Цүнх баригч балчир жаалууд
МОХ, МЗХ, их дээд сургуулийн оюутны холбоодоор дамжиж цүнх барьж, кофе зөөсөөр эрх мэдэлд хүрч, бор ходоодоо хоолтой залгуулах хүсэлтэй залуус олширсон. Олон нийтийн ажил гэж гүйгээд, яг сурсан мэдсэн нь байхгүй.
Хийх ёстой хичээлээ хийж шалихгүй мөртөө оюутны эрх энэ тэр гэж их хуцна шүү дээ тэд чинь. Бяцхан улс төржиж байгаа нь тэр юм л даа.
Ингэж гүйж яваад хэн нэг улс төрчийн хараанд өртөөд авбал болох нь тэр. Улс төрчид яахав бүгд л ижил тоглолттой.Сонгуулийн нэг сарын турш “Би тэгнэ” гэж ярина. Сонгууль дуусаад дөрвөн жилийн турш “Тэр тэгсэн” гэж хардана. Залуус нам дагна. Улс төр хийж байна гэж бодно. Улс төрч болцгоож тоглоно. Хөгжиж байна гэж бодно. Залуу хүмүүс улс төрд биш улс төрчдөд хэрэгтэй байгааг ойлгохгүй. Залуу хүний гоо сайхан, итгэл үнэмшил, залуу халуун насных нь гэрэл гэгээгээр муу муухайгаа халхлах гэж оролдоно. Залуу хүнийг дайсныхаа өөдөөс турхирдаг нохой, муугаа халхалдаг бамбай мэт ашиглана. Харин “Залуус” ашиглагдах тоолонгоороо хөгширч орхино.
Итгэл үнэмшил, улс төрийн байр суурьгүйгээр зөвхөн эрх мэдэлд хүрэх шат гэсэн бодолтойгоор хэн нэгэнд өөрийгөө ашиглагдахыг хүлээн зөвшөөрнө гэдэг гутамшиг. Хэзээ нэгэн цагт эрх мэдэлд хүрээд шударга ёсыг тогтооно гэж боддог биз, хэзээ нэгэн цагт эрх мэдэлд хүрээд өөрчилнө гэж итгэдэг байх… Чадахгүй ээ, шударга бусын бамбай болж явсан бодгаль шударга байж чадахгүй, хэн нэгний эрх мэдлийн баталгаа болж явсан баастай “бурхан” эргээд хэн нэгнээр эрх мэдлээ баталгаажуулах гэж оролдоно. Магадгүй залуу үеийнхний цаг үедээ гайхуулах ганцхан ухаалаг үйлдэл бол “улс төржихгүй улс төр” хийж чаддаг болох юм. Залуу хүн улс төр хөөж болохгүй юм байхгүй, залуу хүн итгэл үнэмшилдээ бат зогсож, сайн сайхан бүхний төлөө зүтгэж чадаж байвал болохгүй юу байх билээ.
Гэхдээ итгэл үнэмшилгүйгээр, сохор харалган улс төр хөөх нь өрөвдөлтэй зүйл. Платон, Аристотель, Гегель, Ж.Ж.Руссо гээд цаг үеэрээ, хэдэн мянганаараа гайхагдсан эрдэмд боловсорч, эх орондоо зүтгэх улс төрийн үзэл баримтлалаа эхлээд сонгож /мэдлэгтэй хүн сонгодог, мэдлэггүй хүн дагадаг/, сонгосон үзэл баримтлалдаа итгэл үнэмшилтэйгээр зүтгэж сурах хэрэгтэй… Хэлд орж байгаа хүүхэд уншиж сурахаасаа өмнө ярьж сурдаг, харин ухаан сууж байгаа хүн ярьж сурахаасаа өмнө уншиж сурдаг. Монгол залуус сайхан амьдралынхаа төлөө, өөрийнхөө аз жаргалын төлөө, хуримтлалынхаа төлөө зүтгэж байна гэж шударгаар хэлдэг, хэлсэн шигээ хийдэг байгаасаа гэж хүсэж байна. Түүнээс биш бусдын жаргалын төлөө босдог, тэмцдэг, уриа лоозон барьдаг хүүхэлдэй нараар яах юм бэ?!
Залуусаа өөрийгөө аз жаргалтай амьдруулах сонголт хиймээр байвал толинд хар… Өөрөөс чинь өөр хэн ч чамайг сайхан амьдруулж чадахгүй. Дагаж далдайгаад байгаа “том ах” чинь бүр ч чадахгүй. Биеэ засаад, гэрээ засаад төрөө зас! Битгий биеэ, гэрээ засах гэж төрд мацаад бай! Монгол төрийн босго намхан санагдаж байвал хожим хариуцлага тооцох ард түмний ухаан, төрийн хар хүнд тавьдаг Монгол ёс суртахууны босго өндөр гэдгийг битгий мартаарай!
Хүн төрөлхтөн өнөөдрөөс хэцүү цаг үед аз жаргалаа цогцлоож ирсэн байхад 21-р зуунд, өөрийнхөө амьдралын баталгааг хэн нэгнээс хайж, боловсорч гүйцээгүй ухаанаа бусдаар бурантаглуулах хэрэг юу байна. Хүн шиг хүн болж, мэдлэг ухаан бүрнээ цогцлоогоод, нам шиг нам, улс шиг улсыг байгуулах гэж шудрага бус бүхэнтэй нүүр тулсан цагт ард түмэн та нарыг хүлээн зөвшөөрнө балчир жаалууд минь…
С.Амаржаргал
undesten.mn
URL: