МОНГОЛЫН ХАМГИЙН ОЛОН ЭХНЭРТЭЙ ЭРЧҮҮД
Та бүхэндээ Холливуд болоод Америкийн олон гэрлэсэн зартай эрхмүүдийг танилцуулсан байгаа. Амьдралаараа ч, ааш араншингаараа ч, уран бүтээлээрээ ч үргэлж дуулиан дэгдээж, анхаарлын төвд амьдарч ирсэн Холливудын ертөнцийнхөн юунаас ч үл эмээнэ, үл ичнэ. Яг байгаагаараа. Манайхны нэг ялгаа нь үргэлж багтай амьдардаг юм уу даа. Соёл болоод сэтгэлгээний ялгаа байх л даа. Олон гэрлэхээсээ, гэрлэсэн бол түүнийгээ илчлэхээс зугтана. Нууна. Олон эхнэртэй бол бүр ч их нууна. Түүнийг нь илчилсэн нэгнийг үзэн ядна. Угтаа энэ чинь хүний л амьдрал шүү дээ. Хийж чадсан юм юундаа тэгтлээ нуудаг байнаа. Ийм олон үг нуршсаны минь учир одоо та бүхэндээ олон эхнэртэй олны танил эрчүүдийг танилцуулах гэж байна. Үргэлж олны анхаарлын төвд байдаг эдгээр эрхмүүдийг манайхан ч хангалттай мэднэ. Нэг их шинэ содон мэдээ гэсэн үг биш л дээ. Гэхдээ танд сонин байх болов уу.
Ц.Мянганбаяр: Энэ ноёнтныг үнэндээ мэдэхгүй, танихгүй хүн гэж Монголд байхгүй. Алтны магнат, хүүхний тэнгэртэй хоёроороо алдаршсан эр. “Монгол газар”-ын боссын анхны гэргийг манай сэтгүүл анхлан уншигчдад танилцуулж байв. Б.Болор хэмээх багш мэргэжилтэй, боловсон, оворгүй бүсгүй МУИС-д тэнхимийн эрхлэгч хийдэг. Социализмын үеийн урдаа барих төрийн албан хаагчдын нэг байсан Б.Болор бүсгүй чухам залуу халуун насандаа хүүхдүүдийнхээ аав, анхны хайртайгаа учирч, хоёр хүүхдийн ижий, аав бололцож байсан гэдэг. Хосууд салсан цагаас хойш хатагтай Б.Болор олон жил ганц бие амьдарч байгаад “Зэт”-ийн Мэндбаяр хэмээх бизнесмэн эрхэмтэй хамтын амьдрал зохиосон бол Ц.Мянганбаяр ноёнтны тухайд ёстой цэцэг ургамал дамжих эрвээхэй адил адал явдалт амьдралыг туулж яваа гэж болно.
Алтны магнат эрхмийн дараагийг гэргий нь Б.Азжаргал хэмээх үзэсгэлэн төгс бүсгүй. Нэрт сэтгүүлч, “Ижийдээ захидал бичээрэй” бэстсэллер номын зохиолч С.Батмөнхийн эрх танхил ганц охин энэ хатагтай ноён Ц.Мянганбаярт М.Төгсжаргал буюу Тиффани нэртэй хөөрхөн охин төрүүлж өгчээ. Б.Азжаргал хатагтай цэцэрлэг ажиллуулдаг бөгөөд саяхнаас SBN телевизийн захирал Бат-Оргилтой хамтран амьдарч байгаа гэх.
Харин ноён Ц.Мянганбаярын дараагийн сонголт нь топ модель Д.Пүрэвсүрэн. Цуутай амрагуудын түүх эндээс эхэлсэн гэж болно. Алтны магнатад М.Мөнхжин хэмээх хөөрхөн охин төрүүлж өгсөн Пүүжээ охиныхоо аавыг ард түмний мисс Д.Ариунцэцэгт алдаж, М.Хайрмаа хэмээх бас нэгэн охин энэ ертөнцөд мэндэлжээ. Дурлалын гурвалжин эл цуутай намтрыг уншигчид хангалттай сайн мэдэх учраас олныг нуршихыг үл хүслээ. Ямартай ч Пүүжээ амьдралынхаа дараагийн сонголтыг хийж, удахгүй 2 дахь хүүхдээ тэврэх гэж байгаа билээ.
Ийн 4 гэргийн нүүр үзсэн ноён Ц.Мянганбаяртай нэр холбогдож, хүүхдийг нь төрүүлсэн гэх эмэгтэйчүүд энэ дөрвөөр зогсохгүй. Хорь гаруй насны нэг хүү нь өдгөө Америкт амьдардаг бөгөөд аавтайгаа канондсон мэт адилхан гэдэг. Пүүжээ, Ариунцэцэг хоёрын дунд Анагаахад сурдаг бас нэг бүсгүйн сураг дуулдаж, хүүхдийг нь төрүүлсэн гэдэг. Хамгийн сүүлд энэ шинэ жилээр бас нэг хөл хүнд залуу бүсгүйтэй хөтлөлцөн ноён алтны магнат явсан гэнэ лээ. Тэгэхээр энэ эрхэм таваас илүү хэд ч юм бүсгүйгээр жагсаалтыг тэргүүлж байна.
Б.Жаргалсайхан: Цагтаа баян хүн л гэвэл Буянгийн Жаргалсайхан гэж боддог байв. Харин одоо энэ эрхэм олон эхнэртэйгээрээ толгой цохих болжээ. Бүх талаараа бусдаас өөр, онцгой энэ фигур бидний дунд амьдарч яваа нь бидний бас нэг бахархал. Хар залуугаасаа зах зээлийн шуурган дунд жийнс оёж, ганзага үүрч баялгаа бүтээсэн ноён Б.Жаргалсайхан шударга нь ч дэндсэн нэгэн. Ямартаа л сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хүний өөрийн 7 хүүхэд байна гэж байхав. Ингэхэд энэ эрхмийн олны өмнө ил гарсан ганц л хүү бий. Тэр нь анхны хүү Илья. Орос ээжтэй, аавтайгаа усны дусал мэт адилхан хүү нэлээн хэдэн жилийн өмнө аавынхаа зохион байгуулсан нэгэн шоуны үеэр хэвлэлийнхний овоо хараанд өртөж, олонд танигдаж байлаа.
Тэгвэл Бу.Жаргалсайхан ноёнтны дараагийн гэргий нь Энхтогтох хэмээх эрхэмсэг бүсгүй байдаг. “Буян кашмер”-таа дизайнер хийдэг, нэг ёсондоо энэ компанийн ноён нуруу нь болсон бүсгүй. Дараагийн гэргий Сэлэнгэ хэмээх бүсгүй. Стивен Сигалыг Монголд ирэхэд анх олны өмнө ил гарсан. Албан ёсны энэ 2 гэргийгээсээ гадна тэрээр “Эволюшн” хамтлагийнхаа 2 дуучин бүсгүйг ээж болгосон нь саяхных. Урлагт, цэвэр авьяасанд хөл алддаг ноён Б.Жаргалсайхан чухам энэ л сэтгэлээрээ 2 дуучин бүсгүйтэй учир ургуулсан гэдэг. Товчхондоо ноён Б.Жаргалсайхан 5 эхнэртэйгээрээ эл жагсаалтын эхний байрын төлөө өрсөлдөж байгаа юм.
Н.Ганбаяр: Алтны магнатын экс гэргий, топ модель Д.Пүрэвсүрэнтэй романс ургуулсанаар олны танил болсон та бидний шинэхэн танил. “Занаду майнз” уул уурхайн компанийн захирал, нууц хөрөнгөтөн эр эрхмийн анхны гэргий Уянга хэмээх бүсгүйг мөн л манай сэтгүүл анхлан уншигчдад танилцуулж байлаа. Бизнесийн гялалзсан ухаан, сүйхээ самбаагаас өөр юмгүй эгэл жирийн залуу байхад нь танилцаж, гэр бүл болсон Уянга бүсгүй энэ нөхрийн их баялаг, бизнесийн замыг засаж өгсөн буянтан гэдэг. Багш мэргэжилтэй, боловсрол өндөртэй, нөлөө бүхий Уянга бүсгүйн эцэг, эх нь охин, хүргэн хоёроо Австрали руу сургахаар явуулсан бөгөөд тэнд очихдоо сольж өмсөх костюмгүй шахуу байсан залуу ноён Ганбаяр найзуудаасаа өмсөх хувцас гуйн байж Австралийн уул уурхайн томчуудтай уулзаж, тэдний анхаарлыг амжилттайгаар Монгол руу хандуулж чадсан адтай, аатай бизнесмэн эр. Ингэж их бизнесийнхээ эхлэлийг амжилттай тавьсан тэрээр ёстой бор зүрхээрээ баялаг бүттээсэн шинэ цагийн үлгэр жишээ залуусын нэг.
Харамсалтай нь мөнгө хөрөнгөтэй болсноор ааш араншингаа өөрчилж, хувийн амьдралдаа өөрчлөлт оруулсан нь UBS music хөгжмийн хөтөлбөрийн хөтлөгч бүсгүй Халиунаа хэмээгчтэй 2 дахь амьдрал зохиож, анхны эхнэр, 2 хүүхдээ орхилоо. Энэ сонголтонд Халиунаа бүсгүй ч нэлээн их санаачлагтай оролцсон гэдэг. Тэд 7 жил хамт амьдарсны эцэст өнгөрсөн онд ноён Ганбаяр 3 дахь гэргийгээ сонгосон нь топ модель Пүүжээ билээ. Халиунаа бүсгүйгээс хүүхэд тэврээгүйг хэлэх үү, топ модель Пүүжээ их л хурдан хөл хүнд болсон нь 2 дахь амьдралдаа хөл тавьж буй бүсгүйчүүдийн хувьд тэр бүр хийдэг алхам биш. Магадгүй түрүүчийн гэргий нь хүүхэд төрүүлээгүй учраас Пүүжээ ийн яарсан биз хэмээн ойр дотныхон нь ярих. Юутай ч топ модель бүсгүй энэ зуны сүүлээр амаржиж, уул уурхайн залуу магнатад 3 дахь хүүхдийнх нь зулайг үнэрлүүлнэ.
С.Сүхбаатар: Агуу их Сэвжидийн хүү, Төрийн шагналт бүжиг дэглээч энэ эрхэм бас л нэг билэг танхай авьяастан. Амьдрал нь ч авьяас шигээ өвөрмөц байж иржээ. Гол энэ бүхнээ хэзээ ч, хаана нууж байсангүй. Түүний анхны гэргий Цэрэннадмид хэмээх бүсгүй байдаг. “Хар сарнай”-н Амарааг төрүүлсэн ээж. Анхны гэргийгээсээ салчихаад өөр нэг бүсгүйтэй хамтран амьдарч, хөөрхөн охин тэвэрчихээд байхдаа ноён С.Сүхбаатар 2 дахь амьдралдаа мөн л цэг тавьсан байдаг. Агуу их авьяасын дэнчин гэмээр ааширхуу, ойлгоход бэрх энэ эрхмийн насны хань нь өдгөө цайг нь чанаж, галыг нь манаж буй Г.Оюунжаргал хэмээх бүжигчин бүсгүй. Эр нөхрийнхөө шавь байхдаа бие биедээ сэтгэл алдарсан хосууд дундаасаа нэг хүүтэй. Жижиг Амараа хэмээх ахтайгаа бүх талаараа адилхан залуу эр сүүл үед “Хатарыш” хэмээх буриад ардын дуу дуулж, од болоод буй.
Г.Оюунжаргал хатагтайн тухайд мөн л нийтлэг бус дүр. Эргэлдсэн алаг нүдтэй энэ бүсгүй эрс шулуухан, ил цагаахан үгтэй. Үүгээрээ ч Төрийн соёрхолттой ийм олон жил ижилдэн дасаж амьдарч байгаа биз ээ. Тэрээр 20 настай байхдаа 38 настай С.Сүхбаатар ноёнтонтой учирч, амьдрал зохиожээ. Цэл залуухан бүжигчин бүсгүйг авч суухдаа бүжиг дэглээч эрхэм хэдийнэ хоёр амьдрал үзчихсэн байв. Цэрэннадмид гуайгаас салаад дахин бүсгүйтэй хамтран амьдарч байхдаа охинтой болсон бөгөөд тэр гэргий нь харин охиныхоо аавыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг гэдэг. Харин Цэрэннадмид гуай, хатагтай Г.Оюунжаргал хоёрын тухайд тун ч эв найртай, усны дусал мэт адилхан хөвгүүдээрээ холбогдсоных хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож эгч дүүс шиг ойр дотно байдаг гэдэг.
И.Нямгаваа: Билэг танхай авьяастай, билэг танхай авьяастай энэ эрхмийг И.Нямгаваа гэдэг. Нэрт кино найруулагч эр эгээтэй Холливудын од шиг амьдардаг гэж болно. Гурван гэргийн нүүр үзсэн түүний анхны бүсгүй нь Саха улсын гавьяат жүжигчин, Москвагийн театр урлагийн дээд сургууль дүүргэсэн сайхан бүсгүй байдаг гэдэг. Эрхэм найруулагчийн газар дээрх ганц хүүг төрүүлж өгсөн энэ бүсгүй хүүдээ аавынх нь нутгийн талаар сайхан дурсамж ярьж өгсөөр аав шигээ найруулагч мэргэжилтэй, аав шигээ Монгол эх оронд хайртай болгож өсгөжээ. ОХУ-ын гавьяат жүжигчин, кикбоксын дэлхийн хэмжээний нэртэй тамирчин хүүг нь Иванов, монгол нэрийг нь Билэгт гэдэг. “Чингис хааны нууц түүх” киноны продюсерээр ажиллаж, Саха улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Бүх Оросын киноны холбооноос шилдэг продюсер шагнал хүртсэн Билэгт хүү аавынхаа нутагт байн байн зочилдог.
И.Нямгаваа найруулагчийн дараагийн гэргий нь Ц.Батцэнгэл хэмээх бүсгүй. Том охин Сарнай, Алёна хоёрынх нь ээж энэ хатагтай циркийн бүжигчин байсан бөгөөд охидынхоо ааваас салж, Америкт амьдарч байхдаа буюу нас дээр гарсан хойноо америк эртэй хурим хийж, 2 дахь амьдралаа зохиож байсан түүхтэй. Тэрээр өдгөө Америкт монголчуудынхаа өндөр ээж мэт амьдардаг.
Харин дараагийн гэргийг нь Долгор гэдэг. Цагтаа цагаан Долгор нэртэй явсан цуутай сайхан бүсгүй И.Нямгаваа ноёнтонтой сууснаар урлагийн тайзнаасаа эгнэгт холдсон. Марал, Мичид хэмээх охид төрүүлж өгсөн энэ бүсгүй өдгөөг хүртэл эрхэм найруулагчийн цайг чанаж, галыг манаж буй. Хамгийн гайхалтай бас бахархууштай нь эрхэм найруулагчийн 2 монгол гэргий хоорондоо эгч дүүс шиг эв найртай байдаг төдийгүй бөмбөрцгийн хэдэн талаас хэрэг болгон цуглахдаа хүүхдүүдийнхээ ирээдүй, хувь тавилан, өөрсдийнхөө амьдралын зовлон жаргалыг ярилцаж хундага дарс хуваац ууцгаадаг гэдэг. Ийм либерал гэр бүл манайд хэд бол доо.
А.Сүхбат: Монголын ард түмний хамгийн хайртай бөх жижиг хэмээх А.Сүхбат аварга ойрын үед олон гэргий хүүхнүүдээрээ овоо алдаршаад буй. Даян аваргын анхны гэргий монгол бөхийн амьд домог Дархан аварга Х.Баянмөнхийн охин Б.Баясгалан хатагтай гэдгийг манайхан андахгүй. Даян аваргатай суухаасаа өмнө залуу насны алдаа амсаж, хүүтэй болсон хатагтай Б.Баясгалан бөхчүүдийн гэргий нар дундаас хамгийн үлгэр жишээ, үнэн журамтай бүсгүй. Олон ч жил наадмын ногоон асарт хонон өнжих шахам байж, эр нөхрийнхөө их амжилтын захыг мушгиж суусан бүсгүй ойрмогхон “Миний нөхрийн генийг авч үлдэх гэсэн бүсгүйчүүдийг буруутгахгүй” хэмээн цочир мэдэгдэл хийсэн нь олны гайхлыг бараад авсан. Тэрхүү ген авч үлдэх гээд байгаа бүсгүйчүүд нь Содоо, Гарамханд хэмээх бүсгүй. Аваргыг зодог тайлж, дуулиан дэгдээсний дараахан түүнийг дуучин Т.Ариунаагийн гэрийн үйлчлэгч бүсгүйтэй учир ургуулж, үр хүүхэдтэй болсон гэх яриа өвсөнд тавьсан түймэр мэт газар авлаа. Аварга ч тайлбар тавьсангүй. Харин сүүлд учрыг нь тайлахдаа хэвлэлүүд тэр бүсгүйг Содоо гэдэг бөгөөд Баянхонгор аймгийн Аюуш хэмээх хүчит арслангийн ач охин болохыг дэлгэсэн юм. Содоо бүсгүй Даян аваргаас 2 хүү төрүүлсэн гэх нь бий.
Тэгвэл дараагийн бүсгүй Н.Гарамханд хэмээх бүсгүй. Өнгөрсөн оны нэгэн том сенсааци байсан гэ болно. Шинэ оны өмнөхөн Даян аваргын залуу гэргий Н.Гарамханд 6 дахь хүүхдийг нь төрүүлжээ хэмээх шуугисан юм. Н.Гарамханд бүсгүйн тухайд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаж байгаад МУИС руу шилжсэн. “Тайхар” фитнесс клубийн аэробикийн багш мэргэжилтэй юм байна. Арвантавтайдаа спортын мастер цол хэргэм авсан Н.Гарамханд Олон улсын хэмжээний мастер цолтой. Энэ бүхний эцэст Б.Баясгалан хатагтай нөхрийнхөө генийг авч үлдэх гэж байгаа бүсгүйчүүдийг буруутгахгүй гэхдээ зүрхнийхээ үгийг хэлсэн бололтой. Олны ярих нь эр нөхрийнхөө 2 бүсгүйтэй Б.Баясгалан хатагтай тун ч ойр дотно байдаг аж.
Д.Жаргалсайхан: Урлагийн гавьяат зүтгэлтний хүү их урлагт санамсаргүй хөл тавьж, санаанд оромгүй амжилт гаргаж, ард түмний хайртай дуучин болсон нь Д.Жаргалсайхан гавьяат. Монголын рок попын амьд домог болсон “Чингис хаан” хамтлагийн ахлагч тэрээр нууц ноёнтон гэдгээрээ алдартай. Хувьдаа алтны уурхайтай гэгддэг хөрөнгөлөг дуучин 3 удаа гэрлэсэн манай цөөхөн олны танил эрхмүүдийн нэг. Гурван гэргийтэй бус 3 удаа гэрлэсэн гэхээр бас өөр л дөө.
Түүний анхны гэргий Туул хэмээх бүсгүй. Ууган хүү, “Сүнс”-ийн Ж.Замилангийнх нь ээж энэ бүсгүй буржгар Жагаа ноёнтонтой ёстой залуу халуун насны гэнэн хайр дурлалаар учирч, амьдрал хувь заяагаа холбож явсан гэдэг. Яльгүй зүйлээс болж хосууд 2 тийш болсон бөгөөд үүний дараа гавьяат дуучин эрхэм Туяа хэмээх бүсгүйтэй амьдралаа холбов. Эрдэнэт нутгаас гаралтай энэ бүсгүй Д.Жаргалсайхан ноёнтонд Тэнгэр хэмээх хүү төрүүлж өгсөн боловч хосууд мөн л хоёр тийш болсон нь Туяа бүсгүйн буруу байсан гэдэг. Ийн 2 гэрлээд бүтэлгүйтсэн рок попын амьд домог маань сүүлд Мөнхзул хэмээх ёстой зурсан зураг шиг үзэсгэлэн төгс, нас залуу, боловсон бүсгүйтэй учирч, нэг насны жаргалтай амьдралтайгаа золгож, хөөрхөн, хүү охин хоёртой болсон билээ. нууц ноёнтны энэхүү залуу, жавхаалаг гэргийг манай сэтгүүл өнгөрсөн онд анхлан танилцуулж байсныг уншигчид маань сайн санаж буй байх аа. “Зоос” банкинд теллер хийж байхад нь танилцаж, сэтгэл алдарсан Жагаа гавьяат залуу гэргийгээ өөрийнх болгож авах гэж бүсгүйн эцэг, эхийн эсэргүүцэлтэй нэлээн нүүр тулж байж, цаана нь гарсан гэдэг.
Энэ мэт гурван гэргийтэй, гурван бүсгүйг ээж болгосон эрчүүд манайд тун ч элбэг. Хоёр эхнэртэй эрчүүд ёстой сонин биш болсон энэ цаг үед гурван гэргийтэйг нь тоолоход бараг бэрх болжээ. Харин дуулиан шуугиантай, сонирхолтой, хачирхалтайг нь энд дурдлаа. Монголбанкны О.Чулуунбат ноёнтон, “Чоно”-ын Н.Энхболд гээд бичээд байвал овоо урт жагсаалт гарна.
Эх сурвалж: grandnews.mn
URL: