Балаг дагуулсан барилгын түүх…
Нэг хэсэг шуугиад мартдаг массын ой санамж “хөөрхөн”…
Хувийн ТВ, хувийн сэтгүүлч, судлаачтай байх юм бол түүгээрээ нэг бужигнуулаад “дайсан тэр байна” гээд зааж орхивол манай нийгэм зуудаг нохой шиг ухасхийхэд бэлэн…
- – - -
2016-3-31-ний өдөр ийм утгатай нийтлэлийг Ньюс.мн “Хямрал дуусвал барилгаа барина” нэртэй нийтэлж.
Барилгаа барьдаггүй, ухсан нүхний тоог нэмсэн компани бол алдарт 16 дугаар байрны дэргэдэх “БиЖиБиЖи” билээ. Энэ компанийн хувьд санхүүгийн асуудал бус, шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа. Зөвшөөрлөө хэтрүүлэн газар ухаж, 16 дугаар байрны оршин суугчдын аюулгүй байдалд харшилж байшинг нь хазайлгасан гэх “БиЖиБиЖи” компанийн газар эзэмших эрхийг цуцалснаар барилгын ажил зогсжээ.
Ингээд нүх ухсан “БиЖиБиЖи” компани шүүхэд ханджээ. Хэрвээ шүүхийн шийдвэр компанийн талд гарвал барилгын ажлаа үргэлжлүүлнэ.
–
Гэтэл яг энэ үйл явдлаас нь болж хазайсан байж магадгүй гэж үзсэн 16-р байрны суугчдыг нүүлгэж зочид буудлуудаар байрлуулах, хооллох, ундлах зардал нь 1 тэрбум төгрөг давсан гэж бас сайтууд бичсэн.
Барилга хоорондын зай 40 метр байх ёстой гэж заасан журмыг үл тоож байшинд нь тулгаж нүх ухсан буруутай компани тэр үед сохор улаан зоос төлөөгүй.
Бид мөнгөгүй гээд байсан.
Мөнгөтэйгээрээ төр 1 тэрбум төгрөгөө цацсан. БГД-ийн засаг дарга Оросоо тэр мөнгийг буруутай этгээдүүдээс гаргуулна гэж бүлтэрсэн. Тэр юу л бол.
Улс ард түмний гэгдэх эзэнгүй 1 тэрбум төгрөгийг төсөвт эргүүлж төл гээд хувийн компаниас нэхээд явж байх сэтгэлтэй төрийн албан хаагч монголд яг байж харагдахаар санагддаг. Тэгээд тэр мөнгө зардал болж хаягдах нь бараг үнэн болж таарна.
Ард түмнээ албадаж айлгаж татвар хураахдаа сайн манай төр энэ маягаар ард түмний мөнгийг дураараа салхинд хийсгэж үрдэг. Нийтийн саванд нь буцааж хийдэггүй.
- – - -
Хүний гэр орныг хазайж нуртал тулгаж том нүх ухахдаа мөнгөтэй байгаад байдаг, бүр 16 давхар орон сууцтай их дэлгүүрийн барилга барина гэж төлөвлөж чадсан байдаг, ухсан нүхнээс нь болж хажуугийн байр нь нурж магадгүй болж хүмүүсийг нь нүүлгэж шилжүүлж хооллож ундлах зардал үүсэхээр мөнгөгүй болчихдог “ЁС СУРТАХУУН”-ыг л би гайхаад байгаа юм.
- – - -
Төрд очиж, та нарын төлөө зүтгэнэ гэгчид л их болж. Сонгууль дөхөхөөр бүр нэмэгдэх юм. Жижигхэн баасан дээр битүүртэл шавсан бүдүүн бүдүүн батгана шиг.
Тэгээд тэд мөрөөрөө наймаа хийгээд, үйлдвэр байгуулаад амьдрах гэсэн жирийн хүмүүст хүнд суртлын хориг тавьж ганц гарын үсэгний төлөө төрийн байгууллагууд хоорондоо иргэнийг гүйлгэж саад гай болж сайхан амьдарна.
Төрийн мөнгийг дураараа цацаж үрнэ.
Улс төрчид бол бусдын мөнгөөр сайхан амьдрахаар уралдагчид гэж 150 жилийн өмнө ухаантнууд олж хараад хэлчихсэн байна. Үүнийг манайхан ухаартал өдий байна.
- – - -
Тиймээс манай улсын хувьд жирийн иргэнд хориг саад тавьж, авилга өгвөл саадаа чөлөөлж амьдрах гэж хорхойссон төрийн албан хаагчдыг цөөлж иргэдэд эрх чөлөөг нь олгомоор юм.
2016-04-26
http://www.facebook.com/photo.php?fbid=1124979844219976&set=a.562355700482396.1073741828.100001239146172&type=3&theater
URL: