Цаазаар авах ял оноолоо
-Би ДНК-ийн шинжилгээнд итгэдэггүй-
Бaга насны охиныг хүчиндэж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Н.Мөнх-Оргилыг шүүх хурал өчигдөр боллоо. Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай явагдсан энэхүү шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Д.Халзан оролцов.
Өчигдөр 14:00 цагт эхэлсэн шүүх хурал 20:00 цаг хүртэл үргэлжилж, Н.Мөнх-Оргилд оноосон цаазаар авах ялыг хэвээр нь үлдээх шийдвэр гаргалаа. Шүүх хурал эхлэхийн өмнө Н.Мөнх-Оргил шүүхийн танхимд орж ирсэн билээ. Шүүгч орж ирэхээс өмнө түүнээс цөөн асуултад хариулт авсан юм. Хамгийн анхны шүүх хурлын үеэр толгой гудайлган шүүхийн танхимд орж ирж байсан тэрбээр өчигдөр өөртөө ихэд итгэлтэй байлаа.
-Шүүхийн шийдвэр яаж гарах бол?
-Би хэрэг хийгээгүй. Энэ удаа шүүх үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Улсын Дээд шүүхийн шийдвэрийг сонсоод би огтхон ч гайхаагүй. Миний эрүүл мэнд, сэтгэл санаа сайн байгаа болохоор даваад гараад ирнэ. Тийм учраас шүүх хурлын дараа сэтгүүлч та бүхэнтэй эргээд баяртай уулзъя. Тэр үед би өөрт тохиолдсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярина.
-Хоёр шатны шүүхээр өөрийг чинь гэмт хэрэг үйлдсэн гээд цаазын ял оноосон. ДНК-ийн шинжилгээгээр ч батлагдсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Би ДНК-ийн шинжилгээнд итгэдэггүй. Өмнө нь шүүх намайг хэлмэгдүүлсэн. Харин энэ удаа үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаа. Ер нь миний шүүх хурал болох бүрт хэвлэл мэдээллийнхэн ирдэгт их баярладаг. Энэ нь шүүх хурлыг шударга явагдахад нөлөөлнө гэж боддог.
-Өмгөөлөгчөө яагаад солих болов. Өмнөх шүүхийн шийдвэрт нөлөөлж чадаагүй гэж үзэж байна уу?
-Нэгэнт хэрэг хийгээгүй болохоор ийм алхам хийсэн. Би Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа өмгөөлөгчөө сольсон.
-Ар гэрийнхэнтэйгээ уулзаж байгаа юу?
-Уулзсан. Уулзаж байгаа.
Н.Мөнх-Оргилыг анхан болон давж заалдах шатны шүүхээс буруутай гэж үзээд цаазын ял оноогоод байв. Гэсэн ч өнгөрсөн тавдугаар сард Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр хэргийг таван cap орчим шалгаж дахин шүүхэд шилжүүлсэн билээ.
Шүүгдэгч Н.Мөнх-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125.2, 126.3, 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байсан юм.
Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: