Ерөнхийлөгч болохоор зүтгэх “Гурван баатар”
Цэцэн цэлмэг үгтэй, бөөрөнхий хийгээд, хүзүүгүй байдлаа өөрийнхөө Пи-Ар болгож чаддаг Эби гэх хочтой нэгэн өвөрмөц этгээдийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тун удахгүй дуусах гэж байна. Монголчууд бид 2017 онд шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Хээгүй гүдэсхэн П.Очирбат, ихэмсэг хямсгар Н.Багабанди, “Их өр” тэглэдэг Н.Энхбаяр, гадаадад нэр хүнд өндөртэй Ц.Элбэгдорж гэх мэтчилэн өөр өөрийн өнгө аястай дөрвөн ерөнхийлөгчийн нүүр үзлээ. Одоог хүртэл бид ерөнхийлөгч гэх албан тушаалынхаа учрыг сайн ойлгодоггүй. Ер нь ерөнхийлөгч болохоор зүтгэж буй этгээд нь ч сайн ойлгож өгдөггүй. Монголд ерөнхийлөгч нь эрх мэдэлтэй ч юм шиг, эрх мэдэлгүй ч юм шиг, бэлэг тэмдэг ч юм шиг ойлгомжгүй албан тушаал байсаар байдаг. Уг нь бол парламентын засаглалд тавих нэг төрлийн хяналт юм шиг санагдана. Тэгсэн мөртөө ард түмэн ерөнхийлөгчөөс эрх мэдлээс нь давсан их зүйл хүсэж хүлээдэг. Улс төр, эдийн засгийн хямралтай энэ цаг үед дараагийн ерөнхийлөгчөөс бид бүр илүү их зүйлийг хүсэх болно. Энэ цагийн эрхшээл дор ерөнхийлөгч болохоор хэн хэн зүтгэх вэ? Ард түмэн ерөнхийлөгчид өндөр шаардлага тавих хүсэлтэй байдаг. Харин улс төрчид өөрсдийгөө голдоггүй. Нэгэнтээ УИХ-д сууж, төрийн сайдын алба хашиж үзсэн бүхэн “Хаан” сэнтийд санаархах эрхтэй. Ийм санаархалаар жигүүрлэж сэм лобби өдүүлж яваа этгээдүүдээс энэ гурав тун чиг ширүүн өрсөлдөөн үүсгэх болно. АН-аас яг үнэндээ Лу.Болд эсвэл Р.Амаржаргал ерөнхийлөгчид нэр дэвших илүү магадлалтай гэвч Х.Баттулга түүний фракц, үүсгэн бий болгож чадсан нэр хүнд, үнэ цэнийг дутуу үнэлэх хэрэггүй. Нам дотроосоо л гараад ирвэл тэр үнэхээр ерөнхийлөгч болчих магадлалтай нэгэн.
Х.Баттулга /АН/
Халтмаагийн Баттулга гэх эрхмийн сүүл үеийн тоглолтууд бүгд ерөнхийлөгчийн суудалтай холбоотойгоор өрнөж байна. Тэр бол 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн идэвхтэйгээр тэмүүлж буй этгээд юм. Гэвч түүнийг намаасаа ерөнхийлөгчид зүтгүүлэх хүсэлгүй хүн нь одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Ц.Элбэгдоржийн хувьд Х.Баттулга Н.Энхбаяр хоёртой ширүүн тэмцэл өрнүүлсэн улс төрийн тоглолт явуулсаар ирсэн.
Х.Баттулга 100 чухал сэдэв нэвтрүүлгээр улс орны хөгжил дэвшлийг Сингапур, Солонгос хоёрын жишээн дээр, Өөрөөр хэлбэл Ли Куан Юу,Пак Жөн Хи нарын дарангуйлагч системийн буянаар бий болдог хэмээн үздэгээ ярьж байлаа. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн засаглалд тун чиг дуртайгаа илэрхийлдэг нэгэн. Ерөнхийлөгч болж гэмээ нь геополитик ярьсан тун хатуу нэгэн байх нь ч ойлгомжтой. Нам дотроо олж авсан муу нэрнээсээ үүдээд нэр дэвшихээр сугарч гарах эсэх нь тун чиг эргэлзээтэй. Уг нь тэр өнгөрсөн хавар ерөнхийлөгч болох “Б” төлөвлөгөө гэгчээ зохиож ТТЭНН гэдэг намыг луйвар, залилан, өндөр үнэ төлж бий болгоод зарга үүсгэгчээрээ алдартай Г.Уянга гэх хүүхнийг намын даргаар нь томилж үзсэн. Энэ нам УИХ-д ядаж ганц суудал авсан бол Х.Баттулга АН-аас биш юм аа гэхэд ТТЭНН гэгчээс ерөнийлөгчид дэвших байсан. Нам нь түүнд нүүр өгөх дургүй хэдий боловч дэвшиж чадна гэмээ нь асар их нэр хүндтэй, нийгэмд нөлөөтэй эрхэм гэдэг утгаараа тэр ямар ч өрсөлдөгчид хатуу самар байх болно.
М.Энхболд /МАН/
МАН-аасерөнхийлөгчид зүтгүүлэх хүн “олдоц” муутай байгаа. Намын том лидер болон тодорч байсан С.Батболд алдарт 20 гэр бүлийн нэг, том олигархи хэмээн цоллуулж нэр хүнд муутай болсон. Харин С.Баяр нь “эрүүл мэнд”-ийн гэх шалтгаанаар улс төрөөс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. С.Баярын эрүүл мэндийн шалтгаан нь Оюутолгойгоос үүдэлтэй улс төрийн “эрүүл мэнд” муудсаныг ч хэлсэн байх боломжтой. С.Баяр ерөнхийлөгчид үзвэл уг нь бас давгүй нэр хүндтэй цаг үе байсан. ГЭвч өнгөрсөн дөө хоцорч мань хүний суудал Их Британид элчингээр суухаас хэтрэхгүй болсон байна .Энэ суудал нь ч түүнд хэл ам авчирсаар л байна. Уг нь бол улс төрд ороод ирэхэд түүнийг өнөө хэмлээд байгаа сэтгүүлчид ч тэр, улс төрчид ч тэр барж идэж чадахгүй. Гэвч нэгэнт тэр том тогооноос гарсан л бол гарсан. Тэгэхээр МАНгэх аварга улс төрийн байгууллага намын даргадаа л ерөнхийлөгч болох “Лай”-г үүрүүлэхээс өөр гарцгүй. Өмнөх сонгуулиар улс төрч бөхөө нэг өрсөлдүүлж үзээд өвдөг шороодсон. Намын дарга М.Энхболд энэ “Лай” өөр дээр нь ирнэ гэж мэдэж байсан тул эртнээс “Ерөнхийлөгчид” нэр дэвшихээр бэлдэж засаг байгуулах эрхээсээ татгалзсан гэж олон хүн харж байгаа. Уг нь сонгодог парламентийн засаглалтай оронд тэр УИХ-ын дарга бус ерөнхий сайд хийхүйц ялалт байгуулсан. Гэвч УИХ-ын танхим голлон суусан нь нэг бол ерөнхийлөгчид дэвших бэлтгэл, нөгөө бол засаглалын хямралаас үүдэлтэйгээр Ж.Эрдэнэбатыг утсан хүүхэлдэй болгож өөрөө УИХ, ЗГ хоёроо шашин төрийг хослуулан баригч гэдэг шиг хослуулах захирах хүсэл өвөртөлсөн ч байж болно. Ямартаа ч тэр МАН-аас ерөнхийлөгч болох хамгийн том шанстай нэгэн. Өрсөлдлөө ч гэсэн газрын наймаа энэ тэрийг нь сонсоогүй шахуу хөдөө орон нутагт том ялалт байгуулж чадна.
Н.Энхбаяр /МАХН/
Ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар 2008 оны даагаа нэхэх санаархал Н.Энхбаярт байгааг үгүйсгэж болохгүй. Тэр үеэс хойш улс төрийн ертөнц асар олон өөрчлөлтөд орсон. Нам дотроо хаан байж, улс төрийн ертөнцийн томоохон мангас байсан тэрээр өнөөдөр өрх тусгаарлаж, МАХН гэх хуучин нэрэн дээрээс өндийн босох гэж хичээх нэгэн болж хувирсан. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд Монголд ямар өөрчлөлт явагдсаныг харахыг хүсвэл Н.Энхбаярын турсаныг ажиглахад боллоо гэсэн явган шог хүртэл гарсан байна. Орон шоронд орж, өндөр суудлаасаа буусан түүнийг хөгшид голдуу дэмжинэ. Ард түмэндээ өртэй хүн түүнээ дарахын хүслээр буцлан байна гэж мэдэгддэг. Ялагдсан бүхнийг өрөвдөх Монгол зан түүнийг баривчлагдсан, байцаагдсан тоолонгоор рейтингийг нь өсгөж байдаг. Өнөөдөр Монгол улсад өрнөж буй улс төрийн үйл явцууд дээр хийсэн түүний тайлбарууд ч ард түмэнд таалагддаг. Тэгээд ч намаасаа зүтгүүлэх өөр олигтой этгээд байхгүй. Уг нь “Босоо” гэгдэх С.Ганбаатарыг нэр дэвшүүлж магадгүй гэсэн сураг сонсогдсон. Гэхдээ энэ нь үнэний ор багатай яриа. Учир нь дипломны асуудлаас үүдээд УИХ-д ч гарч чадаагүй мань хүн ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэдэг бараг л байж боломгүй зүйл. Өнгөрсөн жил ”Эх оронч”-ийн өдрийг МАХН,МАН хоёр хамтран тэмдэглэх үеэр Н.Энхбаярын рейтинг хэр өндөр байгаа нь маш ойлгомжтой харагдсан. МАН-ындарга М.Энхболд Н.Энхбаярын нэр сүрд дарагдаж байлаа. М.Энхболдыг Н.Энхбаяр хуга дарж, нам ялах чадалтай гэдэгтээ итгэлтэй байгаа. МАХН-ыг улс төрийн том мангас болгож, алдагдсан нэр төрөө сэргээхээр зүтгэн буй Монте Кристо гүн бол Н.Энхбаяр. Гэхдээ эх зохиолоосоо ялгаатай нь Монгол гүнтэн маань авилгал авсан нь нотлогдож ял сонссон нэгэн.
С.Амаржаргал
undesten.mn
URL: