Ливийн эмгэнэл Монголыг нөмөрч болзошгүй
Африкийн хамгийн баян гүрний тоонд бичигдэж, дэлхийн бар улсуудтай хөгжлөөрөө өрсөлдөж байсан Ливи улсыг 42 жил удирдсан Муаттар Кадаффи ард түмнийхээ гарт aмиa алдсан мэдээлэл дэлхийгээр тархаад удаагүй байна. Цэргийн жанжин энэ хүн Ливи улсыг удирдахдаа улсынхаа хөгжлийг ч, хүмүүсийнхээ аж амьдралыг ч өндөр түвшинд хүргэж чадсан гэж үнэлэгддэг.
НАТО, НҮБ хүртэл цэргээ илгээгээд энэ улсын удирдагчийн хүчийг дийлж чадахгүй байсан гээд бодохоор Муаммар Кадаффи ямар хүчирхэг улс төрч байсныг нотолно. Үхсэн ч би эх орноосоо явахгүй хэмээн мэдэгдэж байсан энэ эрхмийн үхэл дэлхийд Америк улсын ялалтыг тунхагласан хэрэг байлаа.
Одоо ч Ливи өнгөрчээ гэж учир мэдэх улстөрчид толгой сэгсэрч суухад, ийм хэрцгий хүн үхэх нь зөв өө гэж зарим хүмүүс баярлаж байна. Хүний амьдралд хар цагаан өнгө ийнхүү хослон буудаг аж. Харин манай улстөрчдөд Ливи гэдэг улсын өнөөгийн хөгжил нэгийг бодогдуулах ёстой байлаа.
Харамсалтай нь ухаан мунхаг хүн төрийн толгойд гарвал харц ард ч урагшгүй амьдардгийн балгийг бид амсч магадгүй байна. Түүхийн хуудсыг эргээд сөхөж харвал Африкийн энэ жижиг улс хөгжлийн хувьд газрын баялагтаа тулгуурлан эдийн засгаа өсөн нэмэгдүүлж чадсан.
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 14 мянган ам.доллараар хэмжигдэж, шинэ төрсөн хүүхэд бүр нь долоон мянган доллар атган мэндэлж, гэр бүлийн гишүүн бүр нь жилд мянган ам.доллар төсвөөс авч байсан гэхээр Ливийн иргэд алтанд умбаж, торгонд хөлбөрч байжээ.
Ийм баян гүрэн хэзээ мөдгүй улам хүчирхэгжиж, дийлдэшгүй болох вий гэсэн болгоомжлол дэлхийн улс төрд байсан хэрэг. Тиймээс АНУ-аас эхлээд олон гүрэн Ливийн баялагг шунаж, Ливийн иргэдэд атаархаж, эцсийн дүнд тэд удирдагчийнхаа үхлээр хувьсгалаа өндөрлөлөө.
Ливийн хувьсгал хэмээн нэрлэсэн ч үнэндээ их гүрнүүдийн шуналын хувьсгал байсан гэж улс төрийн тоймчид үзэж байна. Ливийн иргэдийн тансаг амьдрал Кадаффигийн үхлээр цэг тавигдсан ч гэж хэлж болох юм. Ийнхүү Ливийн хувьсгалын түүхийг хараад байхад газрын баялаг ихтэй, хурдацтай хөгжилтэй улс гүрнүүдэд том гүрнүүдийн бодлого хэрэгжиж, аажимдаа өөрийн болгодог туршлага бий гэдэг нь анзаарагдана.
Өнөөдөр Монгол Улс маань Ливи шиг болох вий гэсэн эмзэглэл төрж сууна. Нүүрс, зэс, алтны арвин нөөцтэй монголчууд алаагүй баавгайн арьсыг хуваадгийн адилаар төрийн эрхмүүд гэлтгүй түмэн олон ч мөнгө нэхэж, мөнгөөр цатгалдан амьдрахыг хүсч байна.
Баялгийг дагаад хараал ирдгийн гайг бид амсаж магадгүй нь гэсэн болгоомжлол нь МАХН-аас гаргасан мэдэгдлээс шууд мэдрэгдэж байна.
Монголын хамгийн мундаг улстөрчдийн тоонд багтдаг Намбарын Энхбаяр ардчилсан Монгол Улсын сонгуульд олон улсын байгууллагууд тэр дундаа НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудыг хүчин чармайлт гарган ажиллахыг хүсчээ. Энэ юу гэсэн үг юм. Үнэнийг хэлэхэд Намбарын Энхбаяр, Цэндийн Нямдоржийн хэрүүл Монголын ардтүмний инээдмийн сэдэв болсон.
Ичгүүргүй улстөрчид ичиж амьдарахад яана аа гэж дуу алдаж сууна. Хоёр улстөрчийн хэрүүл дүүрчээ гээд орхиход Монголын минь хувь заяа яах болж байна. Монголын уран сайхны “Хонины найр” гэдэг кино бий. Энэ киноны гол дүрийн жүжигчин бүсгүй гомдсон сэтгэл, уур бухимдлаараа хонио туухдаа Шадав нь авна уу Готов нь авна уу юуны хамаа байхав гэж хэлдэг.
Үүнтэй адилхан Н.Энхбаяр нь гэмт хэрэгтэн үү, Ц.Нямдорж нь гэмтэн үү бидэнд юуны хамаа байна. Бие биенийхээ муу муухайг дуудаад тэд монголын төр, улс төрийн амьдралаас холуур яваасай гэж олон хүн харааж, зүхэж сууна. Хамгийн гол нь улс орны хувь заяагаар тоглох эрх тэдэнд байхгүй.
НҮБ-ээс дэмжлэг хүсч байна гэдэг нь Монгол руу дэлхийн хувьсгалын галыг дуудаж байгаатай ижил сонсогдож, Ливийн хувь заяа шиг тавилан Монголыг нөмрөх вий гэсэн болгоомжлол төрөх нь ойлгомжтой. Цэрэг хүнийг мянган жил тэжээж нэг удаа ашиглана гэсэн үг бий.
Дайны дараах дарийн утаа нь намжаагүй Ирак, Афган, Сери Лионд алба хаасан цэнхэр дуулгатнууд эргээд эх орондоо сонгуулийг хэвийн явуулахад хүчин чармайлт гаргах болж таараад байгаа юм. Муу ёр зөгнөсөн хэрэг биш л дээ. Монголын өнөөгийн улс төрийн амьдрал үүнийг нотолж байна.
Хөнжил дотроо хөлөө жийлцвэл хүний хоол л болно. 2008 оны долдугаар сарын нэгний үймээн энэ бүхнийг бидэнд сануулсан. Гэмтэн, хариуцлага хүлээх хүн олдохгүй байгаа хар өдрийн үймээнийг гадны мөнгөөр дэвэргэсэн гэсэн яриа ч одоог хүртэл намжаагүй байгаа. Хаанаас тийм их хөрөнгө гарав.
Хэнээс авав гээд улс орныхоо аюулгүй байдал талаасаа хөөвөл гэмтэн олдож л таарна. Харамсалтай нь олдохгүй байна. УИХ-ын 2012 оны сонгуульд манай улстөрчид хаанаас мөнгө олох бол гээд сонгогчид харж, ажиглаж сууна. Шулуухан хэлэхэд Оюутолгой, Тавантолгой Монгол Улсын хөгжлийн үүц мөн ч Монголын улстөрчдийн хэтэвчний мөнгө бас мөн болчихоод байна.
Хэтэвчээ дүүргэхийн тулд тэд хэнээс ч бохир мөнгө авчирч угааж болзошгүй. Авчирсан мөнгөөрөө сонгууль хийгээд араас нь гомдол гаргаж, үймээн хийх төлөв ч үүсчихээд байна.
Гадныхан мөнгөө зүгээр нэг самруулчихгүй нь тодорхой. Самарчихсан мөнгөнийхөө хариуд улстөрчид эх орноо зарах алхам ч хийх аястай. Улс орон дотроо учраа олохгүй улстөрчид өнөөдөр олон улсын байгууллага НҮБ-ээс дэмжлэг хүсч сууна.
НҮБ Монголын улс төрийн сонгуульд дэмжлэг үзүүлбэл миний эх орон Ливийн зүг урагшаа болох нь ойлгомжтой шүү дээ. Эх оронч бус улстөрчид эрх мэдэлд хүрэхийн тулд хэнийг ч золиосолж, хэнийг ч ашиглажчаддаг. Эцсийн үр дүн эмгэнэлтэйгээр төгсөнө. Төрийнхөнд биш түмэн олонд.
Африкййн жижиг атлаа баян гүрэн Ливийн хөгжлийн төгсгөл Кадаффигаар хэмжигдсэн бол Монголын улс төр, хэзээ ч дуусдаггүй хувьсгал гадны эрхшээлээр төгсөх вий гэж иргэд бачимдаж байна. Ливи шиг баялгийнхаа мөнгөнөөс иргэд хүртэж байна.
Хэдий Оюутолгой, Тавантолгойн үйлдвэрүүд хүчин чадлаараа ажиллах өдий ч иргэд хүний хөгжлийн сангийн хорин нэгэн мянган төгрөг, цалингийн нэмэгдэж, шинэ төрсөн хүүхдийн мөнгө, тэтгэмж, он гараад сая төгрөг авна гээд Ливитэй адилхан мөнгөний урегал урсаж явна. Ажил хийхгүй бэлэн мөнгө хүссэн нөхөд ахиад даварна уу гэхээс даруу байдаггүйн үлгэрийг Ливийн иргэд харуулж, адгийн төгсгөлд удирдагчаа хөнөөжээ.
Кадаффи хүчирхэг байсан учраас эх орноосоо гаралгүй тэмцсээр амиа алдсан. Харин түүний шадрууд хатуухан хэлэхэд харийнханд эх орноо худалдсан улстөрчид байж.
Монголын улс төр, нийгмийн амьдралд ч ийм эмгэнэлт хувь заяа ирж, ичгүүргүй улстөрчдийг гэр бүлээр нь үр удмаар нь хараан зүхэж, үр хойчдоо үнс нурам болсон эх орон үлдээхгүйн төлөө тэд тэмцэх учиртай. Одоо л хувьсгал хийх цаг болсон гэж зарим хийрхэлтэй, хэнээтэй улстөрчид ярьж явна. Ямар хувьсгал юм бэ гэхээр хамтарсан засгийн газрыг огцруулах л гэнэ.
МАН АН гэдэг мафийн сүлжээг нураах юм байх аа. Тийм том мафийн сүлжээ байгаа юм бол хууль хяналтынхан, тагнуулынхан хаагуур харахгуй яваад байна. Хувьсгал хийх үндэс байгаа юм бол шалтгаан нь юу юм гээд тайлбар нэхсэн асуултууд урсана.
Түүнээс биш албан тушаал, эрх мэдэлдээ дархлагдахын тулд хэдэн улс төрчид муудалцахаар Монголд хувьсгал хийгээд байх юм бол арайхийн хоёр сая долоон зуун мянгад хүрсэн иргэдийн хувь заяа хаачих болж байна Л.Энхбаяргүйгээр, Ц.Нямдоржгүйгээр Монголийн улс төр бансаар ч байх болно. Хорвоод мэнддээгүй байхад нь ч байсан. Ичихээ больсон улстөрчид өөрсдөөсөө ичиж амьдарна уу гэхээс энэ хоёрын өмнөөс Монголын ард түмэн ичиж амьдрах учиргүй.
Дараагийн зүйл. Мэдэгдэл гэдэг сүрхий бичиг учир баймаар байна. Уураа хүрэхээр хэнийг ч доромжилж болдог, хамгаалж болдог гэж ойлгож болохгүй. Түүнчлэн Монгол гэдэг улсыг МАХН төлөөлөн мэдэгдэл гаргах эрхгүй. Монголын ард түмэн өнөөдөр төрийн түшээдээ сонгохын тулд дипломат төлөөлөгчийн газрууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас дэмжлэг хүсэх хэмжээний ухаан дорой нөхөд биш. Бие биенээ доромжил улстөрчид өө.
Битгий ард түмнийг басч амьдар. Аливаа зүйл хэрээс хэтрэхээр муухай харагдцаг. Түүн шиг МАХН гэдэг нам МАНАН гэдэг намуудын тэмцэл хэрээс хэтэрч, хэмжээнээсээ хальж, эцэс сүүлд эх орон руу маань харийнхныг дуудаж, тэдний туслалцаатайгаар эрх мэдэлд хүрэхийг хүсч байгаа нь аймшигтай.
Хэдхэн тоо энд дурдахад хангалттай. Манай улсын орд газрын нөөцийн илэрц баруун бүсэд нэг, хангайн бүсэд хоёр, төвийн бүсэд найм, зүүн бүсэд дөрөв байгаа нь тогтоогдсон. Нөөцийн хэмжээг нь дурьдвал Тавантолгойн нүүрсний нөөц 6 тэрбум тонноор хэмжигдэнэ.
Нарийн сухайтынх 91 сая тонн, Шивээ овоо 564 сая тонн гээд нүүрсний ордуудыг нэрлэж болох. Зэсийнтухайдлгэхэд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 3.2 сая тонн зэс, 90 мянган тонн молбиден, Оюутолгой орд газар 31.1 сая тонн зэс, 7601 тонн молбиден, 1328 тонн алтны нөөцтэй.
Үүгээр тогтохгүй фосфорит , уран, хүдэр, алт, мөнгөний нөөцийг нэмбэл өвөг дээдэс маань бидэнд ямархуу баялаг, баян эх орон үлдээснийг төвөггүй ойлгоно. Энэ хөрөнгө, баялагт бид шунахаас илүүтэй гадныхан арааныхаа шүлсийг гоожуулан асгаруулж суугаа.
Баян хүнийг балаг тойрохгүй гэдэгчлэн баялагтай орнуудад хувьсгалын хувь заяа л хүлээдгийг шил шилээ дарсан үймээн самуун, дайн дажин харууллаа. Дайн дажингийн хөлд нэрвэгдсэн дэлхийн орнуудын жишээг ч энд хэлэхгүй үлдээж боломгүй.
Тухайлбал, олон жил, одоо ч хүртэл дайны утаа нь намжаагүй Ирак улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т бичигдэж, нийт нөөцийн 8.3 хувь нь энэ улсад байдаг. 115 тэрбум баррель газрын тосны нөөцтэй бөгөөд 128 жилийн турш ашиглана гэдгийг суддаачид тогтоожээ.
Тэгвэл удирдагчаа хөнөөлгөсөн Ливи улсын газрын тосны нөөц 46.4 тэрбум баррелиар хэмжигдэж, 77 жил ашиглана гэдгийг тогтоогоод байгаа юм. Дэлхийн том гүрнүүд энэ их нөөц рүү л шунаж, улстөрчдийг, ард иргэдийг өөр хооронд нь толхилцуулж байж үймээн самуун, дайн дажин үүсгэсэн түүхтэй юм билээ.
Дайны төгсгөлд нэрвэгдсэн ард иргэд цуцаж, амар амгаланг хүсэх нь дамжиггүй. Энэ хүсэлд тулгуурласан их гүрнүүд бодлого үйл ажиллагаагаа тухайн улс орон тунхаглаж чадаж байна.
Гэтэл манай улс орны улстөрчид өөр хоорондоо хэмлэлдэж, муулалдаж, гадныхны өгөөш, зууш болон хувирах магадлал маш өндөр. Н.Энхбаяргүйгээр, Ц.Нямдоржгүйгээр Монгол Улс оршсоор л ирсэн. МАХН, МАН, АН гээд дээд шүүхэд бүртгэлтэй хорь гаруй намын улстөрчдийг дагаад хөөрцөглөвөл миний Монголын хувь заяа ч бүрхэг болно.
Тиймээс л ичиж амьдар аа гэж тэр тэнгэрээр нисээд байгаа улстөрчдөд сануулмаар. Баялгийн хараалыг дэлхий хийдэггүй. Хараалын бай нь улстөрчид өөрсдөө болдог.
Хараал эх орондоо дуудаж явснаас хамтарч ажиллах, эс бөгөөс эр хүн шиг зодолдчих гэдэг үгийг иргэд хэвлэлийнхнээр дамжуулан хэлүүлж байна.
Хэрвээ Монгол Улсын хөгжил муу муухай бугласан юм бол тэр өвчинг өөрсдөө авчирсан шүү. Жирийн иргэд биш гэдгийг хэлмээр. Зөөлөн сэнтийд сууж, эрх мэдлээ булаацалдан ноололдох эрхэм улстөрч Ливийн харанхуй амьдралыг Монголд дуу байгаа нь МАХН-ын мэдэгдлээс харагдлаа.
НҮБ нэр хүндтэй, дэлхийн дээвэр болсон байгууллага ч гэлээ Монголын ард түмний сонголт, амьдралд нөлөөлөх эрх бас байхгүй. Хэлсэн үг, бичсэн мөр, агуулга бүхэндээ анхаарах цаг улс төрийн хэнээрхэл туссан намуудад иржээ.
Э.Дагиймаа
Эх сурвалж: “Монцамэ”
URL: