Намууд хэнийгээ Ерөнхийлөгчид сойх вэ

527-1493601404МАН-АН-МАХНУИХ-д суудалтай намуудын Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа маргаашаас эхэлнэ. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан хуваариар энэ ажиллагаа тав хоногийн турш үргэлжлэх ёстой юм.

Хуульд зааснаар МАН, АН, МАХН энэ сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Гэхдээ аль намаас хэн нэр дэвших вэ гэдэг өнөөдөр тодорхойгүй хэвээр байна.
МАН
Эрх баригч МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшинэ гэж бараг л УИХ-ын сонгуулийн маргаашаас л ярьцгаасан. Гэвч тэрээр өнөөг хүртэл нэр дэвших эсэх талаар нэг ч үг дуугараагүй байгаа юм.
Харин МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэрийг нь дэвшүүлэх саналыг намын ахмад эрдэмтэн, судлаач, нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд  2017 оны дөрөвдүгээр сарын 7-нд МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Бага хурлын гишүүдэд хүргүүлсэн байдаг.
АН
АН-аас хамгийн түрүүнд буюу 2016 оны аравннэгдүгээр сарын 9-нд Монгол Улсын Ерөнхий  сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн юм.
Хотын дарга асан Э.Бат-үүл 2017 оны гуравдугаар сарын 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ намынхнаа цуглуулж байгаад мэдэгдэв.
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав 2017 оны дөрөвдүгээр сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдэв.
2017 оны дөрөвдүгээр сарын 12-нд нийтлэлч Баабар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ нийтлэлээрээ дамжуулан мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн асан Х.Баттулга 2017 оны дөрөвдүгээр сарын 17-нд хэвлэлд өгсөн ярилцлагаараа дамжуулан Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэв.
2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд Ардчиллын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдлээ.
 Ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдсэн зургаан хүн АН-д байна. Харин албан ёсоор ингэж мэдэгдээгүй ч нэр дэвших бэлтгэлээ базааж буй Р.Амаржаргал, П.Цагаан, Г.Батхүү, Л.Болд нар бий. Бас саяхан АН-д элссэн “Буян”-гийн Б.Жаргалсайханы нэр дуулдаж байгаа.
МАХН
Энэ намын хувьд нэг л хүнийг нэр дэвшүүлэхээр ярьж байгаа гэхэд болно. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд нам дотроо болон олон нийтийн дунд ихээхэн нэр хүндтэй байгаа. Тэр утгаараа МАХН-аас Н.Энхбаяр л нэр дэвших кандитатаар яригдаж буй юм.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих