Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй…

149360503159069aa79e938Шүд, эрүү нүүрний төв гэж эмнэлэг байдаг байлаа. Харин байсан газар, байрнаасаа хэдийнэ нүүчихэж. Хуучин байранд нь хувийнхан тухалсан гэнэ. Асууж сурагласаар арай гэж олов. Эрээвэр хураавар олон хаяг, эмнэлгүүд дунд торойх бараа  нь бүдэг бадагхан, хүний өөрийхнийг нь ялгахад бэрх гэмээр газар байна.

Нүүж яваа эмнэлгийнхэн

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу бидний ярьж заншснаар Төв шуудангийн баруун хойхно Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв гэж байсныг хотын “нохой” ч андахгүй байх. Жилдээ 100 гаруй мянган хүнд үйлчилдэг, тэр үйлчлүүлэгчдийнх нь 60-аас дээш хувь нь хүүхэд, хөгшид байдаг энэ эмнэлгийнхэн өнөөдөр өөрийн гэсэн байргүй, энд тэнд нүүдэллэж явна. Анх “Төгөлдөр төв”-өөр эхэлсэн нүүдэл өнөө  ч дуусаагүй, одоо “Big sky” компанийн байранд сардаа 22 сая төгрөгийн түрээсийн төлбөр төлөөд түр байрлаж байна. Хэтдээ 33 дугаар сургуулийн тийшээ нүүнэ гэсэн чиг баримжаатай байгаа гэнэ.  Хэтдээ гэдэг нь хэдэн ч жил болж мэднэ гэсэн үг.

Монголдоо шүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг ганц эмнэлэг маань ийнхүү  ус бэлчээр бараадсан гантай жилийн малчин шиг  нүүдэллэж явна. Төрийн үйлчилгээг түмэндээ хүргэх учиртай тус эмнэлгийнхэн хотын яг төв хэсэгт  өөрийн гэсэн байр савтай  байсан нь саяхны явдал. Харин тэр байр нь үйлчилгээний шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ.  Хуучин барилгаа нураагаад  газарт нь эмнэлгээ шинээр барина гэсэн итгэл үнэмшлээр  тус эмнэлгийнхэн  байр саваа чөлөөлж, он жил дамжсэн нүүдлээ эхэлсэн байдаг. Харамсалтай нь тэр итгэл эндүүрэл байжээ. Одоо тэд газар ч үгүй, эмнэлгийн барилга ч үгүй хоцорч, “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгч болчихоод явж байна. Хэн нэгний орон зайд толгой хавчуулагдаж, хувийн компанийн байранд өндөр түрээсийн дарамтан дор үйлчилгээгээ үзүүлж байна.  Улсдаа ганцхан эмнэлэг яагаад  ингэж талд төөрсөн янзага шиг  хоцров. Энэ түүхийг сөхье.

Шүдний төвийн барилгыг “хадамд гаргасан” түүх

Шүд, Эрүү нүүрний төв /ШЭНТ/-ийн барилга шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсныг дээр өгүүлсэн. Харин тухайн үед эмнэлгийн газар дээр шинэ эмнэлэг барина гэсэн чиглэлтэй байсан ч 2015 оны тавдугаар сард  тухайн барилгыг хувьчлах тухай  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шийдвэр гарчээ. Асуудал энэ. Хэрэв эмнэлэг барих газраа хадгалж үлдсэн бол өдийд жинхэнэ зориулалтын орчин цагийн техник технологи бүхий байр байшинтай болох боломж бүрдэх ч байсан юм бил үү, хэн мэдлээ. Ядаж л хэзээ нэгэн цагт эмнэлгийн барилгатай болох магадлал нь 100 хувь байх шүү дээ. Газартай бол барилгатай л гэсэн үг.

Эмнэлгийн барилгыг худалдах шийдвэрийг эмнэлгийнхэн эсэргүүцэж   “Эмнэлгийн газар дээр нь эмнэлгээ барих”-аа илэрхийлж,  дуу хоолойгоо нэгтгэсэн байдаг. Тэд эмнэлгийн газрыг хууль бусаар луйвардахыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн ч  дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж, эмнэлгийн ажилчдын дуу хоолойг сонсоогүй юм.

Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Өмч хувьчлалын комиссын дарга Э.Бат-Үүл  2015 оны 03 тоот  тогтоолоороо тус төвийн 1152 м2 талбайтай  барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар 4.2 тэрбум төгрөгөөс эхэлж дуудах шийдвэр гаргасан байдаг.  Харин анхны дуудлага худалдаанд оролцохоор нэг ч хүн санал ирүүлсэнгүй. Иймд дахин тогтоол гаргаж хоёр дахь дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ  тус төвийн анхны 4.2 тэрбум төгрөгийн үнэлгээг 40 хувь бууруулж 2.5 тэрбум төгрөг болгон нээлттэй худалдаа зохион байгуулжээ.  Энд нэг зүйлийг сануулахад анхны 4.2 тэрбум төгрөг бол хамгийн доод үнэлгээ байсан бөгөөд энэ үнийг “Хөрөнгийн үнэлгээний  төв” ХХК тооцож гаргасан байдаг.  Гэвч мэргэжлийн байгууллагын тогтоосон  тэр доод үнийг хүн саналаа ирүүлээгүй гэсэн үндэслэлээр  бараг тэн хагасаар буюу 40 хувь хүртэл бууруулж дахин худалдаанд оруулсан байна. Ингэснээр  худалдан авагч нарт хэрэг дээрээ анхны доод үнээр,  магадгүй түүнээс ч бага үнээр худалдан авах боломж бүрджээ. Барилгын  үнэ /үнэндээ газрын үнэ/ ингэж  буурснаар таван иргэн  нээлттэй дуудлага худалдаанд оролцох саналаа ирүүлжээ. Энэхүү арилжаа   2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болж, иргэн З.Пүрэв-Очир   4.3 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Энэ нь  “Хөрөнгийн үнэлгээний төв”  ХХК-ийн тогтоосон доод үнээс  ялимгүй өссөн үнэ байв.

Хувьчлалаас орсон тэр мөнгөөр юу хийсэн бэ. Зам тавьсан, бүтээн байгуулалт хийсэн, цэцэг тарьсан гэхчлэн  хэлэх  байх л даа. Гагцхүү нэгийг бүтээхдээ нөгөөг гайнд  гаргадаг нь ухаалаг шийдэл мөн үү. Бүр тэгэхдээ иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээг золигт гаргаж.  Золигт гаргаагүй эмнэлэг хэвийн үйл ажиллагаагаа хэвээр явуулж байна гэх үү…

Тэгвэл тийм биш.  Ажлын байрны стандарт, үйлчилгээний чанар хүртээмж, зориулалтын бус байрны “зовлон” гэж бас бий. Дээрээс өндөр түрээсийн дарамт. Айлын хажуу өрөө хөлслөн амьдардаг өрхөд өчнөөн олон “зовлон” хязгаарлалт, зохицож амьдрах шаардлага гардаг. Яг түүн шиг.

Улсдаа ганцханд тооцогдох төрийн өмчийн шүдний нарийн мэргэжлийн эмнэлэг ийнхүү барилгаа, газартай нь хамт Нийслэлд “булаалгав”.  Газар ч үгүй барилга ч үгүй  хоцроож “гайтуулах” ажиллагаа ингэж өндөрлөв. Одоо тэд орох оронгүй бусдын дээвэр дор толгой хоргодож байна.

Хасагдаж буй төсөв, нэмэгдэж байгаа өвчлөл

Тус төв нь шүдний эмнэлгийнхээ хувьд гуравдугаар зэрэглэлийн эмнэлэг. Өөрөөр хэлбэл хамгийн дээд түвшний хэмээн тодотгож болно.  Салбарын яамнаас эхлээд  эмнэлгийг өөрийн гэсэн орон байртай болгохоор зорьж байгаа ч одоогоор бүтсэн зүйл үгүй байна.  Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг 33 дугаар сургуулийн ойролцоо нэг байрны сураг гарч байгаа гэдгийг тус эмнэлгийн олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн эмч Ц.Байгаль хэлсэн. Гэвч тэр байрыг эмнэлгийн зориулалтаар засч тохижуулах төсөв хөрөнгө нь 2017 оны төсөвт суугаагүй болохоор хэзээ өөрийн гэсэн байртай болох нь бас л тодорхойгүй хэвээр байгаа аж. Энэ бол асуудлын нэг тал. Тус эмнэлэг урьд нь 1150 гаруй м2 талбай бүхий байранд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ нь одоо байгаа хүчин чадал, үйлчилгээний хүртээмжийг зохих хэмжээгээр хангаж байжээ. Гэтэл шинээр санал болгож сураг нь дуулдаад байгаа тэр байр 800 м2 бөгөөд  даруй 200-300 м2-аар багасахаар байгаа гэнэ.  Энэ бол асуудлын нөгөө тал. Тэгэхээр эмнэлгийн үйлчилгээний чанар стандарт энэ хэрээр хангагдахгүй байдал үүснэ гэдгийг эмч мэргэжилтнүүд нь онцолж байгаа юм. Гэхдээ, оргүйгээс охинтой нь дээр гэгчээр “нүүдэллэж” яваа энэ эмнэлгийнхэн зай талбай багатай ч гэсэн өөрийн гэсэн орон байртай болчих юм сан гэсэн хүлээлттэйгээр  ажиллаж байна.

Байр багасахын хэрээр үйлчилгээ хумигдаж мэргэжлийн эмч сувилагч нарынхаа тоог цөөрүүлж байгаа гэнэ. Тухайлбал, хуучин байрандаа 110 гаруй эмч сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 70 гаруйхан хүнтэй ажиллаж байна гэв. Ийнхүү нэг талаас төсөв нь багасч нөгөө талаас түрээсийн сар бүрийн төлбөр 22 сая төгрөг нэмэгдэж байгаа болохоор  “бүсээ чангалах”-аас өөр арга үлдээгүй биз. Хөөрхий дөө, хөлийнхөө хэрээр хөнжлөө жийхээс өөрөөр яах билээ.

Харин эмнэлгийн байгууллагууд бүсээ чангалснаар тэр хэрээр иргэдэд  ирэх үйлчилгээ нь хумигдах бодит байдал хүссэн хүсээгүй бий болж байгаа нь харамсалтай.  Асуудал нэг талаасаа ингэж харагдавч үйлчлүүлэгчдийн тоо урьд урьд жилийнхээс эрчимтэй өсч байгаа гэдгийг тус төвийн эмч нэр хэлж байна билээ. Зарим жил 100  мянга хол давж байгаа гэсэн. Үүний шалтгаан нь шүдний өвчлөл маш ихэсч байгаатай холбоотой гэв. Ийнхүү нэг талаасаа эрэлт нэмэгдэж байхад  нөгөө талд төрийн өмчийн ганц эмнэлэг нь орон байргүй  “нүүдэллэж” яваа хачирхалтай хамаарал манайхаас өөр газар магад байдаггүй биз. Төр нь ингэж иргэдийнхээ үйлчилгээг эзэнгүйдүлж булааж авах нь аль хэр ариун явдал вэ?

Түрээсийн төлбөрт хувийн компанийн халаасанд сар бүр орж байгаа энэ 22  сая буюу жилийн 264 сая төгрөгөөр эмнэлгийнхээ  тоног төхөөрөмжийг шинэчилбэл  үйлчлүүлэгчдэд маань хэрэгтэй байхсан. Нэг хүний, нэг хэсэг бүлгийн буруу шийдвэр нийгмийн  үйлчилгээг ингэж самарч байна хэмээн тэд гомдолсон юм.

Дахиад нэг намберван /№1/: Шүдний өвчлөл

Тоо талаас нь авч үзвэл Монголд шүдний эмнэлэг шиг олон эмнэлэг үгүй. Хувийн гэсэн тодотголтой тэр олон “….дентэд”  мөнгө төлөөд үйлчлүүлэх санхүүгийн  боломжтой иргэд харин дэндүү цөөн. Тэгэхээр  чөдрийн ганц гэдэг шиг иргэд улсынхаа ганц төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгээ бараадахгүй гээд яах билээ. Энэ төвийн үйлчилгээ үнэ төлбөргүй, дээрээс нь төрөлжсөн, нарийн мэргэжлийн гэдгээрээ ялгардаг.

Монголын эрүүл мэндийн салбарт өнөөдөр намберван /№1/ гэгдэж байгаа олон асуудал бий. Тэдгээрийг эрүүл элэг, ходоод гэхчлэн ярьж нэрлэж байгаа. Тэгвэл бас дахиад нэг №1 асуудал энэ салбарт байх шиг байна. Тэр нь шүдний өвчлөл. Энэ талаар тус төвьийн эмчилгээ эрхэлсэн орлогч  дарга Б.Өнөрбилэгийн ярьсныг тоймлон хүргэж байна.

-Улаанбаатар хотод шүдний өвчний тархалт :

                0-6 насныханд 89-95 хувь

                12-18 насныханд 80-86 хувь

                18-аас дээш насныханд 76-78 хувь байдаг ажээ.

Энэ бол  мэргэжлийн байгууллагын судалгаа.  Харин шүд цоорох өвчлөлийн тухайд гэвэл бүр ч “ангаймаар”  тоо баримт байна. Тухайлбал, шүд цоорох өвчний эрчим бага насныханд  6-7 шүд, 16-аас дээш насныханд 4-5 шүд нь цооролттой байдаг ажээ. Магадгүй та  ч гэсэн амандаа  5-6 цоорхой шүдтэй, түүнийгээ лац ломбоор таглачихсан явж байж мэднэ.

Зөвхөн Улаанбаатар хотоор жишээлье. Эх орны нийслэлд өнөөдөр  1,5 сая хүн амьдарч байна. Эдгээрээс 500 мянга нь шүдний хувийн эмнэлгээр үйлчлүүлдэг гэж  тооцоод хасахад цаана  нь 1.0 сая хүн үлдэнэ. Нэг хүнд дунджаар 5-6 шүд цооролттой гэвэл нийтдээ 5.0-6.0 сая шүдийг эмчлэх үүрэг тус төвд ногдож байна гэсэн үг. Тус төвийн одоо байгаа хүчин чадал нь 100.0-130.0 мянган хүнд л тусламж үзүүлэхэд арай гэж хүрч байна. Өөрөөр хэлбэл дээрх тусламж хэрэгтэй байгаа 5-6 сая шүдний дөнгөж 2.4  орчим хувьд хүрч үйлчилж байна гэсэн үг.

Бодит байдал ийм байна. Гэтэл төрөлжсөн нарийн мэргэжлийн ганц эмнэлгээ өргөжүүлж тэлэхийн оронд байр газрыг нь булааж мөнгөтэй хүнд зарчихаад, бадар бариулаад явж байгаа нь ямар гээч араншин бэ. Бүтэх бүтэхгүй нь тодорхойгүй, сураг төдий байгаа  тэр байр нь зай талбайгаасаа эхлээд багасч, хуваарилдаг төсөв нь чим чимхээр хумигдаж, дадлага туршлагатай эмч мэргэжилтнүүдийнх нь орон тоо цөөрсөөр байгаа нь харамсалтай зүйл биш гэж үү.

Энэ хэрээрээ эрүүл Монгол хүний төлөөх мөрөөдөл замхарч холдсоор  байх болно.

М.Нэргүй

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих