“Эрдэнэс-Таван толгой” ХК төрийн албан хаагчдыг ”хахуульджээ”
“Эрдэнэс-Таван толгой” ХК энэ сарын 22-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Нийгмийн хариуцлага-Нээлттэй өдөрлөг 2017”-ийг зохион байгуулжээ. Өдөрлөгийнхөө үеэр хамтран ажилладаг “Шилдэг менежер”-үүдийг тодруулж, шагнаж урамшуулжээ. Ингэхдээ хил, гааль, цагдаа, иргэний харьяатын газар, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдыг тус бүрийг нь 500 мянган төгрөгөөр шагнажээ.
Тухайлбал:
Гашуун сухайт дахь Ухаа худагийн гаалийн салбараас И.Хишигбаяр
Гашуун сухайт дахь Ухаа худагийн гаалийн салбараас В.Ванданцэрэн
Өмнөговь гэрээт цагдаагийн тасгаас Ж.Отгонбаяр
Гадаадын иргэн харьятын өмнөд бүс дэх газраас Ц.Түвшинтүшиг
ХЦ 0131 анги Гашуун сухайт дахь шалган нэвтрүүлэх заставаас Д.Мөнхсүх
Авто тээврийн үндэсний төвөөс Н.Отгонсар
“Гашуун сухайт автозам” ХХК-иас М.Гансүх
Гашуун сухайт боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын хэсгээс Х.Чулуунхүү
Гашуун сухайт боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын хэсгээс Т.Мэндбаяр нарыг шагнасан байна. Товчхондоо “Эрдэнэс-Таван толгой” ХК хянаж шалгаж, цагддаг мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдыг шагнал урамшуулал нэрийн дор хахуульджээ. Харин энэ нь Төрийн албаны хууль, Ашиг сонирхлын хууль, Авлигын эсрэг хууль, хил хамгаалах байгууллагын албан хаагч, гаалийн улсын байцаагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг ил цагаан зөрчсөн үйлдэл болов.
Хуулийн заалтуудаас харвал:
1. Төрийн албаны тухай хууль:
5.1.5. албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх.
2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль (Ашиг сонирхлын тухай хууль):
16.1. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно.
17.3. Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна.
3. Авлигын эсрэг хууль:
4.1.3. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан нь 7.1.2-д зааснаар “бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах”-ыг хориглоно.
4. Ёс зүйн дүрмүүд
a. Хил хамгаалах байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэм
5.11. “Хил хамгаалах байгууллагын албан хаагч албан ажил, үүрэгтэй холбогдох авлигад өртөхгүй байх”
b. Гаалийн улсын байцагчийн ёс зүйн дүрэм
3.1.8. албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс шан харамж авахыг хориглоно.
c. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэм
6.3.6.Албан тушаал, хуулиар олгосон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглах, албан үүргээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулан бусдаас бэлэг сэлт, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, бусдын нөлөөнд автах, хууль бус бусад хангамж эдлэхийг цээрлэнэ.
Төрийн албан хаагчдыг ажил мэргэжлийг нь харгалзан хахуульдаж, илт хууль зөрчсөн “Эрдэнэс-Таван толгой” ХК-д ямар хариуцлага хүлээлгэх вэ?!
Линк: http://www.shuud.mn/content/read/482433.htm
URL: