ХУУРАМЧ ЦЕМЕНТ ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
НМХГ-ын улсын байцаагчид барилгын материалуудад хяналт шалгалт хийж байна. Шалгалтын үеэр ил задгайгаар худалдаалагдаж буй “МЕН ГАО” нэртэй савлагдсан цемент нь стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартаар 50 кг байхаас 47,48 кг жинтэй савлагдсан нь илэрчээ. Мөн барилгын материалын чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламж байхгүй аж.
БНХАУ-аас импортоор оруулж ирсэн “Мен гао” үйлдвэрийн цемент Монгол улсад 2016 оны зургадугаар сараас хойш орж ирээгүй байна. Уг цементийн сав баглаа боодлыг ашиглан цементийн орц найрлагад өөрчлөлт оруулж савлан худалдаалж байжээ. Цементээс дээж авч барилгын сорилын дүнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийж үзэхэд барьцалдах шинж чанарын хувьд чанарын шаардлага хангахгүй гарсан байна. Орц найрлагад ямар бүтээгдэхүүн хольсон тухай шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа аж.
Иймд ард иргэд барилгын материал худалдан авахдаа хуурамч бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлж, хаяг шошго, дагалдах баримт бичгийг сайтар үзэж авахыг зөвлөлөө.
Б.Орхон
URL: