйлдвэрийн газрынхан нь хэдэн сая төгрөгөөр тансаглаж байна. Тэд бүсээ чангалаагүй. Гэтэл ард түмний нуруун дээр ачаа ирж байна.” гэлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: